Хоёрдугаар хаад
4 Зөнчдийн удмын нэг хүний эхнэр ихэд шаналан Елишад «Таны зарц, миний нөхөр нас барчихлаа. Нөхрийг маань Еховагаас үргэлж эмээдэг байсныг та сайн мэднэ. Гэтэл одоо зээлдүүлэгч ирээд хоёр хүүхдийг маань хоёуланг нь боолоо болгох гээд байна» гэв. 2 Елиша: «Би чамд яаж туслах вэ? Гэрт чинь юу байгаа вэ?» гэхэд эмэгтэй: «Зарцын тань гэрт ваартай тосноос өөр юу ч байхгүй» гэлээ. 3 Тэгэхэд нь Елиша: «Явж бүх айл хөршөөсөө хоосон сав гуйж ав. Аль болох олныг цуглуулаарай. 4 Тэгээд хоёр хүүтэйгээ гэр лүүгээ ороод хаалгаа хаа. Савнуудаа дүүргээд, дүүрснийг нь хажуудаа тавиад бай» гэв. 5 Ингээд тэр эмэгтэй Елишаг орхиж явжээ.
Тэрбээр хөвгүүдтэйгээ гэртээ ороод хаалгаа хаав. Хөвгүүд нь савнууд авч өгч, ээж нь дүүргэж байлаа. 6 Савнууд дүүрэхэд ээж нь нэг хүүдээ «Өөр сав аваад ир» гэхэд хүү нь: «Өөр сав алга» гэжээ. Тэгээд тос гарахаа болив. 7 Эмэгтэй энэ тухайгаа жинхэнэ Бурхны хүн дээр очиж хэлжээ. Тэгэхэд нь Елиша: «Явж тосоо зараад өрөө төл. Тэгээд үлдсэнээр нь чи хөвгүүдтэйгээ амь зуугаарай» гэжээ.
8 Нэгэн өдөр Елиша Шунем рүү явав. Тэнд олны хүндэтгэлийг хүлээсэн нэг эмэгтэй байлаа. Эмэгтэй түүнийг хоол зооглогтун хэмээн ятгасан юм. Ингээд Елиша тэр газраар явах бүрдээ тэднийд зоог барьдаг болов. 9 Тэр эмэгтэй нөхөртөө «Манайхаар байнга дайрч өнгөрдөг хүнийг Бурхны ариун хүн гэдгийг би мэдэж байна. 10 Хоёулаа дээвэр дээрээ тэр хүнд зориулж жижиг өрөө гаргаад дотор нь ор, ширээ, сандал, дэнгийн суурь тавья. Тэр хүн ирэхээрээ тэнд байрлаж байг» гэжээ.
11 Нэг өдөр Елиша тэднийд ирээд хэвтэхээр дээврийн өрөө рүү гарав. 12 Тэгээд зарц Гехазидаа «Шунем эмэгтэйг дууд» гэлээ. Гехази тэр эмэгтэйг дуудахад эмэгтэй өмнө нь ирж зогсов. 13 Тэгээд Елиша Гехазид «Эмэгтэйд ингэж хэл. “Бид танд их төвөг чирэгдэл учрууллаа. Таны төлөө юу хийх вэ? Би таны төлөө хаан юм уу цэргийн жанжинтай ярьж өгөх үү?” гээрэй» гэв. Эмэгтэй: «Хэрэггүй дээ. Би ойр дотнынхныхоо дунд санаа зовох юмгүй амьдарч байна» гэж хариулжээ. 14 Елиша: «Тэгвэл эмэгтэйн төлөө юу хийвэл сайн бэ?» гэхэд Гехази: «Тэр эмэгтэй хүүгүй, нөхөр нь ч нас дээр гарсан» гэлээ. 15 Тэгэхэд Елиша: «Түүнийг дуудаад ир» гэхэд Гехази түүнийг дуудаж, эмэгтэй үүдэнд нь ирж зогсов. 16 Елиша: «Чи дараа жилийн өдийд хүүтэй болно» гэхэд эмэгтэй: «Тийм юм гэж юу байх вэ, эзэнтэн минь! Жинхэнэ Бурхны хүн ээ, зарцдаа битгий худлаа яриач» гэжээ.
17 Гэсэн ч хэсэг хугацааны дараа тэр эмэгтэй жирэмсэлжээ. Елишагийн хэлснээр яг нэг жилийн дараа хүү төрүүлэв. 18 Хүү өсөж торнив. Нэгэн өдөр тэрбээр ургац хураагчидтай хамт байсан аав руугаа явжээ. 19 Хүү аавдаа «Толгой өвдөөд байна! Ёо ёо, толгой өвдөөд байна!» гээд байсан болохоор аав нь зарцдаа «Хүүг маань ээж дээр нь аваачаад өг» гэлээ. 20 Хүүг ээж дээр нь аваачиж өгсөнд хүү үд болтол ээжийнхээ өвөр дээр сууж байгаад нас барав. 21 Ээж нь дээш гарч, хүүгээ жинхэнэ Бурхны хүний орон дээр хэвтүүлээд өрөөнөөс гарч, хаалгыг нь хаажээ. 22 Тэгээд нөхрөө дуудаж «Над руу зарц нараас нэгийг нэг илжигтэй явуулаач. Би жинхэнэ Бурхны хүн рүү хурдан яваад ирье» гэхэд 23 нөхөр нь: «Чи яагаад заавал өнөөдөр уулзах гээд байгаа юм бэ? Шинэ сарын баяр ч, Амралтын өдөр ч болоогүй байна шүү дээ» гэлээ. Тэгэхэд эхнэр нь: «Зүгээр ээ» гэв. 24 Тэгээд эмэгтэй илжгээ эмээллэж зарцдаа «Бушуулаарай! Намайг хэлэхээс нааш хурдаа битгий сааруулаарай!» гэжээ.
