Хоёрдугаар Самуел
13 Давидын хүү Абсаломын охин дүү Тамар үзэсгэлэнтэй бүсгүй байлаа. Давидын хүү Амнон түүнд дурлажээ. 2 Дүү Тамар нь онгон байсан тул Амнон яаж ч чадахгүй бачимдан, галзуурах дөхөж байв. 3 Амнон Давидын ах Шимеагийн хүү Иехонадабтай нөхөрлөдөг байв. Иехонадаб зальтай хүн байлаа. 4 Тэрбээр түүнд «Хааны хүү яагаад өглөө бүр ингэтлээ шаналж байдаг билээ? Надад хэлээч» гэхэд Амнон: «Би Абсалом ахынхаа дүү охин Тамарт сэтгэл алдарчхаад байна» гэжээ. 5 Иехонадаб: «Орондоо хэвтэж өвдсөн дүр эсгэ. Эцэг чинь чамайг эргэж ирнэ. Тэгэхээр нь “Охин дүү Тамарыг минь надад хоол хийж өгүүлэхээр нааш нь явуулаач. Миний нүдэн дээр хоол хийж өгвөл би гараас нь хоол иднэ” гэж хэл» гэлээ.
6 Тэгээд Амнон өвдсөн дүр үзүүлэн хэвтжээ. Хаан түүнийг эргэхээр ирэхэд Амнон: «Охин дүү Тамарыг минь ирүүлж, миний нүдэн дээр зүрхэн хэлбэртэй хоёр боов хийлгүүлж өгөөч. Би түүний гараас идье» хэмээн хэлэхэд 7 Давид Тамарын гэр лүү хүн явуулж «Амнон ахынхаа гэр лүү явж ахдаа хоол хийж өг» гэв. 8 Ингээд Тамарыг гэрт нь очиход Амнон хэвтэж байв. Тэрбээр зуурсан гурилаа авч нухаад дэргэд нь боов хийв. 9 Тэгээд хайруулын тавагтай боовоо Амнонд аваачиж өгсөн боловч тэрбээр идсэнгүй. Амноныг «Бүгд эндээс гарцгаа!» гэхэд тэнд байсан бүх хүн гарчээ.
10 Амнон Тамарт «Хоолоо унтлагын өрөөнд аваад ир. Би чиний гараас л иднэ» гэлээ. Тиймээс Тамар хийсэн боовоо Амнон ахынхаа унтлагын өрөөнд аваачжээ. 11 Хоолыг нь идүүлэхээр дөхөхөд Амнон түүнийг барьж аваад «Дүү минь, надтай унтаач» гэхэд 12 Тамар: «Болохгүй ээ, ах минь! Намайг битгий доромжлооч. Израйлд ийм хэрэг гарч байгаагүй шүү дээ. Та ийм гутамшигтай юм битгий хий. 13 Би хүний нүүр яаж харах юм бэ? Та Израйлын ой гутам эрчүүдийн нэгэн адил болно шүү дээ. Одоо хаантай яриач. Хаанаас гуйвал намайг танд өгнө шүү дээ» гэсэн ч 14 үгийг нь сонссонгүй. Амнон илүү хүчтэй байсан тул түүнийг хүчирхийлж доромжлов. 15 Тэгснээ Амнон түүнийг асар их үзэн ядав. Хайрлаж байснаасаа ч илүүгээр үзэн яджээ. Амнон түүнд «Бос. Эндээс зайл!» гэхэд 16 Тамар: «Ах минь, ингэж болохгүй. Намайг хөөж байгаа чинь надад үйлдсэн хэргээс чинь ч долоон дор шүү дээ!» гэсэн ч үгийг нь сонссонгүй.
17 Амнон зарц залуугаа дуудан «Энийг миний нүднээс зайлуулаад хаалгаа түгж» гэв. 18 (Тамар тусгай* хувцас өмссөн байв. Хааны онгон охид л тийм хувцас өмсдөг байжээ.) Тиймээс зарц нь түүнийг гадагш гаргаад хаалгаа түгжжээ. 19 Тамар толгой дээрээ үнс цацаж, өмссөн гоёмсог хувцсаа ураад толгойгоо барин гарч явжээ. Тэрбээр уйлсаар явав.
