Сургаалт үгс
25 Эдгээр нь бас Соломоны сургаал үг бөгөөд Иудагийн хаан Хезекиагийн албатууд сийрүүлэв*.
2 Хэрэг явдлыг нууцлах нь Бурхны суу алдар.
Асуудлыг нарийвчлан шалгах нь хаадын суу алдар.
3 Тэнгэр өндөр, газар гүн байдгийн адил
Хаадын зүрх сэтгэл ойлгогдошгүй.
4 Мөнгийг хог шаараас нь салга.
Тэгвэл цалин цагаан болно.
5 Хааны дэргэдээс хар санаатныг зайлуул.
Тэгвэл хаан шударга захирч, сэнтий нь бат тогтоно.
6 Хааны өмнө биеэ бүү магт.
Алдартнуудын дунд суудал бүү эзэл.
7 Учир нь язгууртны нүдэн дээр хаанд доромжлуулснаас
«Наашаа хүрээд ир» гэж хэлүүлсэн нь дээр.
8 Заргалдах гэж бүү яар.
Хөрш чинь чамайг доромжилбол дараа нь чи яах юм бэ?
9 Хэрэг явдлаа хөрштэйгөө ярилцаж шийд.
Чамд аминчлан ярьсныг* бүү задруул.
10 Тэгвэл сонсож байгаа хүн чамайг шившиг болгохгүй.
Тэгээд ч чиний тараасан хов живийг буцааж авах аргагүй шүү дээ.
11 Цагаа олсон үг
Сийлбэртэй мөнгөн аяган дахь алтан алимтай адил.
12 Мэргэн хүний зэмлэл нь зөөлөн чихтэй хүнд
Алтан ээмэг, шижир алтан гоёл мэт.
13 Ургац хураалтын аагим халуун өдөр сэрүү татсан цас* таатай байдгийн адил
Итгэмжит элч илгээсэн хүмүүстээ тийм байдаг.
Учир нь тэрбээр эзнийхээ сэтгэлийг сэргээдэг.
14 Бэлэг өгнө гэж ам бардам хэлчхээд өгөхгүй бол
Үүл хуралдаж, салхи салхилавч бороо орохгүйтэй адил.
15 Тэвчээртэй байвал захирагчийг ч ятгаж болдог.
Зөөлөн* яривал ясыг ч хугалж болдог.
16 Зөгийн бал олбол идэх хэмжээгээрээ л ид.
Хэтрүүлбэл бөөлжинө шүү.
17 Хөршийнхөөрөө хааяа л ор.
Эс тэгвэл тэр залхаж, чамд дургүй болно.
18 Бусдын талаар хуурамч мэдүүлэг өгдөг хүн
Бороохой, илд, хурц сумтай адил.
19 Зовох цагт найдваргүй* хүнд итгэх нь
Хугарсан шүдээр зажлах эсвэл доголон хөлөөр явахтай адил.
20 Гунигласан хүнд дуу дуулж өгөх нь
Хүйтэн өдөр хувцсаа тайлахтай адил.
Эсвэл шүлтэн* дээр цуу асгахтай адил.
21 Дайсан чинь өлссөн бол идэх талх өг.
Цангасан бол уух ус өг.
22 Тэгвэл чи шатаж буй нүүрсийг толгой дээр нь овоолж байгаа хэрэг*.
Ехова чамайг шагнана.
23 Умрын салхи хур бороо авчирдаг.
Хов жив уур хилэнг хөдөлгөдөг.
24 Хэрүүлч* эхнэртэй хамт нэг гэрт байснаас
Дээврийн буланд амьдарсан нь дээр.
25 Алсаас сайн мэдээ ирэх нь
Ангасан хүнд хүйтэн ус өгөхтэй адил.
26 Муу хүнд бууж өгдөг* зөв шударга хүн
Булингартсан булаг, бохирдсон худагтай адил.
27 Зөгийн бал хэтрүүлж идэх нь муу.
Өөртөө алдар нэр хайх нь ч сайн биш.
28 Уураа барьж* чаддаггүй хүн
Хэрэм нь нурсан хоттой адил.