25 Ийнхүү эмэгтэй жинхэнэ Бурхны хүнтэй уулзахаар Кармел уул руу явав. Жинхэнэ Бурхны хүн эмэгтэйг холоос хармагцаа зарц Гехазидаа «Хар даа, шунем эмэгтэй ирж явна. 26 Гүйж очоод түүнээс “Та сайн уу? Нөхөр хүүхэд тань сайн уу?” гэж асуу» гэлээ. Түүнийг очоод асуухад эмэгтэй: «Бүгд сайн байгаа» гэв. 27 Эмэгтэй уулан дээр очоод жинхэнэ Бурхны хүний хөлөөс нь зуурч авав. Гехази дөхөж очоод эмэгтэйг холдуулах гэхэд жинхэнэ Бурхны хүн: «Түүнийг зүгээр орхи. Сэтгэл нь их шаналж байгаа юм байна. Гэхдээ яг юунаас болсныг нь мэдэхгүй. Ехова надад хэлээгүй» гэлээ. 28 Эмэгтэй: «Би эзэнтнээсээ хүү гуйсан уу? Би танд “Та надад хуурамч найдлага битгий төрүүлээч” гэж хэлсэн биз дээ?» гэв.
29 Елиша тэр даруй Гехазид «Хормойгоо шуугаад миний таягийг бариад яв. Хүнтэй таарвал битгий мэндэл. Хүн чамтай мэндэлбэл битгий хариул. Явж миний таягийг хүүгийн нүүрэн дээр тавь» гэхэд 30 хүүгийн ээж: «Амьд Бурхан Еховагаар болон таны амьд буйгаар тангараглая. Таныг хамт явахгүй бол би эндээс явахгүй» гэлээ. Иймээс Елиша түүнтэй хамт явав. 31 Гехази түрүүлж очоод хүүгийн нүүрэн дээр таягийг тавьсан боловч хүүгээс ямар ч дуу авиа гарсангүй, ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Тэгээд Гехази Елиша дээр буцаж очоод «Хүү сэргэсэнгүй» гэлээ.
32 Елишаг гэрт ороход нас барсан хүү орон дээр нь байв. 33 Елиша өрөөндөө орж хаалгаа хаалаа. Өрөөнд нас барсан хүү болон Елишагаас өөр хэн ч байсангүй. Тэгээд Елиша Еховад залбирчээ. 34 Тэгээд ор луу гарч хүүгийн дээрээс амаа аман дээр нь, нүдээ нүдэн дээр нь, алгаа алган дээр нь тавьж наалдасхийн хэвтэв. Тэгэхэд хүүгийн бие бүлээсэж эхэлжээ. 35 Елиша байшин дотор нааш цааш холхиод дахин орон дээр гарч, хүүгийн дээрээс наалдасхийн хэвтэв. Хүү долоон удаа найтаагаад нүдээ нээлээ. 36 Елиша Гехазийг дуудаж «Шунем эмэгтэйг дууд» гэв. Гехази эмэгтэйг дуудахад эмэгтэй ирлээ. Елиша эмэгтэйд «Хүүгээ ав даа» гэжээ. 37 Ийнхүү эмэгтэй орж өмнө нь сөхөрч мөргөөд хүүгээ авч гарав.
38 Елишаг Гилгалд буцаж очиход өлсгөлөн болж байв. Елишагийн өмнө зөнчдийн хөвгүүд сууж байсан бөгөөд Елиша зарцдаа «Том тогоо тавиад зөнчдийн хөвгүүдэд шөл буцалгаж өг» гэв. 39 Нэг нь ургамал ногоо түүхээр хээр гараад зэрлэг ороонго олж, түүнээсээ зэрлэг хулуу түүж хормойгоо дүүргэв. Тэгээд буцаж ирээд юуг нь мэдэхгүйгээр тогоотой шөл рүү хэрчиж хийжээ. 40 Тэгээд тэд эрчүүдэд хоол аягалж өгөхөд тэд идмэгцээ «Жинхэнэ Бурхны хүн ээ, тогоотой хоол хортой байна!» гэцгээв. Тэд хоолноос идэж чадсангүй. 41 Елиша: «Гурил авчир!» гэлээ. Гурил авчрахад нь Елиша тогоо руу хийж, «Хүмүүст аягалж өг» гэв. Тогоон доторх хоол хоргүй болсон байлаа.
42 Нэгэн удаа Баал-шалишагаас хүн ирээд жинхэнэ Бурхны хүнд арвайн анхны боловсорч гүйцсэн үр тариагаар хийсэн 20 талх, бас нэг уут шинэ тариа өгөв. Тэгэхэд нь Елиша: «Хүмүүст өг. Тэд идэг» гэлээ. 43 Зарц нь: «Би энийг яаж 100 хүнд өгөх юм бэ?» гэхэд Елиша: «“Тэд идсэн ч илүү гарна” гэж Ехова хэлсэн учраас хүмүүст өг. Тэд идэг» гэв. 44 Тэгээд зарц тэдгээрийг хүмүүсийн өмнө тавихад тэд идсэн бөгөөд Еховагийн хэлснээр хоол илүү гарчээ.