20 Тэгэхэд нь ах Абсалом нь түүнд «Чи Амнон ахтайгаа хамт байсан уу? Дүү минь, энэ тухай хүнд ярих хэрэггүй. Тэр бол чиний ах. Энэ явдлыг бодож битгий шанал» гэж хэлэв. Тиймээс Тамар Абсалом ахынхаа гэрт бусдаас нуугдаж амьдрав. 21 Болсон бүх явдлыг Давид хаан сонсоод ихэд уурласан ч Амноны сэтгэлийг зовоохыг хүссэнгүй. Тэрбээр Амнонд хайртай байлаа. Учир нь Амнон ууган хүү нь байсан юм. 22 Абсалом Амноныг охин дүү Тамарыг нь доромжилсон хэргээс болж үзэн ядаж байлаа. Гэсэн хэдий ч Абсалом Амнонд сайн муу юу ч хэлсэнгүй.
23 Хоёр жилийн дараа Абсалом Ефраимын ойролцоох Баал-хазорт хонь хярган найр хийж, хааны бүх хөвгүүнийг урив. 24 Абсалом Давид хаан дээр очоод «Зарц тань хонио хяргуулж байгаа учир хаан та албатуудаа дагуулаад надтай хамт яваач» гэлээ. 25 Гэвч Давид хаан: «Хүү минь, би явахгүй ээ. Бид нар бүгдээрээ очвол чамд төвөг удна» гэв. Абсалом ятгасаар байсан ч хаан явсангүй. Харин түүнийг ерөөжээ. 26 Абсаломыг «Та явахгүй юм бол Амнон ахыг бидэнтэй хамт явуулаач» гэхэд хаан түүнд «Яагаад заавал Амнонтой явах гээд байгаа юм бэ?» гэв. 27 Абсалом ятгасаар байсан тул Давид Амноныг бусад хөвгүүнтэйгээ явууллаа.
28 Тэгээд Абсалом зарц нартаа «Анхаар! Амноныг дарс уугаад согтоход нь би та нарт “Амноныг хөнөө!” гэж хэлнэ. Намайг тэгж хэлмэгц та нар түүнийг хөнөө. Би тушааж байгаа учраас бүү ай. Хүчтэй, зоригтой бай» гэж хэллээ. 29 Абсаломын зарц нар хэлснээр нь гүйцэтгэв. Хааны үлдсэн хөвгүүд босон лууснуудаа унаад зугтацгаажээ. 30 Тэднийг зугтаад явж байхад Давидад «Хааны бүх хөвгүүнийг Абсалом хөнөөжээ. Нэг нь ч амьд үлдээгүй» гэсэн мэдээ хүрэв. 31 Үүнийг сонсоод хаан босож, хувцсаа хүү татаад газар хэвтэв. Албатууд нь ч хувцсаа хүү татаад хажууд нь зогсов.
32 Тэгтэл Давидын ах Шимеагийн хүү Иехонадаб: «Тэд таны бүх хөвгүүнийг хөнөөсөн гэж бүү бод. Ганцхан Амнон л үхсэн. Охин дүү Тамарыг нь доромжилсон өдрөөс хойш Абсалом Амноныг хөнөөхөөр санаархаж байсан. Тэгээд Абсаломын тушаалаар тэд Амноныг хөнөөжээ. 33 Одоо хаан та “Хааны бүх хөвгүүн үхсэн” гэсэн үгийг битгий тоо. Амнон л ганцаараа амиа алдсан» хэмээн хэлэв.
34 Тэр хооронд Абсалом зугтсан аж. Дараа нь хотын харуул алсыг хартал арынх нь уулын хажуугийн замаар олон хүн ирж байгаа нь харагдав. 35 Тэгэхэд Иехонадаб Давид хаанд «Хар даа! Зарц миний хэлснээр хааны хөвгүүд ирж байна» гэв. 36 Түүнийг ярьж дуусмагц хааны хөвгүүд чангаар уйлцгаан ирлээ. Хаан болон албатууд нь ч ихэд гашуудан уйлав. 37 Абсалом зугтаж Гешурын хаан, Аммихудын хүү Талмаи дээр очжээ. Давид нас барсан хүүгийнхээ хойноос олон хоног гашуудав. 38 Абсалом Гешурт зугтаж очоод гурван жил болжээ.
39 Хүүгээ алдсан Давид эцэст нь тайвширч, Абсаломыг санагалзах болов.