Эхлэл
46 Ингээд Израйл гэрийнхнээ, байгаа бүхнээ аваад явжээ. Беершебад хүрч очоод эцэг Исаакийнхаа Бурханд тахил өргөв. 2 Бурхан шөнө нь үзэгдэж «Иаков аа! Иаков аа!» гэж дуудахад Иаков: «Би энд байна» гэжээ. 3 Бурхан: «Би бол жинхэнэ Бурхан, чиний эцгийн Бурхан. Чи Египет рүү явахаас бүү ай. Учир нь тэнд би чамайг агуу үндэстэн болгоно. 4 Би өөрөө чамтай хамт Египет рүү явна. Би өөрөө чамайг тэндээс буцааж авчирна. Чамайг нас барахад Иосеф нүдийг чинь аниулна» гэж айлдав.
5 Үүний дараа Иаков Беершебагаас хөдлөв. Израйлын хөвгүүд эцгийг нь авчруулахаар фараоны явуулсан тэрэгнүүдэд эцэг Иаковаа, эхнэр хүүхдүүдээ суулгаад авч явжээ. 6 Тэд Канаан нутагт өсгөж үржүүлсэн мал сүрэг, хурааж хуримтлуулсан эд хөрөнгөө авч явав. Ингээд Иаков бүх үр хүүхэдтэйгээ Египетэд очлоо. 7 Иаков охид хөвгүүд, ач зээ гээд бүх үр хүүхдээ дагуулаад Египетэд очсон билээ.
8 Египетэд очсон Израйлын хөвгүүд буюу Иаковын хөвгүүдийг нэрлэвэл: Иаковын ууган хүү Реубен.
9 Реубений хөвгүүд нь Ханох, Паллу, Хезрон, Карми нар.
10 Симеоны хөвгүүд нь Иемуел, Иамин, Охад, Иахин, Зохар, канаан эмэгтэйгээс төрсөн Шаул нар юм.
11 Левигийн хөвгүүд нь Гершон, Кохат, Мерари.
12 Иудагийн хөвгүүд нь Ер, Онан, Шела, Перез, Зера нар юм. Харин Ер Онан хоёр Канаан нутагт үхжээ.
Перезийн хөвгүүд нь Хезрон, Хамул хоёр юм.
13 Иссахарын хөвгүүд нь Тола, Пува, Иов, Шимрон нар.
14 Зебулуны хөвгүүд нь Серед, Елон, Иахлеел нар юм.
15 Эд бол Паддан-Арамд байхдаа Леагийн Иаковт төрүүлж өгсөн хөвгүүд билээ. Леа бас Дина гэдэг охин төрүүлсэн юм. Иаковын охид хөвгүүд нийлээд 33 байв.
16 Гадын хөвгүүд нь Зифион, Хагги, Шуни, Езбон, Ери, Ароди, Арели нар юм.
17 Ашерийн хөвгүүд нь Имна, Ишва, Ишви, Бериа нар юм. Охин нь Сера билээ.
Бериагийн хөвгүүд нь Хебер, Малхиел хоёр юм.
18 Эд бол Зилпагийн хөвгүүд юм. Лабан Зилпаг охин Леадаа шивэгчин болгон өгч байсан билээ. Зилпа нь Иаковт 16 хүүхэд төрүүлж өгчээ.
19 Иаковын эхнэр Рахелийн хөвгүүд нь Иосеф, Бениамин хоёр юм.
20 Египет нутагт төрсөн, Иосефын хөвгүүд нь Манассе, Ефраим нар юм. Тэднийг Оны* тахилч Потиферагийн охин Асенат Иосефт төрүүлж өгчээ.
21 Бениамины хөвгүүд нь Бела, Бехер, Ашбел, Гера, Нааман, Ехи, Рош, Муппим, Хуппим, Ард нар юм.
22 Эд бол Рахелийн Иаковт төрүүлж өгсөн 14 хөвгүүн юм.
23 Даны хүү нь Хушим.
24 Нафталигийн хөвгүүд нь Иахзеел, Гуни, Иезер, Шиллем нар билээ.
25 Эд бол Билхагийн хөвгүүд юм. Билхаг Лабан охин Рахелдээ шивэгчин болгон өгч байсан юм. Билха нь Иаковт долоон хүүхэд төрүүлж өгчээ.
26 Иаковын бэрүүдийг эс тооцвол, Иаковаас гарсан, Иаковтай хамт Египет рүү явсан 66 хүн байв. 27 Иосеф Египетэд хоёр хүүтэй болсон юм. Египетэд очсон Иаковын гэрийнхэн нийт далуулаа байв.
28 Иаков Гошен руу очиж яваагаа Иосефт хэлүүлэхээр Иудаг түрүүлж явууллаа. Тэднийг Гошен нутагт ирэхэд 29 Иосеф тэргээ бэлдүүлээд эцэг Израйлтайгаа Гошенд уулзахаар явав. Тэрбээр эцгээ хармагцаа тэвэрч аваад хэсэг уйлжээ. 30 Тэгээд Израйл Иосефт «Чиний царайг харж, амьд мэнд байгааг чинь мэдлээ. Одоо үхсэн ч харамсах юм алга» гэж хэлэв.
31 Тэгээд Иосеф ах дүү болон эцгийнхээ гэрийнхэнд «Би фараон дээр явж очоод “Миний ах дүү, эцгийн минь гэрийнхэн Канаанаас над дээр ирлээ. 32 Тэд бол хоньчин, мал хариулдаг. Мал сүрэг, байгаа бүхнээ аваад иржээ” гэж хэлье. 33 Фараон та нараас “Та нар юу хийдэг хүмүүс вэ?” гэж асууна. 34 Тэгэхээр нь “Таны боолууд бага залуугаасаа өдийг хүртэл мал хариулж ирсэн. Бид ч, өвөг дээдэс маань ч малчин” гээрэй. Тэгвэл та нарыг Гошенд суулгана. Яагаад гэвэл египетчүүд хоньчдыг үздэггүй юм» гэж хэлжээ.