Исаиа
51 Зөв шударгыг мөшгөгчид өө,
Еховагийн удирдлага зааврыг хайгчид аа, намайг сонс.
Та нарыг гаргаж авсан хадыг,
Та нарыг ухаж авсан газрыг хар.
2 Өөрсдийн эцэг Абрахамыг,
Та нарыг төрүүлсэн Сараг хар.
Дуудахад минь тэр ганцаархнаа байсан ч
Би түүнийг ивээж, өнөр болгосон.
3 Ехова Сионыг тайвшруулж
Бүх балгасыг нь тайтгаруулна.
Зэлүүд газрыг нь Еден шиг,
Цөлийг нь Еховагийн цэцэрлэг шиг болгоно.
Тэнд баяр хөөр, баясал цэнгэлээр цалгиж,
Талархал магтаал, аялгуут дуу сонсогдоно.
4 Ард түмэн минь ээ, анхаарлаа над руу хандуул.
Үндэстэн минь ээ, чих тавин сонс.
Би хууль гаргаж,
Шударга ёсыг ард түмнүүдэд гэрэл мэт болгоно.
5 Би удахгүй зөв шударгыг үйлдэнэ.
Би та нарыг аврах гэж байна.
Би мутраараа ард түмнүүдийг шүүнэ.
Арлын оршин суугчид надад найдаж,
Миний хүчинд* итгэнэ.
6 Дээшээ тэнгэр өөд хар.
Доошоо газар луу хар.
Тэнгэр нь утаа мэт замхарна.
Газар нь хувцас мэт элэгдэнэ.
Оршин суугчид нь дэлэнч мэт үхнэ.
Харин би бүрмөсөн аварна.
Зөв шударга байдал минь хэзээ ч дуусахгүй.
7 Зөв шударгыг мэддэг,
Миний хуулийг* зүрх сэтгэлдээ нандигнадаг хүмүүс ээ, намайг сонс.
Мөнх бус хүмүүст дооглуулахаас бүү ай.
Доромжлоход нь бүү зүрх алд.
8 Учир нь тэд дэнгийн эрвээхэйд хувцас мэт идүүлж,
Цагаан эрвээхэйд* ноос мэт залгиулна.
Харин миний зөв шударга байдал мөнхөд цэцэглэнэ.
Би бүх үеийнхнийг аварна».
9 Еховагийн мутар аа, сэрээч, сэрээч!
Хүч чадлаа үзүүлээч.
Эрт цагт, өмнөх үеийнхний үед сэрсэн шигээ сэрээч.
Рахабыг* хэсэгчин тасдаж,
Далайн мангасыг цоо хатгасан нь та биш гэж үү?
10 Тэнгисийг ширгээж, хөлгүй их усыг нь хатаан,
Тэнгисийн ёроолд зам гаргаж, буцаан худалдаж авсан хүмүүсээ гатлуулсан нь та биш гэж үү?
11 Еховагийн аварсан хүмүүс эргэж ирнэ.
Тэд баярлан хашхирсаар Сионд ирнэ.
Үүрдийн баяр баясгалан тэдний титэм болно.
Тэд баярлан хөөрч, баясан цэнгэнэ.
Гашуудан санаа алдахаа болино.
12 «Би өөрөө та нарыг тайвшруулдаг.
Чи* яагаад мөнх бус хүнээс,
Өвс мэт хагдрах хүмүүсээс айна вэ?
13 Чи яагаад Бүтээгч Еховагаа,
Тэнгэрийг дэлгэж, газрын суурийг тавьсан Нэгнийг мартав?
Дарлагчид* чамайг устгачих юм шиг,
Уурлан хилэгнэхэд нь чи өдөржин айж байсан.
Одоо тэд* хаана байна вэ?
14 Гинжлэгдээд бөхийсөн хүн удахгүй суллагдана.
Тэрбээр үхэхгүй, булшлагдахгүй.
Талхаар ч гачигдахгүй.
15 Би бол чиний Бурхан Ехова юм.
Би далайг хутгаж, давлагааг нь оволзуулдаг.
Миний нэр бол тэнгэрийн цэргийн жанжин Ехова.
16 Би чамаар үгээ тунхаглуулж,
Мутрынхаа сүүдрээр чамайг халхална.
Энэ нь тэнгэрийг тогтоож, газрын суурийг тавин,
Сионд “Чи миний ард түмэн” гэж хэлэхийн тулд юм.
17 Сэрээч! Сэрээч!
Еховагийн мутар дахь уур хилэнгийн аяганаас авч уусан Иерусалим аа, босооч!
Чи тэр хундагатайгаас уусан.
Ёроолыг нь гартал уугаад чи гуйвсан.
18 Төрүүлсэн хөвгүүдээс нь түүнийг дагуулах хэн ч байхгүй.
Өсгөсөн хөвгүүдийнх нь дунд түүний гараас хөтлөх хэн ч байхгүй.
19 Дараах хоёр гамшиг чамд тохиолдсон.
Сүйрэл ба хоосрол, өлсгөлөн ба илд!
Хэн чамайг өрөвдөх вэ?
Хэн чамайг тайвшруулах вэ?
20 Хөвгүүд чинь ухаан алдсан.
Тэд торонд орсон аргаль адил
Гудамж болгоны буланд хэвтсэн.
Ехова тэдэнд ихэд хилэгнэж, Бурхан чинь тэднийг шийтгэсэн».
21 Зовлон үзсэн, дарс уугаагүй хэр нь согтсон эмэгтэй чи
Үүнийг сонсооч.
22 Ард түмнээ хамгаалдаг Бурхан чинь, Эзэн Ехова чинь ийн айлдаж байна.
«Гуйвуулдаг юмтай аягыг би гараас чинь авна.
Хундагатайгаас, миний уур хилэнгийн аягатайгаас
Чи дахин хэзээ ч уухгүй.
23 Чамд “Доошоо бөхий. Бид чиний дээгүүр алхана” гэж хэлээд
Нурууг чинь газар мэт болгон,
Гудамж мэт алхаж байсан тамлагч нарт чинь
Би тэр аягатайг өгнө».