Эхлэл
38 Тэр үед Иуда ах дүү нараасаа салж, адуллам хүн Хирагийнхтай ойрхон майхнаа барьжээ. 2 Иуда тэнд канаан хүн Шуагийн охиныг хараад эхнэрээ болгон авч, унтав. 3 Эхнэр нь жирэмсэлж хүү төрүүлэхэд Иуда хүүдээ Ер гэдэг нэр өгчээ. 4 Эхнэр нь дахин жирэмсэлж хүү төрүүлээд хүүдээ Онан гэдэг нэр өгөв. 5 Эхнэр нь дахин хүү төрүүлж Шела гэдэг нэр өглөө. Иудаг Ахзибт байхад эхнэр нь амаржжээ.
6 Хожим Иуда ууган хүү Ертээ эхнэр авч өгөв. Нэрийг нь Тамар гэдэг. 7 Иудагийн ууган хүү Ер Еховагийн жигшлийг төрүүлжээ. Ехова түүнийг үхүүлэв. 8 Иймд Иуда Онанд «Ахынхаа бэлэвсэн эхнэртэй гэрлэж, хадам дүүгийн үүргээ биелүүл. Түүнтэй унтаж удмыг нь залгах үртэй болгож өг» гэж хэлжээ. 9 Гэвч Онан төрөх хүүхдийг өөрийнх нь болохгүйг мэдэж байлаа. Иймээс ахыгаа хүүхэдтэй болгохгүйн тулд эхнэртэй нь унтахдаа үрийн шингэнээ гадуур нь тавьдаг* байжээ. 10 Ехова Онаныг бузар муу хэрэг хийсэн гэж үзээд түүнийг ч үхүүлэв. 11 Иуда бэр Тамартаа «Хүү Шелаг минь өсөж том болтол төрсөн эцгийнхээ гэрт очиж, бэлэвсэн эмэгтэйн ёсоор амьдар» гэж хэллээ. Яагаад гэвэл Иуда Шелаг бас ах нар шигээ үхэх вий гэж боджээ. Ингээд Тамар төрсөн эцгийнх рүүгээ явж тэндээ амьдрав.
12 Хэсэг хугацааны дараа Иудагийн эхнэр буюу Шуагийн охин нас баржээ. Иуда гашуудлын үеийг өнгөрөөгөөд Тимнад байдаг хонь хяргагчид руугаа анд найз адуллам хүн Хиратайгаа явав. 13 Тамар хадам эцгийгээ хонио хяргахаар Тимна руу явж байгааг дуулаад 14 бэлэвсний хувцсаа тайлж гивлүүр зүүн, нөмрөг нөмрөөд Тимна орох замд байдаг Енаимын хаалганы дэргэд суув. Учир нь Иуда Шелаг том болсон ч Тамарыг эхнэр болгон өгөөгүй юм.
15 Иуда Тамарыг хармагцаа янхан гэж боджээ. Яагаад гэвэл Тамар нүүрээ бүтээсэн байв. 16 Иуда замаасаа хазайж түүн дээр очоод «Би чамтай унтмаар байна» гэжээ. Учир нь бэрээ таниагүй юм. Тэгэхэд нь Тамар: «Та юу өгөөд надтай унтах юм бэ?» гэж асуув. 17 Тэгэхэд нь Иуда: «Сүргээсээ нэг залуу ямаа өгүүлье» гэхэд «Тэр болтол та барьцаа өгөх үү?» гэж асуужээ. 18 Иуда: «Барьцаанд юу авмаар байна вэ?» гэхэд Тамар: «Тамгат бөгж, оосор, гарт тань байгаа таягийг авъя» гэжээ. Ингээд Иуда эдгээрийг Тамарт өгөөд унтав. Тамар жирэмсэлжээ. 19 Тамар босоод явж одлоо. Тэгээд нөмрөгөө тайлж бэлэвсний хувцсаа өмсөв.
20 Иуда тэр эмэгтэйгээс барьцаагаа буцааж авахын тулд өөрийн анд адуллам хүнээр залуу ямаа өгч явуулжээ. Гэвч өнөөх эр эмэгтэйг олсонгүй. 21 Тэрбээр тэндхийн хүмүүсээс «Энэ Енаимд зам дагуу суудаг сүмийн янхан хаана байна вэ?» гэхэд тэд: «Манай энд сүмийн янхан ерөөсөө байдаггүй» гэжээ. 22 Эцэст нь өнөөх эр буцаж ирээд «Би тэр эмэгтэйг олсонгүй. Бас тэр газрын хүмүүс: “Манай энд сүмийн янхан ерөөсөө байдаггүй” гэцгээх юм» гэж хэлэв. 23 Тэгэхэд Иуда: «Тэгвэл тэр эмэгтэй тэдгээрийг аваг. Түүнийг хайж явж шившиг болоод яах вэ! Ямартай ч, би ямаа явуулсан. Тэр эмэгтэй олдоогүй» гэж өгүүлжээ.
24 Гэтэл гурван сар орчмын дараа Иудад «Танай бэр Тамар биеэ үнэлж, бүр жирэмсэлжээ» гэж дуулгав. Иуда: «Тамарыг гаргаж ирээд шатаа» гэжээ. 25 Гаргах гэхэд нь Тамар: «Эдгээрийн эзэн намайг жирэмсэн болгосон юм. Энэ тамгат бөгж, оосор, таяг хэнийх болохыг үзнэ үү» гэж хадам эцэгтээ хэлүүлэв. 26 Иуда тэдгээрийг үзээд «Би түүнийг хүү Шеладаа эхнэр болгон өгөөгүй болохоор миний буруу, түүний зөв юм байна» гэжээ. Үүнээс хойш Иуда түүнтэй унтсангүй.
27 Тамарын амаржих цаг болж ихэр хүүхэд төрүүлжээ. 28 Төрж байхад нэг хүүхэд нь гараа гаргахад эх баригч: «Энэ нь түрүүлж гарлаа» гээд тэр даруй улаан утас авч гарт нь уяв. 29 Гэвч тэр хүүхдийг гараа татаж авмагц нөгөөдөх нь гарчээ. Эх баригч: «Чи яагаад ээжийгээ ураад гараад ирэв?» гэв. Иймээс хүүд Перез* гэдэг нэр өгчээ. 30 Гартаа улаан уяатай нь сүүлд гарав. Хүүд Зера гэдэг нэр өгөв.