Иеремиа
16 Ехова дахин надтай ярьсан нь: 2 «Чи эхнэр авч болохгүй, энэ нутагт охид хөвгүүдтэй болж болохгүй. 3 Учир нь энд төрсөн охид хөвгүүдийн талаар, энэ нутагт тэднийг төрүүлсэн эцэг, эхийнх нь талаар Ехова ийнхүү айлдаж байна. 4 “Тэд өвчнөөр үхэх боловч хэн ч гашуудахгүй, оршуулахгүй. Тэд өтөг бууц адил газраар нэг хэвтэнэ. Тэд илдэнд өртөн, өлсгөлөнд нэрвэгдэн үхэж, хүүрүүд нь тэнгэрийн шувууд, газрын араатнуудын хоол болно”.
5 Ехова ийн айлдаж байна.
“Гашуудагчдын цайллага болж байгаа газар бүү ор.
Битгий уйлж гашууд, битгий өрөвд”.
“Учир нь би энэ ард түмнээс амар тайвныг үгүй хийж,
Үнэнч хайр, өршөөл энэрэл үзүүлэхээ больсон юм” гэж Ехова тунхаглаж байна.
6 “Энэ нутагт дээдэс, доодсын хэн хэн нь үхнэ.
7 Талийгаачийнхаа хойноос гашуудаж байгаа хүмүүсийг тайвшруулж
Хоол өгөх хэн ч байхгүй.
Эцэг эхээ алдсан тэднийг тайтгаруулж
Аягатай дарс өгөх хүн байхгүй.
8 Найрын өргөөнд бүү ор.
Найрлагчидтай хамт бүү идэж уу”.
9 Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова: “Би та нарын үед, нүдэн дээр чинь энэ газраас хөөр баяр, хөгжил баяслын дууг, шинэ хүргэн ба шинэ бэрийн дууг үгүй болгоно” гэж айлдаж байна.
10 Энэ бүх үгийг ард түмэнд хэлэхэд тэд чамаас “Ехова яагаад бидэн дээр буух энэ бүх агуу гамшгийн талаар ярина вэ? Бид Ехова Бурхандаа ямар муу юм хийж, нүгэл үйлдсэн юм бэ?” гэж асууна. 11 Чи тэдэнд ингэж хэл. “Ехова айлдсан нь: «Та нарын эцэг өвгөд намайг орхин өөр бурхдыг шүтэж, тэдний төлөө хүчин зүтгэж, тэдэнд сөгдөн мөргөсөн. Харин намайг орхисон. Хуулийг минь сахиагүй. 12 Гэтэл та нар эцэг өвгөдөөсөө долоон дор байж, хүн бүр чинь миний үгийг авалгүй зөрүүдлэн бузар зүрхээ дагадаг. 13 Иймд би та нарыг энэ нутгаас хөөн гаргаж өөрсдийн чинь ч, эцэг өвгөдийн чинь ч мэдэхгүй газар аваачна. Тэнд та нар өөр бурхдад өдөр шөнөгүй зүтгэнэ. Би та нарыг энэрч өрөвдөхгүй»”.
14 Ехова айлдаж байна. “Хүмүүс: «Израйлын ард түмнийг Египетийн нутгаас гаргасан амьд Бурхан Еховагаар тангараглая!» гэж хэлэхээ болих өдрүүд ирж байна. 15 Харин тэд: «Израйлын ард түмнийг хойд зүгийн нутгаас, тэднийг тараан бутаргасан бүх газар нутгаасаа буцааж авчирсан амьд Бурхан Еховагаар тангараглая!» гэж хэлдэг болно. Би тэднийг нутагт нь буцааж аваачна. Тэр нутгийг би өвөг дээдэст нь өгсөн билээ”.
16 Ехова тунхаглаж байна. “Би олон загасчныг илгээж байна.
Тэд миний ард түмнийг загас барих мэт барина.
Дараа нь би олон анчныг явуулна.
Тэд уул толгод бүрээс,
Хадны ан цав бүрээс миний ард түмнийг агнана.
17 Учир нь би ард түмнийхээ хийдэг бүхнийг хардаг.
Тэд надаас нуугдах аргагүй.
Гэм нүгэл нь ч миний нүднээс далдлагдаагүй.
18 Хийсэн хэрэг, үйлдсэн нүглийнх нь зохих шанг би эхлээд тэдэнд бүрэн хүртээнэ.
Учир нь тэд амьгүй, зэвүүн муухай шүтээнүүдээрээ миний газар нутгийг бузарлаж,
Эзэмшлийг минь жигшүүрт юмсаар дүүргэсэн”».
19 Ехова минь ээ, та бол миний хүч чадал, бат цайз,
Зовох цагт хоргодох газар билээ.
Үндэстнүүд дэлхийн хязгаараас тан дээр ирж
«Эцэг өвгөд маань хуурамч бурхад шүтэх ёсыг*,
Хий хоосон, ямар ч ашиггүй зүйлийг өвлөж авсан» гэж хэлнэ.
20 Хүн өөрийнхөө төлөө бурхдыг бүтээж чадах уу?
Тэдгээр нь үнэндээ бурхад биш шүү дээ!
21 «Тиймээс би энэ удаа тэдэнд хүч чадлаа үзүүлж
Өөрийгөө мэдүүлнэ.
Миний нэр бол Ехова гэдгийг тэд мэдэх болно».