Иов
18 Шух хүн Билдад хариулсан нь:
2 «Та нар* хэдий болтол ингэж ярих юм бэ?
Жаахан ухаар л даа, тэгэхээр чинь хэдүүлээ ярилцъя.
3 Та нар яагаад биднийг адгуустай адилтган үзэж,
Тэнэг мулгуу* гэж бодно вэ?
4 Уурандаа чи өөрийгөө хэсэгчлэн тастлаа ч
Уудам дэлхий чиний төлөө хоосорч,
Ургаа хад байрнаасаа хөдлөх юм уу?
5 Хорон санаатны гэрэл бөхнө.
Галын дөл нь гэрэлтэхгүй.
6 Майхан дахь гэрэл нь бүүдийж,
Дээр асаж буй дэнлүү нь унтарна.
7 Өөдрөг эрчтэй алхаа нь саарч,
Өөрийнхөө зөвлөгөөнд өөрөө унана.
8 Тэрбээр торон дээр гишгэж,
Хөл нь түүндээ орооцолдоно.
9 Хавханд өсгий нь хавчуулагдаж,
Урхинд тэр орно.
10 Түүнийг барих гогцоог газар нууж,
Зам дээр нь занга тавина.
11 Айдас хүйдэс түүнийг бүх талаас нь нөмөрч,
Араас нь шил даран хөөнө.
12 Хүч тэнхээ нь барагдаж,
Гамшгаас болж тэрбээр ганхана*.
13 Арьс нь идэгдэж,
Аюулт өвчинд бие нь нэрвэгдэнэ*.
14 Амар жимэр амьдарч байсан майхнаас нь түүнийг чирч гарган
Айдсын хаанд аваачна*.
15 Майханд нь танихгүй хүмүүс амьдарна.
Гэрт нь хүхэр цацагдана.
16 Үндэс нь доороо хатаж,
Мөчрүүд нь дээрээ гандана.
17 Дэлхийгээс дурсамж нь арчигдаж,
Гудамжинд нэрийг нь мэдэх хүнгүй болно.
18 Түүнийг гэрлээс харанхуй руу зайлуулж,
Үржил шимтэй газраас хөөнө.
19 Ард түмнийх нь дунд үр хүүхэд нь ч, ач зээ нь ч байхгүй болно.
Амьдран суудаг нутагт* нь амьд үлдэх хүнгүй болно.
20 Түүний сүйрлийн өдөр ирэхэд өрнийн хүмүүс балмагдаж,
Дорнын хүмүүс айдаст автана.
21 Бурууг үйлдэгчийн майханд,
Бурхныг мэддэггүй хүний гэрт ийм л явдал болдог юм».