Нахум
2 Тараан бутаргагч чам руу* очиж байна
Бэхлэлтүүдээ хамгаал
Замаа сахин хамгаал
Бэлтгэлээ базааж, асар их бяр чадалтай бологтун
2 Ехова Иаковын сүр жавхланг
Израйлын сүр жавхланг сэргээнэ
Учир нь сүйрүүлэгчид тэднийг сүйрүүлж
Нахиаг нь сүйтгэсэн
3 Хүчит эрсийнх нь бамбай улаанаар будагджээ
Дайчид нь улаан хүрэн хувцас өмсжээ
Түүнийг тулаанд бэлдэх өдөр
Дайны тэрэгнүүдийнх нь төмөр тоноглол гал мэт гялтганаж
Цэргүүд нь арц модон жадаа далайдаг
4 Дайны тэрэгнүүд гудамжаар галзуурсан мэт уралдаж
Хотын талбайгаар нааш цааш давхидаг
Шатаж буй бамбар мэт гэрэлтэж, цахилгаан цахих мэт гялсхийдэг
5 Тэрбээр* шилмэл эрсээ цуглуулна
Тэд явахдаа бүдэрнэ
Тэд хэрэм рүүгээ яаран очиж
Хаалт барьж босгоно
6 Мөрний дааман хаалга нээгдэж
Ордон сүйднэ
7 Шийдвэр нэгэнт гарсан
Түүнийг нүцгэлж, олзолж авч явна
Шивэгчид нь ёолно
Цээжээ дэлдэхдээ тагтаа мэт дуугарна
8 Цагтаа цөөрөм мэт байсан Ниневегээс
Одоо хүмүүс нь зугтаж байна
«Зогс! Зогс!» гэсэн ч
Хэн ч эргэж ирэхгүй байна
9 Алт мөнгийг нь тоно!
Тэд хэмжээгүй их эрдэнэстэй
Бүх төрлийн үнэт зүйлийг нөөцөлсөн
10 Хот эзгүйрэн хоосорч, сүйрчээ
Тэдний зүрх үхэж, өвдөг нь салганаж, ташаа нь чичирчээ
Бүгдийнх нь царай хувхай цайжээ
11 Залуу арслангуудын олзоо иддэг
Гүегээ дагуулаад гардаг байсан үүр одоо хаана байна вэ?
Тэнд тэд айх аюулгүй байсан сан
12 Арслан багалзуурдсан олзоо урж тасдан
Гүегүүдээ цатгаж, эрслэнгүүдээ тэжээдэг байсан сан
Үүрээ олзоор, агуйгаа тасадчуулсан амьтдаар
Дүүргэдэг байсан сан
13 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова:
«Би чам руу довтолно
Дайны тэрэгнүүдийг чинь юу ч үгүй болтол нь шатаана
Залуу арслангуудыг чинь илдээр хөнөөнө
Олз олдгийг чинь би болиулна
Элчүүдийн чинь дуу дахин сонсогдохгүй» гэж тунхаглаж байна.