Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 2 Самуел 14
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

2 Самуел номын тойм

      • Иоаб ба текоа эмэгтэй (1-17)

      • Давид Иоабын төлөвлөгөөг мэдэв (18-20)

      • Абсаломыг буцаж ирэхийг зөвшөөрөв (21-33)

2 Самуел 14:11

Зүүлт

  • *

    Үгч. «Бурхнаа санаач»

2 Самуел 14:26

Зүүлт

  • *

    Ордонд хэрэглэдэг туухайг юм уу жирийн шекелийн туухайнаас өөр жинтэй туухайг хэлсэн бололтой.

  • *

    2,3 кг орчим. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
2 Самуел 14:1–33

Хоёрдугаар Самуел

14 Давид хаан Абсаломыг санагалзаж байгааг Зеруиагийн хүү Иоаб анзаарч мэджээ. 2 Тиймээс Иоаб Текоа руу хүн явуулж нэгэн ухаалаг эмэгтэйг дуудуулж ирүүлээд «Чи гашуудаж байгаа дүр эсгэн гашуудлын хувцас өмсөнө үү. Биедээ битгий тос түрх. Талийгаачийнхаа хойноос олон хоног гашуудаж байгаа хүн шиг болоод 3 хаан дээр очиж ингэж хэл» гэжээ. Иоаб хэлэх үгийг нь зааж өгөв.

4 Текоа эмэгтэй хаан дээр очоод сунаж мөргөөд «Хаантан минь, тусалж хайрла!» гэхэд 5 хаан: «Чамд юу тохиолдов?» гэлээ. Эмэгтэй: «Би бэлэвсэн хүн. Нөхөр минь нас барсан. 6 Таны шивэгчин би хоёр хүүтэй байлаа. Тэр хоёр хээр зодолдоод салгах хүнгүй байсан болохоор нэг нь нөгөөгөө хөнөөчихсөн. 7 Одоо бүх хамаатан маань шивэгчин над руу дайрч давшлаад “Дүүгээ хөнөөгчийг гаргаж өг. Удам чинь тасрах байлаа ч, алуулсан дүүгийнх нь төлөө бид ахыг нь хөнөөнө” гээд байна. Тэд үлдсэн ганц очийг минь бөхөөж, нөхрийн минь нэрийг, бас үр удмыг нь газрын хөрснөөс арчих гээд байна» гэжээ.

8 Тэгэхэд нь тэр эмэгтэйд хаан: «Гэртээ харь даа. Би энэ хэргийг шийдье» гэлээ. 9 Текоа эмэгтэй: «Эзэн хаан минь, хүүгийнхээ гэм бурууг би үүрнэ. Бас эцгийн минь гэрийнхэн үүрнэ. Харин хаан та болон таны угсаа гэм зэмгүй байг» гэхэд 10 хаан: «Хүн чам руу дайрч давшилбал тэр хүнийг над дээр авчир. Тэгвэл дахиж чамд төвөг удахгүй» гэв. 11 Эмэгтэй: «Хаантан минь, Ехова Бурхнаараа тангараглаач*. Тэгвэл хүүг минь цусан өшөө авагч хөнөөж голомтыг минь самрахгүй» гэхэд хаан: «Амьд Бурхан Еховагаар тангараглая. Хүүгийн чинь толгойноос ширхэг үс ч унахгүй» гэжээ. 12 Эмэгтэй: «Эзэн хаан минь, шивэгчнийхээ өчихийг сонсож хайрла» гэхэд хаан: «Яригтун!» хэмээв.

13 Өнөөх эмэгтэй: «Хаантан та яагаад Бурхны ард түмэнд халтай юм хийж зүрхэлнэ вэ? Та төрсөн хүүгээ хөөж явуулчхаад буцааж авчраагүй шүү дээ. Тийм учраас хаан таны хэлсэн үг гэм буруутайг тань баталж байна. 14 Газар асгасан усыг цуглуулж болдоггүй шиг бид бүгдээрээ үхэх жамтай. Гэхдээ Бурхан хүний амийг авахыг хүсдэггүй, хөөгдсөн хүнийг буцааж ирүүлэх шалтгаан хайдаг. 15 Би хаан танд үүнийг ярьсны учир нь хүмүүс намайг сүрдүүлснээс болсон юм. Шивэгчин тань тэдэнд “Би хаантай очиж уулзъя. Шивэгчин миний гуйлтыг хаан биелүүлж магад. 16 Хаан үгийг минь сонсоод шивэгчин намайг, бас хүүг минь Бурхны өгсөн өвөөс салгах гэж байгаа хүний гараас аврах биз ээ” гэсэн юм. 17 Тэгээд бас “Эзэн хааны минь үг намайг тайтгаруулах болтугай” гэж хэлсэн юм. Учир нь эзэн хаан минь та жинхэнэ Бурхны тэнгэрийн элчтэй адил сайн мууг ялгадаг билээ. Ехова Бурхан тань тантай хамт байх болтугай» гэж хэлэв.

