Исаиа
7 Уззиагийн ач, Иотамын хүү, Иудагийн хаан Ахазын үед Сирийн хаан Резин болон Ремалиагийн хүү, Израйлын хаан Пека дайтахаар ирсэн боловч Иерусалимыг эзлэн авч чадсангүй. 2 «Сири Ефраимтай хүчээ нэгтгэлээ» гэсэн мэдээ Давидын өргөөнд иржээ.
Тэгэхэд Ахаз болон ард түмний зүрх чичирсэн нь ойн модод салхинд найгахтай адил байв.
3 Ехова Исаиад «Чи өөрийн хүү Шеар-иашубаа дагуулж яваад угаагчийн талбай руу явдаг төв замын хажууд байдаг дээд цөөрмийн усны шугамын үзүүрт Ахазтай уулзаарай. 4 Тэгээд ингэж хэл. “Тайван бай. Шатаж дуусаж байгаа хоёр тайрдас шиг Сирийн хаан Резин болон Ремалиагийн хүүгээс бүү ай, бүү зүрх алд. 5 Учир нь Сири улс Ефраимтай, мөн Ремалиагийн хүүтэй нийлж, чиний эсрэг хуйвалдан 6 «Иуда руу явж, түүнийг хэдэн хэсэг болгон тасчиж*, эзлэн аваад* Табеелийн хүүг хаанаар өргөмжилье» гэж хэлсэн.
7 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна.
«Тэр нь бүтэхгүй.
Тийм юм болохгүй.
8 Учир нь Сирийн тэргүүн нь Дамаск,
Дамаскийн тэргүүн нь Резин юм.
Ердөө 65 жилийн дотор
Ефраим бутарч, ард түмэн байхаа болино.
9 Ефраимын тэргүүн нь Самари,
Самарийн тэргүүн нь Ремалиагийн хүү юм.
Та нар бат итгэлтэй байхгүй бол
Бат тогтохгүй»”» гэлээ.
10 Ехова Ахазад цааш нь ийн хэлэв. 11 «Ехова Бурхнаасаа тэмдэг гуй. Тэр нь Булш* шиг гүн, тэнгэр шиг өндөр байлаа ч гуй». 12 Гэвч Ахаз: «Би гуйхгүй, Еховаг сорихгүй» гэж хэлэв.
13 Тэгэхэд нь Исаиа ийн хариуллаа. «Давидын үр удам аа, та нар сонс. Хүний тэвчээрийг барсан чинь багадаад Бурхны тэвчээрийг барах нь уу? 14 Тиймээс Ехова өөрөө та нарт тэмдэг үзүүлнэ. Юу гэвэл, залуу эмэгтэй жирэмсэлж хүү төрүүлээд Иммануел* гэж нэрлэнэ. 15 Тэр хүү муугаас татгалзаж, сайныг сонгож сурахаараа цөцгийн тос, зэрлэг зөгийн бал иднэ. 16 Хүүг муугаас татгалзаж, сайныг сонгож сурахаас өмнө та нарын айгаад байсан хоёр хааны газар нутаг бүрмөсөн эзгүйрнэ. 17 Ехова Ахаз танд, таны ард түмэнд, эцгийн тань гэр бүлд Ефраимыг Иудагаас салснаас хойш болж байгаагүй цаг үеийг авчирна. Тэрбээр Ассирийн хааныг тан руу довтлуулна.
18 Тэр өдөр Ехова исгэрэн алс холын Египетийн Нил мөрний олон салаанд байдаг ялаануудыг, Ассири нутгийн зөгийнүүдийг дуудаж авчирна. 19 Тэдгээр нь бүгд ирж эгц хавцал, хадны завсар, өргөст бут, устай газруудад үүрлэнэ.
20 Тэр өдөр Ехова Их мөрний* нутгаас зээлсэн тонгорог буюу Ассирийн хаанаар толгой, хөлийн чинь үсийг хусуулж, сахлыг чинь авхуулна.
21 Мал сүрэгтэй байсан хүн тэр өдөр ганц гунжин үнээ, хоёр хоньтой үлдэнэ. 22 Сүү элбэгтэй учир тэрбээр цөцгийн тос иднэ. Тэр нутагт үлдсэн хүн бүр цөцгийн тос, зэрлэг зөгийн бал иднэ.
23 1 000 шекел мөнгөний үнэтэй 1 000 усан үзмийн мод ургаж байсан газрууд тэр өдөр өргөст бут, хогийн ургамалд баригдана. 24 Хүмүүс айж чичирсээр* нум сумтайгаа тийшээ очно. Учир нь тэр газар бүхэлдээ өргөст бут, хогийн ургамалд баригдсан байх юм. 25 Урьд нь зээтүүгээр зэрлэгийг нь авдаг байсан уулс өргөст бут, зэрлэг ургамалд баригдах тул та нар тийш ойртож очихгүй. Тэдгээр нь бух идээшилж, хоньд гишгэчдэг газар болно».