Исаиа
6 Уззиа хааны таалал төгссөн жил би Еховаг өндөр дээд сэнтийдээ заларч байхыг харав. Хувцасных нь хормой сүмийг бүрхэж байлаа. 2 Дээд талд нь серафууд зогсоно. Тус бүр зургаан жигүүртэй ажээ. Хоёроор нь нүүрээ бүтээж, хоёроор нь хөлөө хучиж, хоёроор нь нисэж байлаа.
3 Тэд нэг нэгэндээ хандан
«Тэнгэрийн цэргийн жанжин Ехова ариун, ариун, ариун.
Дэлхийг дүүргэдэг бүхнээс цог жавхлан нь харагддаг» гэж хэлж байв.
4 Тэдний дуунд хаалганы хатавч доргиж, өргөө утаагаар дүүрэв.
5 «Би золгүй еэ!
Үхэх минь гарцаагүй боллоо.
Би бузар уруултай хүн.
Бузар уруултай ард түмний дунд амьдардаг.
Хааныгаа, тэнгэрийн цэргийн жанжин Еховагаа харлаа!» гэж би хэллээ.
6 Тэгтэл нэг сераф над руу нисэн ирэв. Тахилын ширээн дээрх галтай нүүрсийг чимхүүрээр барьсан байлаа. 7 Тэгээд миний аманд хүргэн
«Энэ чиний уруулд хүрсэн учир
Гэм буруу чинь уучлагдаж,
Нүгэл чинь цагаатгагдлаа» гэж хэлэв.
8 Дараа нь би Еховагийн дууг сонслоо. «Хэнийг би явуулах вэ? Хэн бидний төлөө явах вэ?» гэхэд нь «Би явъя! Намайг явуулаач!» гэж би хэлэв.
9 Тэрбээр надад ингэж хэллээ. «Миний ард түмэн рүү очиж
“Та нар дахин дахин сонсох боловч
Юу ч ойлгохгүй.
Дахин дахин харах боловч
Юу ч мэдэж авахгүй” гэж хэл.
10 Энэ ард түмний зүрх сэтгэлийг хатууруулж,
Чихийг нь дүлий,
Нүдийг нь сохор болго.
Эс тэгвэл тэд нүдээрээ харж,
Чихээрээ сонсож,
Зүрх сэтгэлээрээ хүлээн авч,
Над руу эргэн ирж, эдгэрэх вий».
11 Тэгэхэд би: «Ехова, хэдий болтол ийм байх вэ?» гэж асуув.
Тэрбээр хариулсан нь: «Хотууд оршин суугчгүй балгас болтол,
Байшингууд хүнгүй болтол,
Газар нутаг сүйрч эзгүйртэл,
12 Ехова хүмүүсийг алс хол зайлуултал,
Газар нутаг тэр аяараа цөлжтөл ийм байна.
13 Гэвч Израйлын ард түмний аравны нэг нь үлдэнэ. Тэднийг ч дахин шатаана. Израйлын ард түмэн бол том мод, царс мод адил юм. Тэдгээр модыг тайрахад хожуул нь үлддэг. Тэр хожуулаас ариун нахиа* ургана».