Даниел
3 Небухаднезар хаан 60 тохой* өндөр, 6 тохой* өргөн алтан баримал хийж, Вавилон муж дахь Дурагийн талд босгожээ. 2 Тэгээд Небухаднезар хаан амбан захирагчид*, ноёд, түшмэд, зөвлөхүүд, сангийн нярвууд, шүүгчид, хэв журам сахиулагчид болон мужуудын бүх засаг ноёныг өөрийн босгосон баримлын нээлтийн ёслолд дуудуулав.
3 Ингээд амбан захирагчид, ноёд, түшмэд, зөвлөхүүд, сангийн нярвууд, шүүгчид, хэв журам сахиулагчид болон мужуудын бүх засаг ноён Небухаднезар хааны босгосон баримлын нээлтийн ёслолд хүрэлцэн ирж, хуран цуглав. Тэд Небухаднезар хааны босгосон баримлын өмнө зогслоо. 4 Зарлагч чанга дуугаар тунхаглан «Ард түмнүүд, үндэстэн ястнууд, олон хэлийн хүмүүс ээ, та бүхэн хааны тушаалыг сонсоцгоо. 5 Та нар эвэр бүрээ, цуур, ятга, босоо ятга, лир*, хөөрөгт цуур гээд бүх төрлийн хөгжмийн зэмсэг дуугарахыг сонсмогцоо сөхөрч суугаад, Небухаднезар хааны босгосон алтан барималд мөргөгтүн. 6 Сөгдөж мөргөөгүй хэнийг ч дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаяна» гэлээ. 7 Эвэр бүрээ, цуур, ятга, босоо ятга, лир*, хөөрөгт цуур гээд бүх төрлийн хөгжмийн зэмсэг дуугармагц бүх ард түмэн, үндэстэн, хэлтэн сөхөрч суугаад Небухаднезар хааны босгосон алтан барималд мөргөв.
8 Тэгтэл халдейчуудын зарим нь хаан дээр очиж еврейчүүдийн талаар хов хүргэв*. 9 Тэд Небухаднезар хаанд хэлсэн нь: «Хаан мөнх наслах болтугай. 10 Хаантан таны тушааснаар эвэр бүрээ, цуур, ятга, босоо ятга, лир*, хөөрөгт цуур гээд бүх төрлийн хөгжмийн зэмсэг дуугармагц хүн бүр сөхрөн сууж алтан барималд мөргөх ёстой бөгөөд 11 сөгдөж мөргөөгүй хэнийг ч дүрэлзсэн галтай зууханд хаяна гэсэн билээ. 12 Гэтэл Вавилон мужийн удирдах албанд таны томилсон хэдэн еврейчүүд байна. Шадрах, Мешах, Абед-него гэдэг энэ хүмүүс хаантан таныг хүндлэхгүй юм. Эд нар таны бурхдыг шүтдэггүй. Одоо таны босгосон алтан барималд мөргөхгүй байна».
13 Небухаднезар хилэгнэн уурлаж Шадрах, Мешах, Абед-него нарыг авчрахыг тушаав. Тэднийг хааны өмнө авчирлаа. 14 Небухаднезар тэднээс асуусан нь: «Шадрах, Мешах, Абед-него нар аа, та нар миний бурхдыг шүтэхгүй, миний босгосон алтан барималд мөргөхгүй байгаа чинь үнэн үү? 15 Одоо та нар эвэр бүрээ, цуур, ятга, босоо ятга, лир*, хөөрөгт цуур гээд бүх төрлийн хөгжмийн зэмсэг дуугарахыг сонсоод миний бүтээсэн барималд сөгдөж мөргөвөл сайн сан. Харин мөргөхгүй бол дүрэлзсэн галтай зууханд та нарыг тэр дор нь хаяна гэж мэдээрэй. Та нарыг миний гараас аварч чадах ямар бурхан байна вэ?».
16 Шадрах, Мешах, Абед-него нар хаанд хариулсан нь: «Небухаднезар хаан минь, энэ талаар хэлэх юм алга аа. 17 Хэрэв ийм явдал гарах нь зайлшгүй бол, хаантан минь, шүтдэг Бурхан маань биднийг дүрэлзсэн галтай зуухнаас, таны гараас аварч чадна. 18 Аврахгүй байлаа ч, хаантан минь, бид таны бурхдыг шүтэхгүй, таны босгосон алтан барималд мөргөхгүй гэдгээ танд мэдэгдье».
19 Тэгмэгц Небухаднезарын царай хувьс хийж* Шадрах, Мешах, Абед-него нарт хилэгнэн уурлав. Тэгээд зуухыг ердийнхөөс долоо дахин хүчтэй галлахыг тушаалаа. 20 Мөн Шадрах, Мешах, Абед-него нарыг хүлж, дүрэлзсэн галтай зууханд хаяхыг хүчит дайчдадаа тушаав.
21 Дайчид нь тэднийг нөмрөг, хувцас, малгай гээд өмссөн зүүсэн бүхэнтэй нь хүлж дүрэлзсэн галтай зууханд хаях нь тэр. 22 Хааны зарлиг хатуу, зуух хэт халуун байсан тул Шадрах, Мешах, Абед-него нарыг авч явсан тэр эрчүүд галын дөлөнд шатаж үхжээ. 23 Харин Шадрах, Мешах, Абед-него гурав хүлээтэй чигээрээ дүрэлзсэн галтай зууханд унав.
24 Дараа нь Небухаднезар хаан айсандаа дав хийн босож «Бид чинь гурван хүнийг хүлж гал руу хаясан биш билүү?» гэж зөвлөхүүдээсээ асуухад тэд: «Тэгсэн, хаантан минь» гэж хариуллаа. 25 Хаан: «Хүлээсгүй дөрвөн хүн гал дунд явж байхыг би харж байна. Түлэгдэж гэмтсэн юм алга. Дөрөв дэх нь бурхдын хүү шиг харагдаж байна» гэв.
26 Небухаднезар дүрэлзсэн галтай зуухны аман дээр очоод «Хамгийн дээд Бурхны зарц Шадрах, Мешах, Абед-него нар аа, наанаасаа гараад ир!» гэсэнд Шадрах, Мешах, Абед-него гурав гал дундаас гарч ирэв. 27 Тэнд цугласан амбан захирагчид, ноёд, түшмэд, зөвлөхүүд тэднийг галд түлэгдээгүй, толгойнх нь үс хуйхлагдаагүй, нөмрөгийнх нь өнгө ч хувираагүй байгааг харлаа. Тэр битгий хэл хиншүү хярвас ч үнэртсэнгүй.
28 Небухаднезар хаан тунхагласан нь: «Шадрах, Мешах, Абед-него нарын Бурхан магтагдах болтугай. Тэрбээр тэнгэрийн элчээ илгээж зарц нараа аварсан билээ. Тэд түүнд итгэж найдсан бөгөөд хааны тушаалыг дагаагүй юм. Өөрсдийнхөө Бурхнаас өөр бурхдыг шүтэхийн оронд үхэхэд бэлэн байсан. 29 Тиймээс би нэг зарлиг гаргаж байна. Шадрах, Мешах, Абед-него нарын Бурхныг муу хэлдэг ямар ч үндэстэн, ястан, хэлтнийг мөчлөн алж, гэр орныг нь нийтийн жорлон* болгоно. Учир нь түүн шиг аварч чадах бурхан өөр байхгүй билээ».
30 Дараа нь хаан Шадрах, Мешах, Абед-него нарыг Вавилон мужид тушаал дэвшүүлжээ.