Иеремиа
32 Иудагийн хаан Зедекиагийн 10 дугаар он буюу Небухаднезарын* 18 дугаар онд Ехова Иеремиатай ярьжээ. 2 Тэр үед Вавилоны хааны цэргүүд Иерусалимыг бүсэлсэн байсан бөгөөд Иеремиа зөнч Иудагийн хааны ордон дахь* Харуулын хашаанд хоригдож байв. 3 Иудагийн хаан Зедекиа түүнийг хорихдоо хэлсэн нь: «Чи яагаад ингэж зөгнөнө вэ? Чи хэлэхдээ “Ехова ийн айлдаж байна. «Би энэ хотыг Вавилоны хааны гарт тушаана. Тэр энэ хотыг эзэлж авна. 4 Иудагийн хаан Зедекиа халдейчуудын гараас мултрахгүй. Вавилоны хааны гарт зайлшгүй орж, түүнтэй нүүр тулан өөд өөдөөсөө харан ярилцана»”. 5 “Тэрбээр Зедекиаг Вавилон руу авч явна. Намайг анхаарлаа хандуулах хүртэл Зедекиа тэндээ байна. Та нар халдейчуудтай тэмцсээр байгаа боловч амжилт олохгүй” гэж Ехова айлдаж байна гэсэн».
6 Иеремиа хэлсэн нь: «Ехова надад ийн айлдсан. 7 “Авга ах Шаллумын чинь хүү Ханамел чам дээр ирээд «Анатот дахь талбайг минь худалдаж аваач. Учир нь чи үүнийг эргүүлэн худалдаж авах эрхтэй эхний хүн юм» гэж хэлнэ”».
8 Еховагийн хэлсэн ёсоор авга ахын маань хүү Ханамел Харуулын хашаанд ирж надтай уулзан «Бениамин нутгийн Анатот дахь талбайг минь худалдаж аваач. Учир нь чи үүнийг эзэмших, эргүүлэн худалдаж авах эрхтэй шүү дээ. Худалдаж аваач» гэв. Тэгэхэд л бүх юм Еховагийн хэлсний дагуу болж байгааг би ойлгосон юм.
9 Тэгээд би авга ахынхаа хүү Ханамелаас Анатот дахь талбайг нь худалдаж авлаа. Би түүнд 17 мөнгөн шекелийг* жинлэж өгөв. 10 Ингэхдээ баримт үйлдэн битүүмжилж, гэрчүүдийг байлцуулан мөнгөө дэнсээр жинлэж өгсөн юм. 11 Би тушаал ёсоор, мөн хуулийн шаардлагын дагуу, битүүмжилсэн болон битүүмжлээгүй баримт бичгийг авч 12 Махсеиагийн ач, Нериагийн хүү Барухад өгөв. Үүнийг авга ахын минь хүү Ханамел, баримт бичигт гарын үсэг зурсан гэрчүүд, мөн Харуулын хашаанд сууж байсан иудейчүүд бүгдээрээ харж байлаа.
13 Тэгээд би тэдний нүдэн дээр Барухад тушаан ийн хэлэв. 14 «Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова: “Газар худалдан авсан тухай энэхүү битүүмжилсэн болон битүүмжлээгүй баримт бичгийг удаан хугацаагаар хадгалахын тулд шавар вааранд хий” гэж айлдаж байна. 15 Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова: “Энэ нутагт байшин, газар, усан үзмийн цэцэрлэг худалдан авах цаг дахин ирнэ” гэж айлдаж байна».
16 Би газар худалдан авсан баримт бичгийг Нериагийн хүү Барухад өгснийхөө дараа Еховад ингэж залбирав. 17 «Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь ээ! Та асар их хүч, сунгасан мутраараа тэнгэр, газрыг бүтээсэн билээ. Таны хувьд боломжгүй юм гэж байхгүй. 18 Та мянга мянган хүнийг үнэнчээр хайрладаг боловч эцгүүдийнх нь нүглийн үр дагаврыг хөвгүүдэд нь амсуулдаг. Жинхэнэ Бурхан, агуу, хүчит таны нэр бол тэнгэрийн цэргийн жанжин Ехова билээ. 19 Таны зөвлөгөө* гайхалтай, таны үйлс агуу. Та хүмүүсийн үйл хэргийг ажиглаж, явсан зам, хийсэн үйлийнх нь дагуу хариуг нь өгдөг. 20 Та Египетийн нутагт тэмдэг үзүүлж, гайхамшиг үйлдсэн. Үүнийг хүмүүс одоо ч мэддэг. Ийнхүү та Израйлд болон хүн төрөлхтөнд нэрээ алдаршуулсан. 21 Та хүчит гар, сунгасан мутраараа тэмдэг үзүүлж, гайхамшиг үйлдэн, айдас төрүүлэм зүйлийг хийн өөрийн ард түмэн израйлчуудыг Египетээс гаргасан.
