Левит
20 Тэгээд Ехова Мосед 2 «Израйлчуудад ингэж хэл. “Та нар болон та нарын дунд амьдран суугаа харийн хүн хүүхдээ Молехт өргөвөл тэр хүнийг заавал хөнөөх ёстой. Нутгийн хүмүүс тэр хүн рүү чулуу шидэж ална. 3 Би тэр хүнийг авч хэлэлцэхгүй хөнөөнө. Яагаад гэвэл тэр хүн хүүхдээ Молехт өргөж, ариун газрыг минь бузарлаж, миний ариун нэрийг гутаасан юм. 4 Хэрэв нутгийн хүмүүс Молехт хүүхдээ өргөсөн хүний хэргийг нүдээ анин өнгөрүүлж тэр хүнийг хөнөөхгүй бол 5 би тэр хүнийг ч, гэр бүлийнхнийг нь ч дайснаа гэж үзнэ. Тэр хүн болон тэр хүнтэй хамсаатан болж Молехийг шүтэн үнэнч бус загнасан* хэнийг ч бай хөнөөнө.
6 Сүнс дуудагч, мэргэ төлөгч нарт хандаж надаас урвасан* хүнийг би авч хэлэлцэхгүй хөнөөнө.
7 Би та нарын Бурхан Ехова учраас та нар тусгаар байж ариун бай. 8 Бас миний хууль тогтоолыг дагаж мөрдөгтүн. Би бол та нарыг тусгаарлан ариусгадаг Ехова.
9 Эцэг эхээ хараасан хүнийг заавал хөнөөх ёстой. Тэрбээр эцэг эхээ хараасан учраас амиараа төлж хариуцлага хүлээнэ*.
10 Өөр хүний эхнэртэй завхайрсан хүнд дараах ялыг онооно. Өөр хүний эхнэртэй завхайрсан хүнийг заавал хөнөөх ёстой. Хоёуланг нь хөнөөгтүн. 11 Эцгийнхээ эхнэртэй унтсан эрэгтэй эцгээ гутамшиг болгосон хэрэг. Завхайрсан хоёрыг хоёуланг нь хөнөөх ёстой. Тэд амиараа төлж хариуцлага хүлээнэ. 12 Эрэгтэй хүн бэртэйгээ унтвал хоёуланг нь заавал хөнөөх ёстой. Учир нь энэ нь байж болшгүй хэрэг. Тэд амиараа төлж хариуцлага хүлээнэ.
13 Эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй унтдагийн адилаар эрэгтэй хүнтэй унтвал тэд хоёул жигшүүртэй зүйл хийсэн хэрэг. Хоёуланг нь заавал хөнөөх ёстой. Тэд хийсэн хэргийнхээ хариуцлагыг үүрч амиараа төлнө.
14 Эрэгтэй хүн ямар нэг эмэгтэйг эхнэрээ болгон авсан хэр нь эхтэй нь бэлгийн хавьталд орвол энэ нь жигшүүртэй* хэрэг болно. Тэр эрэгтэй болон тэднийг шатаах ёстой. Тэгснээр та нарын дунд жигшүүрт хэрэг дахиж гарахгүй байх юм.
15 Хэрэв эрэгтэй хүн адгуус амьтантай хурьцвал тэр хүнийг хөнөөх ёстой. Амьтныг нь ч бас хөнөөгтүн. 16 Хэрэв эмэгтэй хүн адгуус амьтантай хурьцахаар ойртвол тэр эмэгтэйг болон амьтныг нь хөнөөх ёстой. Хэлтрүүлж болохгүй. Ийм юм үйлдсэн хүн амиараа төлж хариуцлага хүлээнэ.
17 Эрэгтэй хүн эгч юм уу охин дүүтэйгээ бэлгийн хавьталд орвол тэр нь эцгийнх нь ч охин бай, эхийнх нь ч охин бай жигшүүрт хэрэг болно. Тэднийг ард түмний нүдэн дээр хөнөөх ёстой. Тэрбээр эгч юм уу дүүгээ шившиг болгосон учраас нүглийнхээ хариуцлагыг үүрэх ёстой.
18 Хэрэв эрэгтэй хүн сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйтэй бэлгийн хавьталд орвол тэд хоёулаа цусыг ариун гэж үзээгүй хэрэг. Тэднийг хөнөөх ёстой.
19 Нагац эсвэл авга эгчтэйгээ бэлгийн хавьталд орж болохгүй. Тэгвэл цусан төрлөө шившиг болгоно. Тэд хоёул нүглийнхээ хариуцлагыг үүрэх ёстой. 20 Хэрэв эр хүн авга юм уу нагац ахынхаа эхнэртэй унтвал ахыгаа гутамшиг болгоно. Тэд үйлдсэн нүглийнхээ хариуцлагыг үүрэх ёстой. Тэд үр хүүхэдгүй үхнэ. 21 Эр хүн ах юм уу дүүгийнхээ эхнэрийг авах нь байж болшгүй жигшүүрт хэрэг юм. Ийм хэрэг хийсэн хүн ах юм уу дүүгээ гутаана. Тэд үр хүүхэдгүй үхнэ.
22 Та нар миний хууль тогтоол, шийдвэрийг дагаж мөрдөх ёстой. Тэгснээр миний та нарыг аваачиж оршин суулгах гэж байгаа нутаг та нарыг бөөлжин гаргахгүй. 23 Миний та нарын урдаас хөөн зайлуулж байгаа үндэстнүүдийн хууль тогтоолыг та нар дагаж болохгүй. Тэд энэ бүхнийг үйлддэг учраас би тэднийг жигшсэн юм. 24 Тийм болохоор би: «Тэдний сүү балаар бялхсан нутгийг та нар эзэмшинэ. Би тэр нутгийг та нарт эзэмшүүлэхээр өгнө. Би бол та нарыг үндэстнүүдээс тусгаарласан, та нарын Бурхан Ехова» гэж айлдсан билээ. 25 Та нар цэвэр болон бузар амьтан, цэвэр болон бузар шувууг ялгадаг байх ёстой. Миний бузар гэж хэлсэн амьтан, шувуу, газраар мөлхөгч* аливаа амьтнаар та нар өөрсдийгөө бузарлаж болохгүй. 26 Та нар миний өмнө ариун байх ёстой. Учир нь Ехова би ариун билээ. Би та нарыг үндэстнүүдийн дундаас ард түмнээ болгон тусгаарласан.
27 Сүнс дуудаж, мэргэ төлөг буулгасан эрэгтэй, эмэгтэй хэнийг ч бай заавал хөнөөх ёстой. Тэгэхдээ ард түмэн тэдэн рүү чулуу шидэж хөнөөнө. Тэрбээр үйлдсэн нүглийнхээ хариуцлагыг үүрч амиараа төлнө”» гэж айлдав.