Нэгдүгээр хаад
20 Сирийн хаан Бен-хадад бүх цэргээ болон 32 хааныг морьт цэрэг, тэрэгт цэргүүдийнх нь хамт цуглуулаад явж, Самарийг бүслээд тулалдав. 2 Тэрбээр Самари хот руу элч нарыг илгээж Израйлын хаан Ахабт «Бен-хадад ийн айлдаж байна. 3 “Чиний алт мөнгө, хамгийн сайхан эхнэрүүд, хөвгүүд чинь минийх”» гэж хэлүүлэв. 4 Тэгэхэд нь Израйлын хаан: «Хаан эзэн минь, таны хэлснээр болог. Би, бас миний гэх бүхэн таных» гэлээ.
5 Дараа нь өнөөх элч нар дахин ирж «Бен-хадад ингэж хэллээ. “Би чамд «Чиний алт мөнгө, эхнэрүүд, хөвгүүд минийх болно» гэж хэлүүлсэн. 6 Маргааш өдийд би албатуудаа чам руу явуулна. Тэд чиний ордныг, албатуудын чинь гэрийг сайтар нэгжиж, чиний үнэ цэнтэй бүхнийг авч явна” гэж хэлүүллээ» гэв.
7 Израйлын хаан улсынхаа бүх ахлагчийг дуудаад «Энэ хүн бидэнд гай тарихаар шулуудсаныг харж байна уу? Тэр миний эхнэрүүд, хөвгүүд, алт мөнгийг шаардахад би татгалзаагүй шүү дээ» гэхэд 8 ахлагчид, ард олон бүгд түүнд «Битгий үгийг нь дага, битгий зөвшөөр» гэв. 9 Иймээс Ахаб Бен-хададын элч нарт «Эзэн хаанд минь ингэж хэлээрэй. “Зарц надаас шаардсан эхний зүйлийг тань би биелүүлнэ. Харин үүнийг бол чадахгүй нь” гээрэй» хэмээн айлдав. Элч нар явж үгийг нь хаандаа дамжуулжээ.
10 Бен-хадад Ахабт «Хэрэв намайг дагаж буй хүмүүсийн атганд багтах шороо Самарид үлддэг л юм бол бурхад намайг хатуу шийтгэг» гэж хэлүүлэв. 11 Израйлын хаан хариуд нь «“Дайн тулаан эхлээ ч үгүй байхад ялчихсан юм шиг онгирох хэрэггүй*” гэж түүнд хэл» гэв. 12 Бен-хадад бусад хаантай хамт майхандаа* ууж байхдаа энэ тухай сонсоод тэр даруй албатууддаа «Дайтахад бэлд» гэв. Иймд тэд хот руу дайрахад бэлдлээ.
13 Тэгтэл нэгэн зөнч Израйлын хаан Ахаб дээр очоод «Ехова: “Чи өмнө нь ийм их цэрэг харж байсан уу? Би тэднийг ялахад чинь чамд тусална. Тэгэхэд чи намайг Ехова гэдгийг мэдэх болно” гэж айлдаж байна» гэв. 14 Ахаб: «Яаж тэр вэ?» гэхэд «“Мужуудын чинь захирагчдын туслахуудын тусламжтайгаар” гэж Ехова айлдаж байна» гэлээ. Тэгэхэд нь Ахаб: «Хэн тулааныг эхлүүлэх вэ?» гэхэд «Чи!» гэлээ.
15 Дараа нь Ахаб мужуудынхаа захирагчдын туслахуудыг тоолоход 232, Израйлын цэргүүдийг тоолоход 7 000 байв. 16 Тэд үд дундын алдад гарч явав. Тэр үед Бен-хадад өөрт нь тусалж буй 32 хаантай хамт ууж хөлчүүрч байлаа. 17 Мужуудын захирагчдын туслахуудыг хотоос гарч ирэхэд Бен-хадад юу болж байгааг харуулахаар хүмүүсээ явуулав. Тэд түүнд «Самариас хүмүүс гарч ирж байна» гэж мэдээллээ. 18 Бен-хадад: «Тэднийг найрамдахаар ирсэн ч бай, дайтахаар ирсэн ч бай амьдаар нь барьж ав» гэж тушаав. 19 Харин мужуудын захирагчдын туслахууд болон хамт яваа цэргүүд нь хотоос гарч ирээд 20 хүн бүр өөдөөс нь ирсэн дайснаа хөнөөв. Тэгэхэд сиричүүд зугтсан бөгөөд израйлчууд тэднийг нэхэн хөөв. Сирийн хаан Бен-хадад хүлэг морио унаад хэдэн морьт цэргийнхээ хамт зугтаж амжсан юм. 21 Израйлын хаан Сирийн морьт цэрэг, тэрэгт цэргүүдийг хөнөөж явсаар сиричүүдийг үй олноор нь хядав.
22 Дараа нь өнөөх зөнч Израйлын хаан дээр очоод «Дараа жилийн эхээр* Сирийн хаан тан руу довтлох тул явж хүчээ зузаатгаад юу хийх ёстойгоо бод» гэлээ.
23 Сирийн хааны албатууд хаандаа «Тэдний Бурхан бол уулын Бурхан. Тийм болохоор л тэд ялсан. Хэрвээ тал газар тулалдвал бид ялна. 24 Бас ингэх нь зүйтэй. Цэргээ хаадаар биш, захирагчдаар удирдуул. 25 Алдсан цэргээ цэргээр, морио мориор, тэргээ тэргээр нөхөж цуглуул. Израйлчуудтай тал газар тулалдъя. Тэгвэл бид гарцаагүй ялна» гэв. Хаан тэдний зөвлөгөөг сонсож хэлснээр нь хийв.
