Исаиа
59 Еховагийн мутар аварч чадахааргүй богино биш.
Чих нь сонсож чадахааргүй дүлий биш.
2 Та нар алдаанаасаа болоод Бурхнаас хөндийрсөн.
Тэрбээр нүглээс чинь болж та нараас нүүрээ нуусан.
Та нарыг сонсдоггүй.
3 Учир нь та нарын гар цусанд будагдаж,
Хуруу чинь нүгэлд дүрэгдсэн.
Та нар амаараа худал ярьж, хэлээрээ зөв бусыг өгүүлдэг.
4 Хэн ч зөв шударгын төлөө явдаггүй.
Шүүх дээр үнэнийг өчдөггүй.
Тэд хоосон юманд найдаж, дэмий юм ярьдаг.
Муу муухайг сэдэж, бузар булайг үйлддэг*.
5 Тэд хорт могойн өндөг дарж,
Аалзны тор нэхдэг.
Өндгийг нь идсэн хүн үхнэ.
Хагарсан өндөгнөөс нь хорт могой гарна.
6 Аалзны тор нь хувцас болохгүй.
Хийсэн юм нь биеийг нь халхлахгүй.
Тэдний үйлс гай болдог.
Тэд гараараа хүчирхийлэл үйлддэг.
7 Тэд бузар булайг үйлдэх гэж гүйдэг.
Гэмгүй хүний цусыг урсгах гэж яардаг.
Санаа нь хорон.
Тэд хүмүүсийг сүйрүүлж, гай зовлонд унагадаг.
8 Бусадтай хэрхэн эвтэй байхыг мэддэггүй.
Замд нь шударга ёс байхгүй.
Тэд замаа мурийлгасан учир
Түүгээр явдаг хэн ч амар тайвныг мэдэхгүй.
9 Тийм учраас шударга ёс биднээс хол байна.
Зөв шударга нь бидэнд хүрдэггүй.
Бид гэрлийг хүсдэг ч харанхуй хэвээрээ.
Бид гэрэл гэгээг хүсдэг ч харанхуйд алхсаар.
10 Бид хараагүй хүмүүс шиг хана тэмтэчдэг.
Нүдгүй хүмүүс шиг тэмтэрсээр байдаг.
Үд дунд хэр нь үдшийн бүрийд яваа мэт бүдэчдэг.
Хүчтэнүүдийн дунд үхэгсэд мэт л байдаг.
11 Бид баавгай хүрхрэх мэт бачимддаг.
Тагтаа гүгнэх мэт гашууддаг.
Хэчнээн хүссэн ч шударга ёс алга.
Хэчнээн эрсэн ч аврал алс хол ажээ.
12 Бид танд олон удаа тэрсэлсэн.
Үйлдсэн нүгэл бүхэн маань биднийг илчилдэг.
Бид тэрс явдал,
Гэм нүглээ сайн мэднэ.
13 Бид нүгэл үйлдэж, Еховаг үгүйсгэсэн.
Бурхнаасаа нүүр буруулсан.
Дарлал, тэрс явдлын тухай ярьж,
Худал хуурмагийг сэдэн, сэтгэлийнхээ угаас худал ярьдаг.
14 Шударга ёс гэдрэг буцжээ.
Зөв шударга байдал хол зогсжээ.
Үнэн нь гудамжинд бүдэрч,
Шулуун шударга байдал тийшээ орж чадахгүй байна.
15 Үнэн нь ул мөргүй алга болжээ.
Муу юм хийхээ больдог хүмүүс дээрэмдүүлдэг.
Ехова үүнийг хараад дургүйцсэн.
Учир нь тэнд шударга ёс алга.
16 Туслах хүн нэг ч байхгүйг тэрбээр харжээ.
Зуучлах хэн ч байхгүйд гайхжээ.
Тиймээс өөрийн мутраар хүмүүсийг аврав*.
Зөв шударга байдал нь өөрийг нь дэмжив.
17 Тэрбээр зөв шударгыг хайрст хуяг мэт өмсөж,
Авралын* дуулгыг толгой дээрээ тавив.
Өс хонзонг хувцас мэт өмсөж,
Хичээл зүтгэлийг нөмрөг мэт нөмрөв.
18 Тэрбээр хийсэн хэргийнх нь шанг тэдэнд хүртээнэ.
Өстөнд хилэгнэж, дайснаас өшөө авна.
Арлын оршин суугчдад зохих хариуг нь өгнө.
19 Наран жаргах зүгийн хүмүүс Еховагийн нэрээс,
Наран ургах зүгийн хүмүүс түүний алдраас эмээнэ.
Учир нь Ехова агуу хүчинд туугдах түргэн урсгалт гол мэт
Яаран ирнэ.
20 «Буцаан худалдан авагч нь Сионд ирнэ.
Нүгэл үйлдэхээ больсон Иаковын үр удам дээр ирнэ» гэж Ехова тунхаглаж байна.
21 «Энэ нь тэдэнтэй байгуулсан миний гэрээ юм» гэж Ехова айлдаж байна. «Чиний дээр байгаа агуу хүч, аманд чинь хийсэн миний үг чиний амнаас, хүүхдүүдийн чинь амнаас, ач зээ нарын чинь амнаас одооноос үүрд мөнхөд салахгүй» хэмээн Ехова айлдаж байна.