Эхлэл
40 Эдгээр явдлын дараа Египетийн хааны ахлах сөнч ахлах талхчин хоёр хаан эзнийхээ эсрэг нүгэл үйлдэв. 2 Иймд фараон хоёр албатдаа буюу ахлах сөнч, ахлах талхчиндаа хилэгнэжээ. 3 Тэгээд бие хамгаалагчдын ахлагчийн хариуцдаг шоронд хийлгэв. Тэр шоронд Иосеф хоригдож байлаа. 4 Бие хамгаалагчдын ахлагч, Иосефыг тэдэнтэй хамт байлгаж, үйлчлүүлж байхаар болжээ. Тэд нэг хэсэгтээ шоронд байв.
5 Египетийн хааны сөнч талхчин хоёр шоронд байхдаа хоёулаа нэг шөнө зүүд зүүдэлжээ. Зүүднүүд нь өөр өөр тайлалтай ажээ. 6 Маргааш өглөө нь Иосеф ирээд хартал тэд баргар царайтай байлаа. 7 Иосеф эзнийх нь шоронд өөртэй нь хамт хоригдож байгаа фараоны хоёр албатаас «Та хоёр өнөөдөр яагаад ийм дүнсгэр байна вэ?» гэж асуухад 8 тэд: «Бид хоёулаа зүүд зүүдэлсэн юм. Гэвч тайлж өгөх хүн алга» гэжээ. Иосеф тэдэнд «Бурхан зүүдийг тайлдаг шүү дээ. Надад хэлээч» гэв.
9 Ингээд ахлах сөнч Иосефт зүүдээ ярив. Тэрбээр: «Миний өмнө усан үзмийн мод байхыг би зүүдэндээ үзсэн юм. 10 Мод гурван мөчиртэй байсан ба нахиалж, цэцэглээд усан үзмийн хонгорцгууд нь боловсров. 11 Миний гарт фараоны аяга байх бөгөөд би усан үзэм аваад фараоны аяга руу шүүсийг нь шахлаа. Тэгээд аягыг нь фараонд өгөв» гэж ярилаа. 12 Иосеф түүнд «Тайлал нь ийм байна. Гурван мөчир нь гурван өдөр. 13 Өнөөдрөөс гурван өдрийн дотор фараон таныг гаргаж, ажилд тань буцааж оруулна. Тэгээд та сөнч байсан үеийнх шигээ фараонд аягыг нь өгч байх юм. 14 Та сайн сайхан явахдаа намайг санаарай. Намайг үнэнчээр хайрлаж, фараонд миний тухай яриад эндээс гаргаж өгнө үү. 15 Үнэндээ намайг еврейчүүдийн нутгаас хүчээр авчирсан юм. Би шоронд* орох ямар ч хэрэг хийгээгүй» гэж хэлэв.
16 Иосеф зүүдийг сайнаар тайлж байгааг ахлах талхчин сонсоод «Би бас зүүд зүүдэлсэн юм. Цагаан талхтай гурван сагс миний толгой дээр байлаа. 17 Хамгийн дээд талын сагсанд фараонд зориулсан, жигнэж болгосон төрөл бүрийн идээ байв. Гэтэл шувууд толгой дээр минь байсан сагснаас идэж байлаа» гэж ярив. 18 Тэгэхэд Иосеф: «Тайлал нь ийм байна. Гурван сагс нь гурван өдөр. 19 Фараон өнөөдрөөс гурван өдрийн дотор таны толгойг авч, таныг шонд өлгөнө. Шувууд таны махыг иднэ» гэж хэлжээ.
20 Гурав дахь өдөр нь фараоны төрсөн өдөр болов. Фараон бүх зарц нараа цуглуулаад найр хийж, ахлах сөнч ахлах талхчин хоёрыг зарц нарынхаа өмнө авчирчээ. 21 Тэгээд ахлах сөнчийг ажилд нь буцааж оруулсанд фараонд аягыг нь бариулдаг болов. 22 Харин ахлах талхчныг шонд өлгөжээ. Ийнхүү Иосефын тайлсан зүүд биелэв. 23 Гэвч ахлах сөнч Иосефыг мартаж, огт санасангүй.