Исаиа
16 Энэ нутгийн захирагч руу Селагаас хонь явуул.
Зэлүүд газрын дундуур,
Сионы охины* уул хүртэл явуул.
2 Арноны гарам дээр байх Моабын охид
Үүрнээсээ хөөгдсөн шувуу шиг байх болно.
3 «Зөвлөгөө өгч, шийдвэр гарга.
Жин үдийн сүүдэр чинь шөнө мэт харанхуй байг.
Тарж бутарсан хүмүүсийг нуу. Зугтаж яваа хүмүүсийг бүү барьж өг.
4 Тарж бутарсан хүмүүсийг минь өөртөө аваач Моаб аа.
Устгагчаас нуугдах газар нь болооч.
Дарлагч эцсээ үзнэ.
Сүйрэл дуусна.
Бусдыг гишгэчдэг хүмүүс дэлхийгээс арчигдана.
5 Тэгэхэд үнэнч хайранд үндэслэн нэгэн сэнтий бат тогтоно.
Давидын майханд байх энэхүү сэнтийд залрагч нь үнэнч байна.
Тэрбээр шударга шүүж, зөв шударгыг цаг алдалгүй тогтооно».
6 Бид Моабын бардамналын тухай, их бардам гэдгийг нь сонссон.
Ихэмсэг бардам зан, догшин хилэнгийнх нь тухай дуулсан.
Гэвч түүний сайрхал хоосон.
7 Тиймээс Моаб өөрийгөө хараад уйлна.
Моабчууд бүгд уйлна.
Ялагдсан хүмүүс Кир-харесетийн үзмийн шахмалыг бодож гашуудна.
8 Учир нь Хешбоны талбай хатаж,
Сибмагийн усан үзмийн мод гандсан.
Үндэстнүүдийн удирдагчид ув улаан* мөчрийг нь гишгэчсэн.
Мөчрүүд нь Иазер хүрч,
Зэлүүд газар хүртэл салаалсан.
Нахианууд нь тэнгис хүртэл сунасан.
9 Би Иазерын хойноос гашуудсан шигээ Сибмагийн усан үзмийн хойноос гашуудна.
Хешбон ба Елеале минь ээ, би нулимсаараа та нарыг норгоно.
Яагаад гэвэл зуны жимс, ургацын чинь төлөөх хашхираан намдсан*.
10 Жимсний цэцэрлэгт хойшид баяр хөөр, хөгжөөн баясал үгүй болно.
Усан үзмийн цэцэрлэгт баярын дуу, чимээ шуугиан байхгүй болно.
Усан үзэм гишгэж дарс хийдэг хүн байхгүй болно.
Учир нь би хашхирааныг намжаасан.
11 Тиймд Моабаас болж сэтгэл минь үймэн
Босоо ятгын чавхдас шиг доргиж байна.
Сэтгэл зүрх минь тэр аяараа Кир-харесетийн хойноос гашуудаж байна.
12 Моаб өндөр газар луу ядартлаа явж, өөрийн сүмд залбирахаар орсон ч тусыг эс олно.
13 Энэ бол Моабын талаар Еховагийн хэлж байсан үг юм. 14 Одоо Ехова ийн айлдаж байна. «Яг гурван жил өнгөрөхөд* Моабын суу алдар гутаагдаж, асар их үймээн самуун болно. Үлдсэн хүмүүс нь маш цөөхөн, сул дорой болно».