26 Жилийн эхэнд* Бен-хадад израйлчуудтай тулалдахаар сиричүүдийг цуглуулаад Афек руу явлаа. 27 Израйлчууд ч цуглан, хоол хүнсээ базаагаад тэдэнтэй тулалдахаар явж өмнө нь хуарагнав. Сиричүүд тэр газрыг бүрхсэн байтал израйлчууд хажууд нь хоёр хэсэг багахан ямаан сүрэг шиг байлаа. 28 Тэгээд өнөөх жинхэнэ Бурхны хүн Израйлын хаанд дөхөж очоод «Ехова ингэж айлдаж байна. “Сиричүүд: «Ехова бол уулын Бурхан болохоос тал газрын Бурхан биш» гэцгээсэн учраас би Сирийн энэ их цэргийг чиний эрхшээлд оруулна. Тэгээд чи намайг Ехова гэдгийг гарцаагүй мэднэ”» гэж хэлэв.
29 Тэд хоёр талд долоон хоног хуарагнаад долоо дахь өдрөө дайтаж эхлэв. Израйлчууд нэг өдрийн дотор Сирийн 100 000 явган цэргийг хөнөөжээ. 30 Үлдсэн цэргүүд нь Афек хот руу зугтаж очив. Гэтэл 27 000 цэргийнх нь дээрээс хэрэм нуржээ. Бен-хадад ч мөн тэр хот руу зугтаж очоод нэг байшингийн дотоод өрөөнд нуугдсан юм.
31 Албатууд нь Бен-хададад «Бид Израйлын хаадыг өршөөнгүй гэж сонссон. Тиймээс бүгдээрээ ташаагаа таараар ороож, толгойдоо олс уяад Израйлын хаан дээр очъё. Тэгвэл таны амийг хэлтрүүлж магадгүй» гэв. 32 Ингээд тэд ташаагаа таараар ороож, толгойдоо олс уяад Израйлын хаан дээр очоод «Таны зарц Бен-хадад: “Амийг минь өршөө” гэж хэлүүлж байна» гэхэд хаан: «Тэр амьд байгаа юм уу? Тэр ах дүүгээс минь өөрцгүй шүү дээ» гэлээ. 33 Бен-хададын албатууд үүнийг сайны тэмдэг гэж үзээд тэр даруй үгийг нь өлгөн авч «Бен-хадад ах дүүгээс тань өөрцгүй шүү дээ» гэхэд Израйлын хаан: «Явж түүнийг авчир» гэж тушаав. Бен-хададыг ирэхэд хаан тэргэндээ суулгажээ.
34 Бен-хадад Ахабт «Миний эцгийн таны эцгээс авсан хотуудыг би танд буцааж өгнө. Эцэг минь Самарид худалдааны гудамжнуудтай байсан шиг та Дамаскт тийм газруудыг байгуулж болно шүү дээ» гэлээ.
Ахаб: «Хэлсэн үгэн дээр чинь үндэслэн гэрээ байгуулж, чамайг явуулъя» гэв.
Тэгээд гэрээ байгуулаад явуулжээ.
35 Еховагийн тушаалаар зөнчдийн хөвгүүдийн* нэг нь хамт яваа хүндээ «Намайг цохь» гэж хэлсэн боловч тэр эрэгтэй цохихоос татгалзав. 36 Тэгэхэд нь «Чи Еховагийн үгийг дагаагүй учраас надаас салж явмагцаа арсланд бариулж үхнэ» гэв. Өнөөх эрийг түүнээс салж явмагц арслан гарч ирээд барьжээ.
37 Зөнч эр өөр нэг эрэгтэйг олж уулзаад «Намайг цохь» гэхэд тэр эр түүнийг цохиж шархдуулжээ.
38 Тэгээд зөнч нүдээ боож танигдахгүй болоод явж замын дэргэд хааныг хүлээв. 39 Хааныг явж өнгөрөхөд тэрбээр хаанд чангаар «Таны боол би тулааны хамгийн ширүүн хэсэг рүү орсон юм. Тэгтэл нэг хүн нэг эрэгтэйг дагуулж ирээд “Чи энэ хүнийг харж байгаарай. Алдах юм бол тэр хүний оронд чиний амийг авна. Амиа алдмааргүй байвал нэг мөнгөн талант* өгнө гэж мэд” гэсэн. 40 Гэтэл боол намайг энд тэнд юм хийгээд завгүй байж байтал нөгөө хүн гэнэт алга болчихсон» гэв. Израйлын хаан: «Чи өөрөө зөвшөөрсөн юм чинь, шийтгүүлэхээс өөр аргагүй болж» гэхэд 41 зөнч тэр даруй нүднийхээ боолтыг авав. Тэгэхэд Израйлын хаан түүнийг зөнчдийн нэг болохыг таньжээ. 42 Зөнч түүнд «Ехова ингэж айлдаж байна. “Чи миний хөнөөгөөрэй гэсэн хүнийг тавьж явуулсан учраас түүний оронд чи үхэж, түүний ард түмний оронд чиний ард түмэн үхэх ёстой” гэж байна» гэлээ. 43 Тэгэхэд нь Израйлын хаан баргар царайлж, гуньж гутран Самари дахь гэр лүүгээ явав.