Исаиа
17 Дамаскийг шүүх тухай мэдээ.
«Дамаск нь хот байхаа больж
Балгас болно.
2 Ароерын хотууд орхигдож
Мал сүрэг хэвтдэг газар болно.
Хэн ч тэднийг айлгахгүй.
3 Ефраимын бэхлэгдсэн хотууд үгүй болно.
Дамаскт хаант улс гэж байхгүй болно.
Сирийн үлдэгсдийн алдар
Израйлчуудынх шиг болно» гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова тунхаглаж байна.
4 «Тэр өдөр Иаков алдар хүндгүй болж,
Эрүүл чийрэг бие нь турж эцнэ.
5 Рефаимын хөндий дэх талбайгаас ургац хураасны дараа
Түүж цуглуулах тариа цөөхөн үлддэг шиг
Иаков тийм байх болно.
6 Чидун жимсний модыг цохисны дараа
Түүх жимс цөөхөн үлдэнэ.
Хамгийн өндөр мөчир дээр нь хоёр гуравхан чидун жимс,
Жимс гаргадаг мөчрүүд дээр нь дөрөв тавхан жимс үлдэнэ» гэж Израйлын Бурхан Ехова тунхаглаж байна.
7 Тэр өдөр хүн Бүтээгчээсээ тусламж эрж, Израйлын Ариун Нэгэнд найдна. 8 Өөрийн гараар бүтээсэн тахилын ширээнд найдахгүй. Гар хуруугаараа хийсэн ариун шон*, утлагын тавиурыг царайчлахгүй.
9 Бэхлэгдсэн хотууд нь тэр өдөр ойд хаягдсан суурин мэт болно.
Израйлчуудаас болоод орхиж хаясан мөчир шиг болно.
Эзгүй газар болно.
10 Чи* аврагч Бурхнаа мартсан.
Өөрийн Цайз, өөрийн Хадыг санаагүй.
Тийм ч учраас чи сайхан цэцэрлэг байгуулан
Харийн нутгаас* суулгац авчирч тарьдаг.
11 Өдөр нь чи цэцэрлэгээ хичээнгүйлэн хашаалж,
Өглөө нь үрээ соёолуулавч
Өвчин тусаж, түүндээ зовуурилан шаналахын цагт ургац чинь алга болно.
12 Олон ард түмний шуугилдахыг сонсоцгоо!
Тэд догшрох далай шиг шуугилдаж байна.
Үндэстнүүдийн үймэлдэхийг сонсоцгоо!
Тэдний дуу их усны нүргээн шиг сонсогдоно.
13 Үндэстнүүд их усны нүргээн шиг чимээ гаргана.
Бурхан тэднийг зэмлэхэд тэд алс хол зугтаж
Уулан дээр хийсэх хивэг шиг,
Шуурганд туугдах хамхуул* шиг болно.
14 Үдэш нь гай зовлон учирч
Өглөө гэхэд тэд үгүй болсон байна.
Энэ бол биднийг тоногчдын хүртэх хувь,
Биднийг дээрэмдэгчдийн авах шан юм.