Дуулал
Удирдаачид: чавхдаст хөгжимтэй дуулна. Маскил*. Давидын дуу.
55 Бурхан минь ээ, залбирлыг минь сонсооч.
Өршөөл нигүүлсэл гуйхад минь бүү үл тоомсорлооч*.
2 Намайг анхаарч, надад хариулаач.
Би санаа зовсноосоо болоод тайван биш байна.
Сэтгэл минь үймрээд байна.
3 Яагаад гэвэл дайснууд намайг сүрдүүлж,
Муу хүмүүс намайг дарамталж байна.
Тэд надад их зовлон учруулж,
Уурлан хилэгнэж, намайг маш ихээр үзэн ядаж байна.
4 Зүрх минь шимширч,
Би үхэхээс айж байна.
5 Би айсандаа дагжин чичирч байна.
Бие минь жихүүцэж байна.
6 Би үргэлж ингэж хэлдэг. «Тагтаа мэт жигүүртэй ч болоосой.
Алсад нисэн очоод аюулгүй амьдрах сан.
7 Тэртээд зугтан одоод
Эзгүй хээр орогнох сон. (Села)
8 Хүчит салхи, догшин шуурганаас дайжин
Хоргодох газарт хурдхан очих сон».
9 Ехова минь ээ, тэднийг үймүүлж төлөвлөгөөг нь нураагаач.
Учир нь би хотод хүчирхийлэл, тэмцэл байгааг харсан.
10 Эдгээр нь өдөр шөнөгүй хотын хэрмэн дээгүүр явдаг.
Хотод гай зовлон нүүрлэж, хүмүүс нь хорон санаагаар дүүрчээ.
11 Тэнд сүйрэл бий.
Олон хөлийн газраас нь дарлал, заль мэх салдаггүй.
12 Намайг тохуурхдаг нь дайсан биш.
Тийм байсан бол би тэсэх сэн.
Миний эсрэг боссон нь өстөн биш.
Тийм байсан бол би түүнээс нуугдах сан.
13 Гэтэл тэр нь надтай зиндаа нэгтэй,
Дотнын анд чи шүү дээ.
14 Бид үй зайгүй найзууд байлаа.
Олон түмэнтэй цуг Бурхны өргөө рүү алхдаг байлаа.
15 Надад дайсагнагчид сүйрээсэй!
Амьдаараа Булшинд* ороосой!
Учир нь тэдний гэр орон, зүрх сэтгэл нь хорон санаагаар дүүрэн.
16 Харин би Ехова Бурхныг дуудна.
Тэрбээр намайг аварна.
17 Өглөө, үд дунд, оройд би зовж шаналан, ёолон гасалдаг.
Тэрбээр дуу хоолойг минь сонсдог.
18 Тэрбээр дайснуудаас намайг аварч, амар жимэр амьдруулна.
Учир нь асар олон хүн над руу дайрч байна.
19 Эрт цагаас сэнтийдээ залрагч Бурхан
Намайг сонсож, тэдэнтэй тулалдана. (Села)
Тэд өөрчлөгдөхийг хүсдэггүй.
Бурхнаас эмээдэггүй.
20 Тэрбээр* өөртэй нь эвтэй байсан хүмүүс рүү дайрсан.
Тэрбээр гэрээгээ зөрчсөн.
21 Үг яриа нь цөцгийн тосноос ч зөөлөн боловч
Сэтгэл зүрхэнд нь дайсагнал бий.
Үг яриа нь тосноос ч тааламжтай боловч
Хуйнаас нь сугалсан илд мэт байдаг.
22 Ачаагаа Еховад үүрүүл.
Тэр чамайг тэтгэнэ.
Зөв хүнийг хэзээ ч унагахгүй*.
23 Харин муу хүмүүсийг Бурхан минь та гүн ангалд хаяна.
Хүн алдаг, хууран мэхэлдэг хүмүүс насныхаа талыг ч наслахгүй.
Би бол танд найдна.