Дуулал
Давидын дуулсан гашуудлын дуу. Тэрбээр бениамин хүн Кушийн үгийг сонсоод энэ дууг Еховад зориулан дуулжээ.
7 Миний Бурхан Ехова! Би танд хоргоддог.
Хавчигчдаас хамгаалж, намайг авраач.
2 Эс тэгвэл тэд намайг тасчин хаях нь ээ, яг л арслан шиг.
Намайг барьж авбал аврах хэн ч байхгүй.
3 Миний Бурхан Ехова! Хэрэв би буруутай бол,
Шударга бус юм хийсэн бол,
4 Сайн юм хийсэн хүнд муугаар хариулсан бол,
Эсвэл дайснаа шалтгаангүйгээр дээрэмдсэн бол
5 Дайсан минь намайг мөшгөн хөөж, барьж аваг.
Амийг минь газарт гишгэг.
Алдар хүндийг минь шороонд булаг. (Села)
6 Уурлан босооч, Ехова!
Өстнүүдийн минь хилэнг дарахаар өндийгөөч.
Миний төлөө сэрээч, шударга ёсыг шаардаач.
7 Үндэстнүүд таныг хүрээлэг.
Өндрөөс та тэднийг шүүнэ.
8 Ехова үндэстнүүдэд ял онооно.
Зөв шударга, үнэнч байдалд минь үндэслэн
Намайг шүүгээч, Ехова!
9 Муу хүмүүсийн бузар үйл хэргийг эцэслээч.
Харин зөв шударга хүмүүсийг дэмжээч.
Учир нь та зүрх сэтгэлийн гүн дэх нууцыг мэддэг* зөв шударга Бурхан билээ.
10 Бурхан бол миний бамбай, шулуун шударга хүмүүсийн Аврагч юм.
11 Бурхан бол зөв шударга Шүүгч.
Тэрбээр өдөр бүр нүгэлтнүүдийг ялладаг.
12 Хэрэв хүн гэмшихгүй бол Тэрбээр илдээ ирлэж,
Нумаа хөвчлөн онилдог.
13 Тэрбээр хөнөөлт зэвсгээ бэлдэж,
Галт сумаа зэхдэг.
14 Бузар мууг тээдэг хүнийг хар.
Тэрбээр гай зовлонгоор жирэмсэлж, худал хуурмагийг төрүүлдэг.
15 Гүнзгий нүх ухаж,
Түүндээ өөрөө унадаг.
16 Бузар муу хэрэг нь буцаад өөр дээр нь бууна.
Харгис хэрцгий явдал нь хар толгой дээр нь унана.
17 Ехова шударга учраас би түүнийг магтана.
Хамгийн Дээд Еховагийн нэрийг би магтан дуулна*.