Хосеа
1 Иудагийн хаан Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын үед, мөн Израйлын хаан Иоашийн хүү Иеробоамын үед Бееригийн хүү Хосеад* ирсэн Еховагийн үг. 2 Ехова Хосеагаар дамжуулан үгээ айлдаж эхэллээ. Ехова Хосеад «Явж эхнэр ав. Тэр эмэгтэй хожим нь завхайрч яваад чамд хүүхдүүд төрүүлж өгнө. Энэ нутаг завхай эм шиг авирласнаасаа болж Еховаг дагахаа бүрмөсөн больсон юм» гэж хэлэв.
3 Ингээд Хосеа явж, Диблаимын охин Гомертой гэрлэв. Гомер жирэмслэн хүү төрүүлжээ.
4 Тэгэхэд нь Ехова Хосеад «Хүүд Иезреел* гэдэг нэр өг. Учир нь Иезреелд урсгасан цусны төлөө би удахгүй Иехүгийн үр удмыг шийтгэж, Израйлын хаадын угсааг тасална. 5 Тэр өдөр би Иезреелийн хөндийд Израйлын нумыг хугална» гэлээ.
6 Гомер дахин жирэмсэлж охин төрүүлэв. Бурхан Хосеад «Түүнийг Ло-рухама* гэж нэрлэ. Учир нь би Израйлын үр удмыг өршөөхөө болино. Би тэднийг заавал зайлуулна. 7 Харин Иудагийн үр удмыг өршөөж, аварна. Тэдний Бурхан Ехова би аврахдаа нум, илд, дайн, хүлэг морьд, морьтнуудын алийг нь ч ашиглахгүй» гэж айлдав.
8 Ло-рухамаг хөхнөөс гарсны дараа Гомер дахин жирэмсэлж хүү төрүүлжээ. 9 Тэгэхэд Бурхан ийн хэлсэн нь: «Түүнийг Ло-амми* хэмээн нэрийд. Учир нь та нар миний ард түмэн биш, би та нарын Бурхан биш.
10 Израйлын ард түмэн хэмжиж тоолж баршгүй далайн эргийн элс мэт олон болно. Тэгээд би тэдэнд “Та нар миний ард түмэн биш” гэж хэлсэн яг тэр газраа тэднийг “Амьд Бурхны хүүхдүүд” гэнэ. 11 Израйл, Иудагийн ард түмэн нэгдэж, нэг удирдагчийг сонгон тэр газраас гарна. Иезреелийн хувьд гайхамшигтай өдөр байх болно.