Левит
15 Ехова цааш нь Мосе Аарон хоёрт 2 «Израйлчуудад ингэж хэл. “Ямар нэг өвчний улмаас эр хүний бэлгэ эрхтнээс* гоождос гарвал тэр хүн бузартана. 3 Бэлгэ эрхтнээс нь гоождос гарсаар байсан ч эсвэл гарахгүй бөглөрсөн байсан ч тэр хүн гоождостой учраас бузар хэвээрээ байна.
4 Гоождостой хүний хэвтсэн ор, суусан бүх юм нь бузартана. 5 Тэр хүний ор дэрэнд хүрсэн хүн хувцсаа угааж, усанд орох ёстой. Тэрбээр орой болтол бузар байна. 6 Гоождостой хүний суусан юман дээр суусан хүн хувцсаа угааж, усанд орох ёстой бөгөөд орой болтол бузар байна. 7 Гоождостой хүний биед хүрсэн хүн хувцсаа угааж, усанд орох ёстой бөгөөд орой болтол бузар байна. 8 Гоождостой хүний шүлс цэвэр хүн рүү үсэрвэл* тэр цэвэр хүн хувцсаа угааж, усанд орох ёстой. Тэрбээр орой болтол бузар байна. 9 Гоождостой хүний сууж явсан эмээл бузартана. 10 Суусан юманд нь хүрсэн эсвэл зөөсөн хүн хувцсаа угааж, усанд орох ёстой бөгөөд орой болтол бузар байна. 11 Гоождостой хүн гараа угаалгүй хүнд хүрвэл тэр хүн нь хувцсаа угааж, усанд орох ёстой бөгөөд орой болтол бузар байна. 12 Гоождостой хүний хүрсэн шавар савыг хагалж, модон савыг угаах ёстой.
13 Хэрэв гоождос нь зогсвол тэр өдрөөсөө долоон хоногийн дараа хувцсаа угааж, булгаас авсан усанд орох ёстой. Ингээд цэвэр болно. 14 Тэгээд найм дахь өдөр нь хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр залуу тагтаа авч цугларалтын асрын үүдэнд Еховагийн өмнө тахилчид аваачиж өгөх ёстой. 15 Тахилч нэгийг нь нүглийн төлөөх тахил, нөгөөг нь шатаалт тахил болгон өргөж тэр хүнийг Еховагийн өмнө бузраас ариусгана.
16 Хэрэв эрэгтэй хүнээс үрийн шингэн гарвал усанд орж бүх биеэ угаах ёстой. Тэрбээр орой болтол бузар байна. 17 Мөн үрийн шингэнтэй хувцас хунар, арьсан эдлэлийг угаах ёстой. Тэр нь орой болтол бузар байна.
18 Хэрэв эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй унтахад үрийн шингэн нь гарвал тэд хоёулаа усанд орох ёстой бөгөөд орой болтол бузар байна.
19 Хэрэв эмэгтэй хүний сарын тэмдэг нь ирвэл долоон хоног бузар байна. Тэр эмэгтэйд хүрсэн хүн орой болтол бузар байна. 20 Сарын тэмдгийн бузартлынхаа үед эмэгтэйн хэвтсэн, суусан бүх юм нь бузар болно. 21 Тэр хүний оронд хүрсэн хүн хувцсаа угааж, усанд орох ёстой бөгөөд орой болтол бузар байна. 22 Мөн суусан юманд нь хүрсэн хүн хувцсаа угааж, усанд орох ёстой бөгөөд орой болтол бузар байна. 23 Эмэгтэйн ор юм уу суусан юманд нь хүрсэн хүн орой болтол бузар байна. 24 Хэрэв эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй унтаж байгаад сарын тэмдгийнх нь цусаар бузартвал долоон хоног бузар байна. Тэр эрэгтэйн хэвтсэн аливаа ор бузартана.
25 Хэрэв эмэгтэй хүнээс сарын тэмдгээс нь өөр үед олон хоног цусан гоождос гарвал эсвэл ердийнхөөс олон хоног сарын тэмдэг нь ирвэл тэр эмэгтэй гоождостой бүхий л хугацаандаа сарын тэмдгийн бузартлын үеийнх шигээ бузар байна. 26 Гоождостой үедээ тэр эмэгтэйн хэвтсэн аливаа ор нь сарын тэмдгийнхээ үед хэвтсэн ор шиг нь бузартана. Мөн суусан бүх юм нь сарын тэмдгийнх нь үеийнх шиг бузартана. 27 Тэдгээр юманд хүрсэн хүн бузартах учраас хувцсаа угааж, усанд орох ёстой. Тэрбээр орой болтол бузар байна.
28 Эмэгтэйн гоождос нь зогсвол долоон хоногийн дараа цэвэр болно. 29 Найм дахь өдөр нь хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр залуу тагтаа авч цугларалтын асрын үүдэнд тахилчид аваачиж өгөх ёстой. 30 Тахилч нэгийг нь нүглийн төлөөх тахил, нөгөөг нь шатаалт тахил болгон өргөж тэр эмэгтэйг Еховагийн өмнө бузраас ариусгана.
31 Ийнхүү израйлчуудыг бузраас ангид байлгагтун. Тэгэхгүй бол тэд дундаа байгаа миний асрыг бузарлаж, тэрнээсээ болж үхнэ.
32 Энэ хууль бол гоождостой эрэгтэй хүн, мөн үрийн шингэн нь гарч бузартсан эрэгтэйн тухай, 33 сарын тэмдгийн бузарталтай эмэгтэй болон элдэв гоождостой эрэгтэй, эмэгтэй хүний тухай, бас бузартсан эмэгтэйтэй унтсан эрэгтэйн тухай хууль юм”» гэж айлдав.