18 Хаан өнөөх эмэгтэйд «Миний асуултад юу ч нуулгүй хариулаарай» гэсэнд эмэгтэй: «Эзэн хаан минь, айлдагтун» гэв. 19 Тэгэхэд нь хаан: «Иоаб ингэж хэлээрэй гэсэн үү?» гэхэд «Эзэн хааныхаа амьд буйгаар тангараглая. Эзэн хаан минь, та зөв хэллээ. Шивэгчин тань таны зарц Иоабын заавраар энэ бүхнийг хэлсэн юм. 20 Энэ хэргийг өөр өнцгөөс харуулах гэж таны зарц Иоаб үүнийг хийсэн. Гэвч миний эзэнтэн жинхэнэ Бурхны тэнгэрийн элч мэт мэргэн ухаантай бөгөөд энэ нутагт юу болж байгааг нэгд нэгэнгүй мэддэг билээ» гэв.

21 Дараа нь хаан Иоабт «Чиний хүслээр болъё. Явж, хүү Абсаломыг минь буцааж авчир» гэлээ. 22 Иоаб сөгдөн мөргөөд хааныг магтав. Тэгээд «Эзэн хаан минь, зарц тань таны тааллыг олсноо өнөөдөр баттай мэдлээ. Учир нь хаан та зарцынхаа хүсэлтийг биелүүллээ» гэв. 23 Ингээд Иоаб босож, Гешур лүү яваад Абсаломыг Иерусалимд авчирчээ. 24 Гэтэл хаан: «Түүнийг гэр лүү нь явуул. Надтай уулзуулах хэрэггүй» гэжээ. Абсалом өөрийнхөө гэрт очсон бөгөөд хаантай уулзсангүй.

25 Сайхан төрхөөрөө Абсалом шиг шагшигддаг хүн Израйлын хаана ч байхгүй байлаа. Тэрбээр хөлийнхөө улнаас толгойн орой хүртлээ ямар ч өөгүй байв. 26 Жилийн эцсээр үс нь хэт хүнд болдог байсан тул тэрбээр үсээ хусдаг байжээ. Ордны чулуун туухай* тавьж жинлэхэд үс нь 200 шекел* татдаг байв. 27 Абсалом гурван хүү, нэг охинтой болсон бөгөөд охиныг нь Тамар гэдэг байв. Тамар үзэсгэлэн төгөлдөр бүсгүй байлаа.

28 Абсалом Иерусалимд бүтэн хоёр жил амьдарсан ч хаантай огт уулзсангүй. 29 Абсалом Иоабыг хаан руу явуулахаар дуудуулсан боловч ирсэнгүй. Хоёр дахь удаагаа хүн явуулахад мөн л татгалзав. 30 Эцэст нь зарц нартаа «Миний талбайн хажууд байгаа Иоабын арвай тариалсан талбайг шатаагаад ир» гэжээ. Тэгэхэд зарц нар нь Иоабын талбайд гал тавив. 31 Тэгэхээр нь Иоаб Абсаломын гэрт очоод «Яасан гэж зарц нар чинь манай талбайд гал тавьж байгаа юм бэ?» гэхэд 32 Абсалом: «Би тан руу хүн явуулсан ч та ирээгүй. Би танаар хаанд “Намайг яах гэж Гешурээс авчирсан юм бэ? Тэнд байх нь надад дээр байсан юм. Би хаан тантай уулзмаар байна. Хэрэв би буруутай юм бол намайг хөнөө” гэж хэлүүлмээр байсан юм» гэв.

33 Иоаб Давид хаан дээр очиж эдгээрийг хэлжээ. Хаан Абсаломыг дуудуулж ирүүлэхэд тэрбээр хааны өмнө сөгдөн мөргөв. Тэгэхэд нь хаан түүнийг үнсжээ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах