Нэгдүгээр хаад
12 Израйлчууд бүгдээрээ Рехобоамыг хаан болгохоор Шехемд цугласан тул Рехобоам Шехем рүү явав. 2 Энэ тухай Небатын хүү Иеробоам дуулав (тэрбээр Соломон хаанаас зугтаад Египетэд амьдарч байсан юм). 3 Тэд Иеробоам руу хүн явуулж түүнийг дуудуулав. Тэгээд Иеробоам болон израйлчууд бүгдээрээ Рехобоам дээр очоод 4 «Таны эцэг бидний буулгыг хүнд болгосон. Хэрвээ эцгийнхээ бидэнд оноосон бэрх алба, үүрүүлсэн хүнд буулгыг хөнгөлж өгвөл бид танд үйлчилнэ» гэж хэлэв.
5 Рехобоам тэдэнд «Гурван өдрийн дараа над дээр эргээд ир» гэхэд тэд явлаа. 6 Тэгээд Рехобоам эцэг Соломоныг нь амьд байхад түүнд үйлчилж байсан ахмадуудтай* зөвлөлдөж «Энэ хүмүүст юу гэж хариулахыг надад зөвлөөч» гэхэд 7 тэд: «Хэрвээ та өнөөдөр энэ ард олны зарц болж, гуйлтыг нь хүлээж аваад нааштай хариу өгвөл тэд үргэлж таны албат байна» гэлээ.
8 Гэсэн ч тэрбээр ахмадуудын өгсөн зөвлөгөөг үл тоож, өөртэй нь хамт өссөн, одоо албатууд нь болсон залуу эрчүүдтэй зөвлөлдөв. 9 Тэднээс «“Эцгийнхээ бидэнд үүрүүлсэн хүнд буулгыг хөнгөлж өгөөч” гэсэн энэ хүмүүсийн гуйлтад юу гэж хариулах талаар та нар надад зөвлөөч» гэхэд 10 өөртэй нь хамт өссөн залуу эрчүүд түүнд хэлэх үгийг нь зааж өгөн «“Эцэг чинь бидний буулгыг хүнд болгосон ч чи хөнгөн болгож өгөх ёстой” гэж хэлсэн хүмүүст “Эцгийнхээ шаардсанаас бүр ихийг би та нараас шаардана. 11 Эцэг минь та нарт хүнд буулга үүрүүлсэн бол би бүр хүнд болгоно. Эцэг минь та нарыг жирийн ташуураар шийтгэсэн бол би та нарыг хурц хурц үзүүртэй ташуураар шийтгэнэ” гэж хэл» гэжээ.
12 Рехобоамын «Гурван өдрийн дараа над дээр ирээрэй» гэж хэлсний дагуу Иеробоам болон ард түмэн бүгдээрээ гурав дахь өдөр нь очив. 13 Гэтэл хаан ахмадуудын өгсөн зөвлөгөөг үл тоон, ард олонд хатуу ширүүн хариу өглөө. 14 Тэрбээр залуу эрчүүдийн өгсөн зөвлөгөөний дагуу «Эцэг минь та нарын буулгыг хүнд болгосон бол би буулгыг чинь бүр хүнд болгоно. Эцэг минь та нарыг жирийн ташуураар шийтгэсэн бол би хурц үзүүртэй ташуураар шийтгэнэ» гэж хариулсан юм. 15 Ийнхүү хаан ард олны үгийг сонссонгүй. Учир нь Ехова Небатын хүү Иеробоамд шилон хүн Ахиагаар хэлүүлсэн үгээ биелүүлэхийн тулд Ехова хэрэг явдлыг ийнхүү эргүүлсэн юм.
16 Өөрсдийнх нь үгийг хаан үл ойшоосныг израйлчууд* ойлгоод хаанд хандан «Бид Давидтай ямар ч холбоогүй. Иессигийн хүү Давидаас бид юу ч олж долоохгүй. Израйлчууд аа, бурхад руугаа явцгаа. Давидын үр сад аа, өөрсдийнхнийгөө л захир!» гэж хэлээд гэр гэр лүүгээ буцацгаав. 17 Харин Рехобоам Иудагийн хотуудад амьдардаг израйлчуудыг үргэлжлүүлэн захирав.
18 Дараа нь Рехобоам хаан албадлагын ажилчдын хариуцагч Адорамыг израйлчууд руу явуулахад тэд түүн рүү чулуу шидэн хөнөөжээ. Рехобоам хаан шалавхан тэргэндээ суун Иерусалим руу зугтав. 19 Израйлчууд өнөөг хүртэл Давидын үр удамд тэрсэлсээр байна.
20 Израйлчууд бүгдээрээ Иеробоамыг буцаж ирснийг дуулмагцаа түүнийг чуулганд дуудаж ирүүлээд Израйлын хаанаар томилов. Иуда овгийнхноос өөр хэн ч Давидынхныг дагаагүй юм.
21 Соломоны хүү Рехобоам Иерусалимд буцаж ирмэгцээ засаглалаа сэргээхийн тулд Израйлтай тулалдахаар Иуда, Бениамин овгийнхныг цуглуулахад 180 000 бэлтгэгдсэн дайчид ирэв. 22 Тэгэхэд жинхэнэ Бурхан зөнч Шемаиадаа* үгээ айлдан 23 «Соломоны хүү, Иудагийн хаан Рехобоамд, мөн Иуда, Бениамин овгийнхон болон бусад хүнд ингэж хэл. 24 “Ехова: «Та нар израйл ахан дүүстэйгээ тулалдахаар явах ёсгүй. Би энэ бүхнийг учруулж байгаа учраас хүн нэг бүр чинь гэртээ харигтун» хэмээн айлдсан” гэж хэл» гэлээ. Тиймээс тэд Еховагийн үгэнд орж, Еховагийн хэлснээр гэр гэр лүүгээ буцацгаав.
25 Иеробоам Ефраимын уулархаг нутаг дахь Шехемийг бэхлэлт бүхий болгож, тэндээ амьдрав. Тэндээсээ явж Пенуелийг бэхлэлт бүхий болголоо. 26 Иеробоам дотроо «Одоо засаглал эргээд Давидынхных болно. 27 Хэрвээ энэ ард олон Иерусалим дахь Еховагийн өргөөнд тахилуудаа өргөсөөр байвал зүрх сэтгэл нь бас Иудагийн хаан, эзэн Рехобоам руугаа эргэх болно. Тийм ээ, тэд намайг алаад Иудагийн хаан Рехобоам руу буцна» гэж бодов. 28 Хаан зөвлөхүүдтэйгээ зөвлөлдсөнийхөө дараа хоёр алтан тугал бүтээгээд ард олонд «Иерусалим руу явах нь та нарт төвөгтэй шүү дээ. Израйлчууд аа, та нарыг Египетээс гаргаж авчирсан, та нарын Бурхан энэ байна» гэж хэлэв. 29 Тэгээд нэгийг нь Бетелд, нөгөөг нь Данд тавив. 30 Энэ нь тэднийг нүгэл үйлдэхэд хүргэсэн бөгөөд ард олон Данд байгаа тугалыг шүтэхээр тэр хүртэл явжээ.
31 Иеробоам бас өндөрлөг газруудад сүм дуганууд барьж, тахилчдыг леви биш энгийн хүмүүсийн дундаас томилов. 32 Тэрбээр Иудад болдогтой адил баярыг 8 дугаар сарын* 15-нд тэмдэглэж байх зарлиг гаргав. Бас Бетелд босгосон тахилын ширээн дээрээ өөрийнхөө бүтээсэн тугалууддаа зориулж тахил өргөжээ. Мөн Бетел дэх өөрийнхөө байгуулсан мөргөлийн өндөрлөгүүдэд үйлчлэх тахилчдыг томилов. 33 Иеробоам өөрийнхөө сонгосон 8 дугаар сарын 15-ны өдөр Бетелд, өөрийнхөө босгосон тахилын ширээн дээрээ тахилууд өргөдөг болов. Ийнхүү тэрбээр израйлчуудад зориулан баяр зохиож, тахилын ширээ рүү очин тахилууд өргөж, тахилын утаа суунаглуулсан юм.