Хоёрдугаар хаад
14 Израйлын хаан Иехоахазын хүү Иехоашийн хоёрдугаар онд Иудагийн Иехоаш хааны хүү Амазиа хаан болов. 2 Тэрбээр 25 насандаа хаан болж Иерусалимд 29 жил төр барьсан юм. Эх нь Иерусалимынх бөгөөд нэрийг нь Иехоаддин гэдэг. 3 Амазиа Еховагийн зөв гэж үздэг зүйлсийг үйлдсээр байсан ч өвөг эцэг Давид шигээ байгаагүй юм. Бүхнийг эцэг Иехоаш шигээ үйлдсэн билээ. 4 Гэвч мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдсангүй. Ард олон мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, тахилын утаа суунаглуулсаар байлаа. 5 Амазиа засаглалыг гартаа бүрэн авмагцаа хаан эцгийнх нь амийг хороосон албатуудыг хөнөөжээ. 6 Харин тэдгээр алуурчдын хөвгүүдийг хөнөөгөөгүй юм. Энэ нь «Хүүхдийнх нь хийсэн юмнаас болж эцгийг нь, эцгийнх нь хийсэн юмнаас болж хүүхдийг нь хөнөөх ёсгүй. Харин хүн бүр өөрийнхөө үйлдсэн нүглээс болж цаазлуулбал зохино» гэж Мосегийн хуулийн номд бичигдсэн байдаг Еховагийн тушаалыг дагасан хэрэг байлаа. 7 Тэрбээр Давст хөндийд едомчуудтай тулалдаад 10 000 хүнийг нь хөнөөж, Селаг эзэлж авсан юм. Тэгээд тэр хотыг Иоктеел гэж нэрлэсэн бөгөөд одоо ч энэ нэрээрээ байгаа.
8 Дараа нь Амазиа Израйлын хаан Иехүгийн ач, Иехоахазын хүү Иехоаш руу элч нараа илгээж «Хоёулаа халз тулалдъя» гэж хэлүүлэв. 9 Тэгэхэд нь Израйлын хаан Иехоаш Иудагийн хаан Амазиад хэл хүргүүлж «Ливаны өргөст ургамал Ливаны хушинд “Охиноо миний хүүд эхнэр болгон өгөөч” гэж хэлүүлжээ. Гэтэл Ливаны зэрлэг араатан хажуугаар нь өнгөрч яваад өргөст ургамлыг гишгэлчхэв. 10 Чиний Едомыг ялсан чинь үнэн. Тэгээд зүрх сэтгэл чинь бардам болжээ. Сүр жавхландаа баясан гэртээ байгтун. Чи юунд гай дуудаж Иудаг өөртэйгөө хамт унагах гээд байгаа юм бэ?» гэж хэлүүлжээ. 11 Гэсэн ч Амазиа үг авсангүй.
Тиймээс Израйлын хаан Иехоаш явж Иудагийн Бет-шемешт Иудагийн хаан Амазиатай халз тулалдлаа. 12 Иуда Израйлд ялагдаж, Иудагийн цэргүүд гэр гэр лүүгээ зугтав. 13 Израйлын хаан Иехоаш Бет-шемешт Ахазиагийн ач, Иехоашийн хүү, Иудагийн хаан Амазиаг олзлоод Иерусалим руу авч явлаа. Тэгээд Иехоаш Иерусалимын хэрмийг Ефраимын дааман хаалганаас Булангийн дааман хаалга хүртэл 400 тохой* газар нураажээ. 14 Бас хааны ордны эрдэнэсийн сангуудаас болон Еховагийн өргөөнөөс олдсон бүх алт мөнгө, бүх эд хэрэгслийг авч, олзолсон хүмүүстэйгээ хамт Самари луу буцжээ.
15 Иехоашийн бусад түүх, түүний хүч чадал, хийж бүтээсэн бүхэн, Иудагийн хаан Амазиатай хэрхэн дайтаж явсан тухай нь Израйлын хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү? 16 Иехоаш эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрссон бөгөөд түүнийг Самарид оршуулав. Оронд нь хүү Иеробоам* нь хаан болжээ.
17 Иудагийн хаан Иехоашийн хүү Амазиа нь Израйлын хаан Иехоахазын хүү Иехоашийг нас барсны дараа 15 жил амьдарсан юм. 18 Амазиагийн бусад түүх Иудагийн хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү? 19 Иерусалимд Амазиагийн эсрэг хуйвалдаан гарсанд Амазиа Лахиш руу зугтав. гчид араас нь хүмүүс явуулахад тэд Амазиаг Лахишт хөнөөжээ. 20 Тэгээд тэд цогцсыг нь морьд хөллөсөн тэргээр зөөн Иерусалимд авчирч Давидын хотод, эцэг өвгөдийнх нь булшинд оршуулжээ. 21 Тиймээс Иудагийн ард олон бүгдээрээ 16 настай Азариаг* эцэг Амазиагийнх нь оронд хаан болгов. 22 Амазиа хааныг эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрссоны дараа Азариа Елатыг Иуда руу эргүүлэн авч сэргээн босгожээ.
23 Иудагийн хаан Иехоашийн хүү Амазиагийн 15 дугаар онд Израйлын Иехоаш хааны хүү Иеробоам Самарид хаан болж 41 жил төр барив. 24 Тэрбээр Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг хийсээр байсан юм. Израйлаар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглийг бүгдийг нь үйлдсэнээр барахгүй үйлдэхээ хэзээ ч больсонгүй. 25 Израйлын Бурхан Ехова Гат-хеферийн зөнч, Амиттаин хүү, өөрийнхөө үйлчлэгч Ионагаар хэлүүлсэн ёсоор Иеробоам нь Лебо-хаматаас* Арабагийн тэнгис* хүртэлх нутагт Израйлын хилийг дахин тогтоожээ. 26 Учир нь Ехова израйлчуудын асар их зовж шаналж байгааг харсан юм. Израйлд туслах нэг ч хүн, бүр өрөвдөлтэй, сул дорой хүн ч үлдээгүй байв. 27 Гэхдээ Ехова Израйлын нэрийг тэнгэрийн доороос арчин хаяхгүйгээ амласан байв. Тиймээс тэднийг Иехоашийн хүү Иеробоамаас аварчээ.
28 Иеробоамын бусад түүх, түүний хүч чадал, хийж бүтээсэн бүхэн, хэрхэн дайтсан, Дамаск, Хамат хотуудыг Израйлын Иудагийн эрхшээлд хэрхэн дахин оруулсан зэрэг нь Израйлын хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү? 29 Иеробоам өөрийнхөө эцэг өвгөд болох Израйлын хаадын нэгэн адил нойрсжээ. Оронд нь хүү Зехариа нь хаан болов.