22 Та эцэг өвгөдөд нь сүү балаар бялхсан нутаг өгнө гэж тангарагласнаараа хожим нь тэдэнд энэ нутгийг өгсөн. 23 Тэд хүрч ирж энэ нутгийг эзэмшсэн боловч үгэнд тань ороогүй, хуулийг тань сахиагүй. Тэд таны тушаалаас нэгийг нь ч биелүүлээгүй учир энэ бүх гамшгийг та тэдэн дээр буулгасан билээ. 24 Дайснууд энэ хотыг эзлэхээр хүрч ирээд бүслэлтийн далан босгосон. Хотынхон илд, өлсгөлөн, тахалд нэрвэгдэх учир дайтахаар ирсэн халдейчуудын гарт зайлшгүй орно. Таны хэлсэн бүхэн таны харж байгаачлан биелсэн. 25 Гэвч Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь ээ, энэ хот халдейчуудын гарт орох гэж байгаа ч гэсэн та надад “Мөнгөөр газар худалдан авч гэрчүүдийг дууд” гэсэн билээ» гэлээ.
26 Тэгэхэд Ехова Иеремиад хэлсэн нь: 27 «Би бүх хүн төрөлхтний Бурхан Ехова шүү дээ. Миний хувьд боломжгүй юм байна гэж үү? 28 Тиймээс Ехова миний үг энэ юм. “Би энэ хотыг халдейчуудын гарт, Вавилоны хаан Небухаднезарын* гарт өгнө. Тэрбээр энэ хотыг эзлэн авна. 29 Халдейчууд энэ хот руу дайран орж, гал тавин, байшингуудтай нь галдан шатаана. Тэр байшингуудын дээвэр дээр хүмүүс Баалд тахил өргөж, өөр бурхдад зориулан ундаан өргөл асгаж намайг уурлуулж байсан билээ”.
30 Ехова ийн айлдаж байна. “Израйл, Иудагийн ард түмэн миний жигшдэг юмыг л бага залуугаасаа хийж ирсэн. Израйлын ард түмэн үйл хэргээрээ уурыг минь байнга хүргэдэг. 31 Энэ хот байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл уур хилэнг минь хүргэсээр ирсэн тул нүднээс минь далд орох ёстой. 32 Намайг уурлуулах гэж Израйл, Иудагийн ард түмний хийсэн бүх бузар хэргээс болж ийм байдалд хүрсэн юм. Ард иргэд, хаад, ноёд, тахилчид, зөнчид, Иудагийн эрчүүд, Иерусалимын оршин суугчид бүгд бузар юм хийсэн. 33 Тэд над руу нүүрээ биш, нуруугаа харуулсаар байв. Би тэднийг сургах гэж дахин дахин оролдсон боловч нэг нь ч үг авсангүй, засарсангүй. 34 Тэд миний нэрээр нэрлэгддэг энэ өргөөг бузарлан жигшүүрт шүтээнүүдээ тавьсан юм. 35 Үүгээр ч зогсохгүй, Хинномын хүүгийн хөндийд* Баалд зориулан мөргөлийн өндөрлөгүүд босгож, охид хөвгүүдээ галд шатаан Молехт тахил болгон өргөдөг байсан. Би тэдэнд ийм тушаал өгөөгүй. Иудагаар ийм бузар юм хийлгэн нүгэл үйлдүүлэх бодол хэзээ ч миний ухаан санаанд орж байгаагүй”.
36 Тиймээс илд, өлсгөлөн, тахлаас болж Вавилоны хааны гарт орно гэж та нарын хэлж байгаа энэ хотын тухай Израйлын Бурхан Ехова айлдаж байна. 37 “Би асар их уур хилэнтэйгээр тараан бутаргасан бүх газраасаа тэднийг цуглуулж энд буцааж авчран айж түгших юмгүй амьдруулна. 38 Тэд миний ард түмэн, би тэдний Бурхан болно. 39 Би тэдний бодол санаа, үйл хэргийг өөрчлөхөд тэд өөрсдийнхөө болон үр хойчийнхоо сайн сайхны төлөө надаас үргэлж эмээдэг болно. 40 Би сайн юм хийж өгөхөө болихгүй гэсэн мөнхийн гэрээг тэдэнтэй байгуулна. Надаас эмээх сэтгэлийг би тэдний зүрхэнд суулгахад тэд надаас нүүр буруулахгүй. 41 Би тэдэнд сайн юм хийж байгаадаа баярлана. Тэднийг энэ нутагт үүрд суурьшуулна. Би энэ бүхнийг чин зүрхнээсээ, үнэн сэтгэлээсээ хийнэ”».
42 «Учир нь Ехова ингэж айлдаж байна. “Би энэ ард түмэн дээр энэ бүх гамшгийг буулгасан шигээ, одоо амлаж байгаа сайн сайхан бүхнээ тэдэн дээр авчрах болно. 43 Та нар: «Энэ бол хүн, амьтангүй хоосон нутаг, халдейчуудын гарт орсон газар» гэж хэлдэг ч хүмүүс энэ нутгаас газар худалдан авах цаг дахин ирнэ”.
44 “Бениамины нутаг, Иерусалимын ойр орчим, Иудагийн хотууд, уулархаг бүс нутгийн хотууд, нам дор газрын хотууд, өмнө зүгийн хотуудад мөнгөөр газар худалдан авч, баримт бичиг үйлдэн, лацдан битүүмжилж, гэрчүүдийг дууддаг болно. Учир нь би олзлогдогсдыг буцааж авчирна” гэж Ехова тунхаглаж байна».