Египетээс гарсан нь
33 Ехова цааш нь Мосед «Египетээс гаргасан ард түмнээ дагуулаад эндээс хөдлөгтүн. Үр удамд нь өгнө гэж Абрахам, Исаак, Иаковт миний тангарагласан нутаг руу яв. 2 Би та нарын өмнө тэнгэрийн элчээ илгээж канаанчууд, аморичууд, хитчүүд, перизчүүд, хивичүүд, иебусчуудыг хөөн зайлуулна. 3 Сүү балаар бялхсан нутаг руу яв. Та нар зөрүүд ард түмэн учраас би хамт явахгүй. Хамт явбал замд чинь хөнөөчхөж магад» гэжээ.
4 Ард олон энэ хатуу үгийг сонсоод хэн нь ч гоёл чимэглэлээ зүүсэнгүй. 5 Ехова Мосед «Израйлчуудад ингэж хэл. “Та нар зөрүүд ард түмэн. Би хормын төдийд л дундуур чинь явбал та нарыг хөнөөж магад. Тиймээс та нарыг яахаа бодож байх зуур гоёл чимэглэлээ зүүхгүй байж бай”» гэлээ. 6 Тийм учраас израйлчууд Хореб уулаас цаашаа явахдаа гоёл чимэглэлээ зүүсэнгүй.
7 Мосе майхан авч хуарангийн гадна, зайдуу бариад цугларалтын асар гэж нэрлэв. Еховагаас юм асуух гэсэн хүн бүр хуарангийн гаднах тэр цугларалтын асарт очдог байлаа. 8 Мосег цугларалтын асар луу явахад бүх хүн майхныхаа үүдэнд зогсоод асар луу ортол нь хардаг байв. 9 Мосег асар луу ормогц үүлэн багана асрын үүдэнд буун ирж, Мосег Бурхантай ярьж дуустал тэнд тогтдог байжээ. 10 Ард олон үүлэн багана асрын үүдэнд тогтохыг хараад бүгдээрээ майхныхаа үүдэнд бөхийдөг байв. 11 Ехова Мосетой хоёр хүн хоорондоо ярилцах мэт нүүр тулан ярилцдаг байлаа. Мосег хуаран руу буцахад туслах нь болох Нуны хүү Иошуа асарт үлддэг байжээ.
12 Мосе Еховад «Та надад “Энэ ард түмнийг удирдаад яв” гэж хэлсэн ч надтай хамт хэнийг явуулахаа хэлээгүй. Бас та надад “Би чамайг нэрээр чинь мэднэ*. Чи миний таалалд багтсан” гэж айлдсан билээ. 13 Хэрвээ би таны таалалд багтсан бол та надад өөрийнхөө тухай илүү ихийг мэдүүлээч*. Тэгвэл би таныг илүү сайн мэдэж аваад үргэлж таны таалалд багтах юм. Бас энэ үндэстэн таны ард түмэн гэдгийг битгий мартаач» гэжээ. 14 Тэгэхэд нь Бурхан: «Би өөрөө чамтай хамт явна. Би чамд амар тайвныг өгнө» гэхэд 15 Мосе: «Та хамт явахгүй бол биднийг эндээс битгий явуулаач. 16 Би ч, таны ард түмэн ч таалалд тань багтсанаа яаж мэдэх вэ? Та бидэнтэй хамт явахгүй бол би болон ард түмэн тань дэлхий дээрх бусад бүх үндэстнээс ялгарахгүй шүү дээ» гэлээ.
17 Ехова Мосед «Би чиний энэ гуйлтыг бас биелүүлнэ. Яагаад гэвэл чи миний таалалд багтсан. Би чамайг сайн мэднэ» гэхэд 18 Мосе: «Та надад сүр жавхлангаа харуулаач» гэжээ. 19 Харин Бурхан: «Би чиний урдуур өнгөрч, хамаг сайн сайхнаа чамд үзүүлнэ. Бас чиний өмнө Ехова гэдэг нэрээ тунхаглана. Би сайшаах хүнээ сайшааж, өршөөх хүнээ өршөөнө» гэлээ. 20 Бас «Намайг харсан хүн амьд үлдэхгүй учраас чи миний нүүрийг харж чадахгүй» гэв.
21 Ехова цааш нь «Чи миний дэргэд байгаа газарт, энэ хадан дээр зогс. 22 Би хажуугаар чинь өнгөрч цог жавхлангаа үзүүлэхдээ чамайг хадны завсарт байлгаж, өнгөрч явтлаа мутраараа халхална. 23 Дараа нь намайг мутраа авахад чи миний ар талыг харна. Харин миний нүүрийг харж чадахгүй» гэж айлдав.