Нахум
1 Ниневег шүүх мэдээ. Елкош хүн Нахумын* үзсэн үзэгдлийн ном.
2 Ехова гагцхүү өөрт нь чин үнэнч байхыг шаарддаг, өшөө авдаг Бурхан
Ехова өшөө авдаг, уурлан хилэгнэдэг
Ехова өстнүүдээсээ өшөө авдаг
Дайснууддаа гаргах гэж хилэнгээ хадгалдаг
3 Ехова уураа барьдаг, агуу их хүчтэй
Гэвч Ехова зохих шийтгэлийг заавал оноодог
Түүнийг алхахад хөнөөлт салхи шуурга шуурч
Хөл доор нь үүлс шороо мэт манардаг
4 Тэрбээр тэнгисийг зэмлэж, хатаадаг
Бүх гол мөрнийг ширгээдэг
Башан болон Кармел хатаж
Ливаны цэцэгс хорчийдог
5 Түүнээс болж уулс чичирхийлж
Толгод хайлдаг
Түүний царайнаас болж дэлхий сэгсрэгдэн
Газар болон дээр нь амьдардаг бүхэн доргино
6 Түүний уур бухимдлыг хэн тэсэх вэ?
Шатаж буй уурыг нь хэн тэсвэрлэж чадах вэ?
Түүний хилэн гал мэт дүрэлзэнэ
Түүнээс болж хад асга бутарна
7 Ехова бол сайн, зовлонгийн өдөр бат цайз
Өөрт нь хоргодохоор ирэгсдэд санаа тавьдаг
8 Тэрбээр Ниневег үерээр бүрмөсөн устгана
Бурхны дайснуудыг харанхуй мөшгөнө
9 Та нар Еховагийн эсрэг юу сэднэ вэ?
Тэрбээр бүрмөсөн устгана
Нэг л удаа устгана
10 Учир нь тэд орооцолдсон өргөст бут мэт ажээ
Буудайн шар айрганд согтсон хүн мэт ажээ
Тэднийг хатсан тарианы ёзоор мэт шатаана
11 Учир нь Еховагийн эсрэг хорон мууг сэддэг
Ашиггүй зөвлөгөө өгдөг нэгэн тэднээс гарна
12 Ехова ийн айлдаж байна
«Тэд их чадалтай, олуулаа боловч
Устгагдаж, мөхнө
Би чамайг* зовоосон ч дахиж зовоохгүй
13 Одоо би түүний буулгыг чамаас авч хаяна
Чиний гав дөнгийг тасдаж хоёр хуваана
14 Ехова би чиний* талаар ийн шийдсэн
“Чиний нэр цаашид дурсагдахгүй
Би бурхдын чинь өргөөнөөс* сийлмэл шүтээн, цутгамал баримлуудыг зайлуулна
Булшийг чинь бэлдэнэ. Учир нь чи жигшүүртэй юм”
15 Сайн мэдээ авчирдаг
Амар тайвныг тунхаглагчийн хөл уулсын дээр байна
Иуда! Баяр наадмуудаа тэмдэглэ, тангаргуудаа биелүүл!
Учир нь хорон муу хүн дахиж чам руу довтлохгүй
Тэр бүрмөсөн устгагдана».