Исаиа
62 Зөв шударга байдал нь хурц гэрэл мэт гийтэл,
Аврал нь бамбар мэт астал
Сионы төлөө би дуугүй байхгүй.
Иерусалимын төлөө би зүгээр суухгүй.
2 «Эмэгтэй минь, үндэстнүүд зөв шударгыг чинь үзнэ.
Бүх хаан суу алдрыг чинь харна.
Чамайг шинэ нэрээр дуудна.
Тэр нэрийг Ехова өөрөө чамд өгнө.
3 Чи Еховагийн мутар дахь үзэсгэлэнт титэм,
Бурхныхаа алган дээрх хааны малгай болно.
4 Чамайг цаашид хаягдсан эмэгтэй гэхгүй.
Газрыг чинь хойшид эзгүйрсэн гэхгүй.
Харин чамайг “Миний баяр баясгалан” гэж дуудна.
Газрыг чинь “Гэрлэсэн эмэгтэй” гэж нэрлэнэ.
Учир нь Ехова чамд баярлана.
Газар чинь гэрлэсэн эмэгтэй шиг болно.
5 Залуу хүн онгон бүсгүйтэй гэрлэдэг шиг
Оршин суугчид чинь чамтай гэрлэнэ.
Сүйт залуу нь сүйт бүсгүйгээ хараад баярладаг шиг
Бурхан чинь чамайг хараад баярлана.
6 Иерусалим аа, би чиний хэрмэн дээр харуулууд тавьсан.
Тэд өдөр ч, шөнө ч, хэзээ ч дуугүй байх ёсгүй.
Еховагийн тухай ярьдаг та нар
Бүү амар.
7 Иерусалимыг сэргээн босготол нь,
Энэ хотыг дэлхий дахинд алдаршуултал нь түүнийг бүү амраа».
8 Ехова хүчит баруун мутраа өргөөд ийн тангараглав.
«Би үр тариаг чинь дайснуудын хоол болгохгүй.
Хөдөлмөр шингэсэн шинэ дарсыг чинь харийнханд уулгахгүй.
9 Ургац хураагчид үр тариа идээд Еховаг магтана.
Усан үзэм хураагчид миний ариун хашаанд дарс ууна».
10 Хаалгаар гар, хаалгаар гар.
Хүмүүсийн төлөө зам цэвэрлэ.
Их зам тавь, их зам тавь.
Чулуунуудыг зайлуул.
Ард түмнүүдийн төлөө туг босго.
11 Ехова дэлхийн хязгаар хүртэл ийн тунхаглав.
«Сионы охинд*
“Чи удахгүй аврагдана.
Тэрбээр өгөх шагналаа,
Олгох цалингаа гартаа барьжээ” гэж хэл».
12 Тэднийг ариун ард түмэн, Еховагийн буцаан худалдаж авсан хүмүүс гэнэ.
Чамайг «Хүслэнт хот», «Хаягдаагүй хот» гэж нэрлэнэ.