Исаиа
41 «Арлын оршин суугчид аа, дуугүй байж намайг сонс*.
Үндэстнүүд хүчээ сэлбэг.
Тэд ойртон ирээд яриг.
Бүгдээрээ шүүх дээр уулзъя.
2 Хэн нар мандах зүгээс* нэгэн хүнийг дуудсан бэ?
Шударга ёсыг тогтоолгохоор хэн тэр хүнийг Түүний өмнө авчирсан* бэ?
Хэн түүнд үндэстнүүдийг өгч,
Хаадыг захируулсан бэ?
Хэн тэднийг илдээр нь тоос болгож,
Нумаар нь салхинд хийсэх сүрэл мэт болгосон бэ?
3 Тэрбээр явж байгаагүй замаараа явж,
Тэднийг ямар ч саадгүй мөрддөг.
4 Энэ хэний үйлс вэ? Хэн үүнийг хийсэн бэ?
Хэн үе үеийнхнийг эхнээс нь дуудаж авчирсан бэ?
Ехова би юм. Би бол анхных.
Сүүлчийн хүмүүс гарч ирсэн ч би өөрчлөгдөхгүй».
5 Арлууд хараад айв.
Алс хязгаар нутгууд чичрэв.
Ард түмнүүд цугларав.
6 Хүмүүс бие биедээ туслан,
Нэг нэгэндээ «Зоригтой бай» гэж хэлнэ.
7 Уран дархан нь төмрийн дархнаа,
Лантуугаар давтагч нь
Дөшчнөө зоригжуулан
«Сайн гагнасан байна» гэж хэлнэ.
Дараа нь түүнийгээ унагаахгүйн тулд хадаасаар бэхэлнэ.
8 «Харин Израйл аа, чи бол миний зарц.
Миний сонгосон Иаков аа,
Миний анд Абрахамын үр удам аа,
9 Би чамайг дэлхийн хязгаараас авч,
Хамгийн алс нутгуудаас дуудсан.
Би чамд хэлэхдээ: “Чи бол миний зарц.
Би чамайг сонгосон. Би чамайг голоогүй.
10 Бүү ай, би чамтай хамт байна.
Бүү санаа зов, би чиний Бурхан.
Би чамд хүч тэнхээ өгч, чамд тусална.
Зөв шударгыг үйлддэг* баруун мутраараа би чамаас чанга барина” гэсэн.
11 Чамд уурладаг хүмүүс шившиг болж, шалдаа бууна.
Чамтай тэмцдэг хүмүүс юу ч биш болж, мөхнө.
12 Чамтай арцалддаг хүмүүсийг чи хайгаад ч олохгүй.
Чамтай дайтдаг хүмүүс алга болж, юу ч биш болно.
13 Учир нь чиний Бурхан Ехова би баруун гараас чинь атгаж байна.
Чамд “Бүү ай. Би чамд тусална” гэж хэлж байна.
14 Өчүүхэн дорд* Иаков аа, бүү ай.
Израйлчууд аа, би та нарт тусална» гэж Израйлын Ариун Нэгэн, чиний Аврагч* Ехова тунхаглаж байна.
15 «Би чамайг үтрэмийн чарга болгосон.
Тариа цайруулах, хурц шүдтэй шинэ багаж болгосон.
Чи уулсыг талхалж бяцална.
Толгодыг хивэг мэт болгоно.
16 Тэдгээрийг шигшихэд чинь
Салхи хийсгэн авч одно.
Шуурга тараан хаяна.
Чи Еховагийн хийсэн зүйлд баярлаж,
Израйлын Ариун Нэгнээр бахархана».
17 «Үгээгүйчүүд, ядуус ус эрэвч олохгүй.
Цангаснаас болж хэл нь хатна.
Ехова би тэдэнд хариулна.
Израйлын Бурхан би тэднийг орхихгүй.
18 Би нүцгэн толгод дээр гол урсгаж,
Хөндийнүүдэд булаг оргилуулж,
Зэлүүд газрыг зэгстэй цөөрөм болгож,
Усгүй газрыг усны эх булаг болгоно.
19 Цөлд би
Хуш, хуайс, гавирт мод, нарс тарина.
Цөлд би
Арц, жодоо, майлс мод суулгана.
20 Еховагийн мутар үүнийг хийснийг,
Израйлын Ариун Нэгэн үүнийг бүтээснийг
Бүх хүн хараад мэдэж,
Анхаарч, ойлгох болно».
21 «Хэргээ танилцуул» гэж Ехова хэлэв.
«Заргаа мэдүүл» гэж Иаковын Хаан өгүүлэв.
22 «Нотолгоо үзүүлж, юу болохыг бидэнд хэл.
Өмнө нь болсон явдлыг бидэнд ярь.
Тэгвэл бид тунгаан бодож, үр дагаврыг нь мэдэх юм.
Эсвэл удахгүй болох үйл явдлыг бидэнд тунхагла.
23 Ирээдүйд юу болохыг бидэнд хэл.
Тэгвэл бид та нарыг бурхад гэдгийг чинь мэднэ.
Сайн, муугийн аль нэгийг үйлд.
Тэгвэл бид хараад гайхан биширнэ.
24 Та нар бол юу ч биш.
Та нарт хийж бүтээсэн юм гэж байхгүй.
Та нарыг сонгодог хэн боловч жигшүүртэй.
25 Би хойд зүгээс нэгэн хүнийг дуудсан бөгөөд тэр ирнэ.
Тэрбээр наран ургах зүгээс* ирж миний нэрийг дуудна.
Ваарчин нойтон шаврыг гишгэчдэг шиг
Тэрбээр удирдагчдыг шавар мэт гишгэнэ.
26 Биднийг мэдээсэй гэсэндээ хэн үүнийг эхнээс нь ярьсан бэ?
“Түүний зөв” гэж биднийг хэлээсэй гэсэндээ хэн үүнийг эртнээс тунхагласан бэ?
Хэн ч зарлаагүй!
Хэн ч тунхаглаагүй!
Хэн ч та нараас юу ч сонсоогүй!».
27 «Юу болох гэж байгааг хар» гэж би анх Сионд хэлсэн.
Би сайн мэдээ хүргэгчийг Иерусалим руу илгээнэ.
28 Би хараад л байлаа, хэн ч байсангүй.
Зөвлөгөө өгчих хэн ч тэдний дунд байсангүй.
Би асуугаад л байлаа, хэн ч хариулсангүй.
29 Тэд бүгд хий хоосон.
Тэдэнд хийж бүтээсэн юм гэж байхгүй.
Цутгамал хөргүүд нь салхи, хоосон зүйл юм.