Хоёрдугаар хаад
21 Манассе 12 насандаа хаан болж, Иерусалимд 55 жил төр барьжээ. Түүний эхийг Хефзиба гэдэг. 2 Израйлчуудын өмнөөс Еховагийн хөөн зайлуулсан үндэстнүүдийн жигшүүрт зан үйлийг Манассе даган Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг үйлдсэн юм. 3 Мөн тэрбээр эцэг Хезекиагийнхаа устгасан мөргөлийн өндөрлөгүүдийг дахин барьж, Израйлын хаан Ахабын адилаар Баалд зориулж тахилын ширээ хийн, ариун шон* босгов. Бас тэнгэрийн эрхэст мөргөж, үйлчилсэн юм. 4 Түүнээс гадна Еховагийн өргөөнд хуурамч бурхдад зориулж тахилын ширээнүүд босгожээ. Энэ өргөөний талаар Ехова: «Би Иерусалимд нэрээ алдаршуулна» гэж хэлж байсан юм. 5 Бас Еховагийн өргөөний хоёр хашаанд тэнгэрийн эрхэст зориулж тахилын ширээнүүд барьж босгожээ. 6 Мөн тэрбээр хүүгээ галд шатааж*, ид шид үйлдэж, совин тайлж, сүнс дуудагчид, мэргэ төлгөчдийг томилсон юм. Тэрбээр Еховагийн дургүйг хүргэн бузар муу гэж үздэг зүйлсийг нь асар ихээр үйлдэв.
7 Манассе хийсэн сийлмэл шүтээн болох ариун шонгоо Бурхны өргөөнд оруулж тавьжээ. Ехова тэр өргөөний тухай Давид болон хүү Соломонд нь «Би Израйлын овгуудын газар нутгуудаас өөрийнхөө сонгосон Иерусалимд, бас энэ өргөөнд нэрээ алдаршуулна. 8 Хэрэв израйлчууд үйлчлэгч Мосегийн минь дамжуулж өгсөн миний бүх хууль тушаалыг чанд сахивал би эцэг өвгөдөд нь өгсөн нутгаасаа тэднийг дахин хэзээ ч тэнүүчлүүлэхгүй» гэж хэлж байсан юм. 9 Гэвч тэд дуулгаваргүй загнав. Манассе тэднийг завхруулсаар байлаа. Израйлчуудын өмнөөс Еховагийн хөөн зайлуулж байсан үндэстнүүдийнхээс ч илүү бузар мууг үйлдүүлсэн юм.
10 Тиймээс Ехова зөнч үйлчлэгчдээрээ удаа дараа ийн хэлүүлж байсан. 11 «Иудагийн хаан Манассе энэ бүх жигшүүрт зүйлсийг үйлдэж, өөрөөсөө өмнө байсан аморичуудаас ч илүү бузар мууг үйлдэн, жигшүүрт шүтээнүүдээ* иудачуудаар шүтүүлж, нүгэл үйлдүүлсэн. 12 Иймээс Израйлын Бурхан Ехова ингэж айлдаж байна. “Би Иерусалим, Иудагийн дээр гай гамшиг буулгана. Үүнийг сонссон хүмүүсийн хоёр чих нь хангинана. 13 Би Самарийн дээгүүр сунгасан хэмжигч шугамаа Иерусалимын дээгүүр сунгана. Ахабын гэрийг тэгшилсэн тэгшлүүрээр Иерусалимыг тэгшилнэ. Хүн аягаа арчиж цэвэрлээд хөмрүүлж тавьдаг шиг би Иерусалимыг арчиж хаяна. 14 Би ард түмнийхээ үлдэгсдийг орхиж, дайснуудынх нь саварт тушаана. Тэд дайснууддаа тонуулж, олз нь болно. 15 Учир нь тэд бузар муу гэж миний үздэг зүйлсийг үйлдэж, эцэг өвгөдийг нь Египетээс гаргасан өдрөөс өнөөг хүртэл намайг уурлуулсаар байгаа” гэж айлдаж байна» хэмээн хэлүүлсэн.
16 Манассе Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг Иудагаар хийлгэж нүгэл үйлдүүлснээс гадна гэмгүй хүмүүсийн цусыг асар ихээр урсгаж, Иерусалимыг нэг захаас нөгөө захыг нь хүртэл цусаар будсан юм. 17 Манассегийн бусад түүх, хийж бүтээсэн бүхэн, үйлдсэн нүглүүд нь Иудагийн хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү? 18 Манассе эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрсжээ. Түүнийг ордных нь цэцэрлэгт буюу Уззагийн цэцэрлэгт оршуулжээ. Оронд нь хүү Амон нь хаан болов.
19 Амон 22 насандаа хаан болж, Иерусалимд хоёр жил төр барьжээ. Эх нь Иотбагийн хүн бөгөөд Харузын охин Мешуллемет юм. 20 Амон эцэг Манассегийнхаа нэгэн адил Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг үйлдсээр байв. 21 Тэрбээр эцгийнхээ замаар замнаж, эцгийнхээ шүтдэг байсан жигшүүрт шүтээнүүдийг шүтэж, мөргөсөөр байлаа. 22 Ийнхүү эцэг өвгөдийнхөө Бурхан Еховаг орхиж, Еховагийн заасан замаар яваагүй юм. 23 Эцэст нь Амоны албатууд хааныхаа эсрэг хуйвалдаан зохиож, ордонд нь хөнөөжээ. 24 Гэхдээ тэр нутгийн ард олон Амон хааны эсрэг хуйвалдаан зохиосон хүмүүсийг бүгдийг нь хөнөөж, Амоны оронд хүү Иосиаг нь хаан болгосон юм. 25 Амоны бусад түүх, хийсэн бүхэн нь Иудагийн хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү? 26 Түүнийг Уззагийн цэцэрлэг дэх өөрийнх нь булшинд оршуулжээ. Оронд нь хүү Иосиа нь хаан болов.