Левит
8 Тэгээд Ехова Мосед 2 «Аароныг хөвгүүдтэй нь авчир. Мөн өмсгөлүүд, тосолгооны тос, нүглийн төлөөх тахилын бух, хоёр хуц, исгээгүй талхтай сагс авчрагтун. 3 Бас израйлчуудыг цугларалтын асрын үүдэнд цуглуул» гэж айлдав.
4 Тэгэхэд нь Мосе Еховагийн тушаасныг биелүүлж, израйлчууд цугларалтын асрын үүдэнд цуглалаа. 5 Мосе израйлчуудад «Ехова биднийг ингэ гэж тушаасан» гээд 6 Аароныг хөвгүүдтэй нь авчирч биеэ угаахыг тушаав. 7 Тэрбээр Ааронд дотуур дээлийг нь өмсгөж, бүсийг нь бүслээд ханцуйгүй хүрэм, ефодыг нь өмсгөж ефодын нэхмэл бүсийг нь чанга бүсэлж өгөв. 8 Мөн цээживчийг зүүлгэн дотор нь Урим Туммимийг хийв. 9 Тэгээд толгойн өмсгөлийг нь өмсгөж, урд талд нь ариун пайз* болох гялтганасан шижир алтан пайзыг тогтоожээ. Энэ бүхнийг Мосе Еховагийн тушаасан ёсоор гүйцэтгэсэн юм.
10 Дараа нь Мосе тосолгооны тосыг авч шүтлэгийн асрыг доторх бүх юмтай нь тосолж ариусгав. 11 Мөн тэр тосноосоо тахилын ширээн дээр долоон удаа цацаж, тахилын ширээг бүх эд хэрэгсэлтэй нь, усны савыг суурьтай нь тосолж ариусгав. 12 Тэгээд Аароныг томилж ариусгахаар толгой дээр нь тос асгажээ.
13 Мосе Еховагийн тушааснаар Аароны хөвгүүдийг авчирч дотуур дээлийг нь өмсгөж, бүсийг нь бүслээд толгойн өмсгөлийг нь өмсгөжээ.
14 Дараа нь Мосег нүглийн төлөөх тахилын бухыг авчрахад Аарон хөвгүүдтэйгээ бухын толгой дээр гараа тавив. 15 Мосе бухыг нядлаад цуснаас нь хуруугаараа авч тахилын ширээний булангийн эврүүд дээр нялж, тахилын ширээг нүглээс цэвэршүүлжээ. Үлдсэн цусыг нь суурь луу нь асгав. Тахилын ширээн дээр нүглийг уучлуулах тахил өргөхийн тулд тахилын ширээг ийнхүү ариусгасан юм. 16 Тэгээд Мосе сэмж, элгэн дээрх өөх, хоёр бөөрийг нь өөхтэй нь авч тахилын ширээн дээр шатаан уугиулав. 17 Бухын үлдсэн хэсэг буюу арьс, мах, сэвсийг нь хуарангийн гадна шатаажээ. Энэ бүхнийг Мосе Еховагийн тушаасан ёсоор гүйцэтгэсэн юм.
18 Дараа нь тэрбээр шатаалт тахилын хуцыг авчрахад Аарон хөвгүүдтэйгээ хуцын толгой дээр гараа тавив. 19 Мосе хуцыг нядлаад цусыг нь тахилын ширээний бүх тал руу цацав. 20 Хуцын махыг эвдээд Мосе толгой, эвдсэн мах, өөхийг нь шатаан уугиулав. 21 Гэдэс дотор, шийрийг нь угаасны дараа Мосе тахилын ширээн дээр хуцыг бүхэлд нь шатаан уугиулжээ. Энэ нь тааламжит үнэрт шатаалт тахил байв. Мосе энэ тахилыг Еховагийн тушааснаар Еховад шатаан өргөсөн юм.
22 Тэрбээр хоёр дахь хуц буюу томилох ёслолын хуцыг авчрахад Аарон хөвгүүдтэйгээ хуцын толгой дээр гараа тавив. 23 Мосе хуцыг нядлаад цуснаас нь авч Аароны баруун чихний гэдэс, баруун гар хөлийнх нь эрхий хуруун дээр түрхэв. 24 Бас Аароны хөвгүүдийг урагш нь гаргаж ирээд баруун чихнийх нь гэдэс, баруун гар хөлийнх нь эрхий хуруун дээр цуснаас түрхэж, үлдсэнийг нь тахилын ширээний бүх тал руу цацжээ.
25 Дараа нь тэрбээр өөхийг нь буюу сүүлний өөх, сэмж, элгэн дээрх өөх, хоёр бөөрийг өөхтэй нь, мөн баруун гуяыг нь авав. 26 Тэгээд Еховагийн өмнө байсан исгээгүй талхны сагснаас исгээгүй цагариган боов нэгийг, тостой хольж зуурч хийсэн цагариган боов нэгийг, бин нэгийг авч өөхнүүд болон баруун гуян дээр тавив. 27 Тэдгээрийг Аарон болон хөвгүүдийнх нь гаран дээр тавьж Еховагийн өмнө даллах өргөл болгон нааш цааш нь даллуулав. 28 Дараа нь Мосе гар дээрхийг нь аваад тахилын ширээн дээр шатаалт тахилын дээр шатаан уугиулав. Энэ нь тааламжит үнэрт томилох ёслолын тахил юм. Үүнийг Еховад шатаан өргөсөн билээ.
29 Тэгээд Мосе хуцын өвчүүг авч Еховагийн өмнө даллах өргөл болгон нааш цааш нь даллав. Энэ нь Еховагийн Мосед тушаасан ёсоор томилох ёслолын хуцаас Мосегийн хувь болжээ.
30 Мосе тосолгооны тос, тахилын ширээн дээрх цуснаас авч Аарон болон өмсгөл рүү нь, түүнтэй хамт байсан хөвгүүд болон өмсгөлүүд рүү нь цацжээ. Ийнхүү Аароныг өмсгөлтэй нь, Аароны хөвгүүдийг өмсгөлүүдтэй нь ариусгав.
31 Тэрбээр Аарон болон хөвгүүдэд нь «Цугларалтын асрын үүдэнд хуцын махыг чана. Бурхан надад “Аарон болон хөвгүүд нь үүнийг иднэ” гэж тушаасанчлан та нар махыг томилох ёслолын сагсан дахь талхтай тэндээ ид. 32 Мах, талхнаас үлдсэнийг нь шатаа. 33 Та нар томилох ёслолыг дуустал долоон хоног цугларалтын асрын үүдэнд ойрхон байх ёстой. Яагаад гэвэл тахилчаар томилоход долоон хоног орно. 34 Нүглийг чинь уучлуулахын тулд Еховагийн тушаасныг бид өнөөдөр биелүүллээ. 35 Та нар цугларалтын асрын үүдэнд өдөр шөнөгүй долоон хоног байж Еховагийн оноосон үүргийг биелүүлэгтүн. Ингэвэл үхэхгүй. Бурхан надад ийм тушаал өгсөн юм» гэжээ.
36 Аарон болон хөвгүүд нь Еховагийн Мосегоор тушаалгасан бүхнийг биелүүлэв.