Хоёрдугаар хаад
1 Ахабыг нас барсны дараа моабчууд Израйлын эсрэг бослого гаргав.
2 Нэгэн өдөр Ахазиа Самари дахь ордныхоо дээврийн өрөөний сараалжин тортой нүхээр унаж гэмтжээ. Тэгээд тэрбээр элч нартаа «Та нар яваад Екроны бурхан Баал-зебубаас миний энэ гэмтэл эдгэх эсэхийг асуугаад ир» гэж хэлээд явуулав. 3 Гэтэл Еховагийн тэнгэрийн элч тишбе хүн Елиад* «Явж, Самарийн хааны элч нартай уулзаад “Израйлд Бурхан байхгүй болоод та нар Екроны бурхан Баал-зебубаас асуухаар явж байгаа юм уу? 4 Ехова: «Чи хэвтэж байгаа орноосоо босолгүй, гарцаагүй үхнэ» гэж хаанд хэлүүлж байна” гэж хэл» гэлээ. Елиа ч явав.
5 Элч нарыг буцаж ирмэгц хаан тэднээс «Та нар ямар хурдан буцаад ирэв?» гэхэд 6 тэд: «Нэг хүн бидэнтэй уулзахаар ирээд “Явж, та нарыг явуулсан хаандаа ингэж хэл. «Ехова ийн айлдсан. “Израйлд Бурхан байхгүй болоод чи Екроны бурхан Баал-зебубаас асуулгахаар хүн явуулж байгаа юм уу? Чи орноосоо босолгүй, гарцаагүй үхнэ”»” гэсэн» гэлээ. 7 Хаан: «Та нартай уулзаж, үүнийг хэлсэн хүн ямаршуу төрхтэй байсан бэ?» гэж асуув. 8 Тэднийг «Үслэг хувцастай, бэлхүүсээрээ арьсан бүс бүсэлсэн хүн байсан» гэхэд хаан: «Тэр тишбе хүн Елиа байна» гэжээ.
9 Тэгээд хаан тавьтын даргыг тавьттай нь хамт Елиа руу явуулав. Елиаг уулын орой дээр сууж байхад тавьтын дарга очоод «Жинхэнэ Бурхны хүн ээ, хаан таныг “Буугаад ир” гэж байна» гэв. 10 Елиаг тавьтын даргад «Би Бурхны хүн юм бол тэнгэрээс гал бууж чамайг тавьттай чинь хамт шатааг» гэхэд тэнгэрээс гал бууж түүнийг тавьттай нь хамт шатаажээ.
11 Иймд хаан өөр нэг тавьтын даргыг тавьттай нь хамт явуулав. Тэр тавьтын дарга Елиа дээр очоод «Жинхэнэ Бурхны хүн ээ, танд хаан: “Хурдан буугаад ир” гэж хэлүүлж байна» гэхэд 12 Елиа: «Би жинхэнэ Бурхны хүн юм бол тэнгэрээс гал бууж чамайг тавьттай чинь хамт шатааг» гэхэд тэнгэрээс Бурхны гал бууж түүнийг тавьттай нь хамт шатаажээ.
13 Дараа нь хаан өөр нэг тавьтын даргыг тавьттай нь хамт явуулав. Гурав дахь тавьтын дарга Елиагийн урд очоод сөгдөн мөргөж, өршөөл эрэн «Жинхэнэ Бурхны хүн ээ, та миний, бас энэ 50 зарцынхаа амийг үнэ цэнтэй гэж үзнэ үү. 14 Өмнө нь тэнгэрээс гал бууж эхний хоёр тавьтын даргыг тавьттай нь хамт шатаасан. Харин энэ удаа та миний амийг үнэ цэнтэй гэж үзээч» гэж гуйв.
15 Тэгтэл Еховагийн тэнгэрийн элч Елиад «Түүнтэй хамт буу. Айх хэрэггүй» гэв. Иймээс Елиа босоод түүнтэй хамт буун хаан руу явлаа. 16 Тэгээд Елиа Ахазиа хаанд «Ехова ингэж айлдсан. “Израйлд Бурхан байхгүй болоод чи Екроны бурхан Баал-зебубаас асуулгахаар хүн явуулж байгаа юм уу? Яагаад Бурхнаас асуусангүй вэ? Иймээс чи хэвтэж байгаа орноосоо босолгүй, гарцаагүй үхнэ” гэсэн» гэжээ. 17 Еховагийн Елиагаар хэлүүлсэн ёсоор Ахазиа нас барав. Тэрбээр хүүгүй байсан тул оронд нь Иехорам* хаан болжээ. Энэ нь Иудагийн хаан Иехошафатын хүү Иехорамын хоёрдугаар он байв.
18 Ахазиагийн бусад түүх, хийж бүтээсэн бүхэн нь Израйлын хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү?