Нэгдүгээр Самуел
30 Гурван өдрийн дараа Давид хүмүүстэйгээ Зиклагт буцаж иртэл амалекчууд Негев*, Зиклаг руу довтлон Зиклагийг галдан шатаасан байлаа. 2 Тэд эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшид гээд хотод байсан бүхнийг олзолжээ. Нэгийг нь ч хөнөөлгүй бүгдийг нь авч явсан байв. 3 Давид хүмүүстэйгээ хотод ирээд харахад хот нь шатчихсан, эхнэр хүүхдүүд нь олзлогдчихсон байсан учраас 4 тэд нулимсаа ширгэтэл цурхиран уйлжээ. 5 Давидын хоёр эхнэр буюу иезреел эмэгтэй Ахиноам болон Набалын эхнэр байсан кармел эмэгтэй Абигаил ч олзлогдон явсан байв. 6 Охид хүүхдүүдээ алдсандаа уурлан хорссон эрчүүд бүгдээрээ Давид руу чулуу шидэхээр ярилцжээ. Иймээс Давид ихэд шаналав. Гэхдээ тэрбээр Ехова Бурхныхаа ачаар сэтгэлийн тэнхээтэй болсон юм.
7 Давид Ахимелехийн хүү тахилч Абиатарт «Ефодоо аваад ир» гэхэд Абиатар ефодыг Давидад авчирч өгөв. 8 Давид Еховагаас «Дээрэмчдийг мөшгөн хөөх үү? Тэднийг гүйцэх болов уу?» гэж асуухад «Явж мөшгө. Чи тэднийг заавал гүйцэж, алдсан бүхнээ олж авна» гэжээ.
9 Давид тэр даруй хамт байсан 600 хүнээ дагуулан явж, Бесор сайр* хүрэхэд зарим нь тэнд үлдэв. 10 Давид 400 хүнтэйгээ цааш явсан бөгөөд Бесор сайрыг туулах тэнхэлгүй болсон 200 хүн тэнд үлдсэн билээ.
11 Тэд хээр нэгэн египет эртэй таарч, Давид руу аваачив. Тэгээд уух ус, идэх талх өгч, 12 бас инжрийн шахмалаас нэг зүсэм, үзмийн шахмалаас хоёрыг өглөө. Тэр эр гурван өдөр, гурван шөнө юу ч идэж уугаагүй байсан болохоор юм идээд тамир тэнхээ оров. 13 Давид түүнээс «Чи хэний зарц вэ? Хаанахын хүн бэ?» гэж асуухад «Би амалек хүний зарц, египет хүн. Гурван өдрийн өмнө намайг өвдөхөд эзэн минь хаяад явсан юм. 14 Бид херетчүүдийн нутгийн өмнөд хэсэг*, Иудагийн нутаг, Калебын өмнөд хэсэг* рүү довтлон Зиклагийг галдан шатаасан» гэв. 15 Давид түүнээс «Чи намайг тэр дээрэмчид рүү замчилж өгөх үү?» гэж асуухад «Та намайг алахгүй, эзэнд минь тушаахгүй гэдгээ Бурхнаар тангараглавал дээрэмчдийн байгаа газар луу хүргэж өгье» гэлээ.
16 Ингээд Давид египет залуугаар газарчлуулаад очиход дээрэмчид тэр газраар тархан байрласан байлаа. Тэд Филист, Иудагийн нутгаас асар их юм олзолсон учраас идэж уун найрлаж цэнгэцгээж байв. 17 Давид үүрийн бүрэнхийгээс үдэш болтол тэднийг хөнөөв. 400 хүн тэмээ унан зугтсаныг эс тооцвол бусад бүх хүнийг нь хөнөөсөн юм. 18 Давид амалекчуудад алдсан бүхнээ буцаан авч, хоёр эхнэрээ ч аварчээ. 19 Тэд хөгшин залуу, хөвгүүд, охид гэлтгүй бүгдийг аварч, өмнө нь олзолж байсан юмсаа юуг ч дутаалгүйгээр эргүүлж авчээ. Ийнхүү Давид амалекчуудад булаалгасан бүхнээ буцаан авсан юм. 20 Бас амалекчуудын бүх хонь, ямаа, үхрийг олзолсон билээ. Давидын хүмүүс тэдгээрийг сүргийнхээ урд тууж явав. Тэд: «Энэ бол Давидын олз» гэжээ.
21 Давид Бесор сайрт үлдсэн 200 хүн дээрээ эргэж очив. Эцэж ядраад өөртэй нь хамт явж чадаагүй тэд Давид болон хамт явсан хүмүүсийг нь угтан авлаа. Давид тэдэнтэй уулзаад амар мэндийг нь асуув. 22 Давидтай хамт явсан хүмүүсийн зарим нь санаа муутай, олиггүй этгээд байсан бөгөөд тэд Давидад «Эд нар бидэнтэй хамт яваагүй болохоор эргүүлж авсан олзноосоо тэдэнд өгөхгүй. Эхнэр хүүхдүүдээ л аваад яваг» гэхэд 23 Давид: «Ах дүү нар минь ээ, Еховагийн өгсөн юманд ингэж хандаж болохгүй. Тэрбээр биднийг хамгаалж, эсэргүүцэн довтолсон дээрэмчдийг бидний гарт тушаасан шүү дээ. 24 Ийм юм ярихаар чинь хэн та нартай санал нийлэх юм бэ? Тулалдаанд явсан хүмүүс ч, ачаагаа харж үлдсэн хүмүүс ч ялгаагүй хувь хүртэнэ. Бүх хүн олзноос адилхан хувь хүртэнэ» гэж хэлэв. 25 Давид хэлсэн үгээ тэр өдрөөс эхлэн хууль тогтоол болгож израйлчуудаар сахиулжээ.
26 Давид Зиклагт буцаж очоод Иудагийн ахлагч нөхдөдөө «Еховагийн дайснуудаас олзолсон юмнаас энэ бэлгийг явуулж байна» гээд олзноосоо илгээв. 27 Ингэхдээ Бетел, Негевийн* Рамот болон Иаттирын ахлагчдад, 28 мөн Ароер, Сифмот, Ештемоагийн ахлагчдад, 29 түүнчлэн Ракал, Иерахмеелийн хотууд, кенчүүдийн хотуудын ахлагчдад, 30 Хорма, Борашан, Атахын ахлагчдад болон 31 Хеброн дахь ахлагчдад илгээв. Мөн хүмүүстэйгээ байнга очдог байсан бүх газар луугаа илгээжээ.