Хоёрдугаар Самуел
7 Ехова Давид хааныг эргэн тойрных нь бүх дайснаас хамгаалж байсан бөгөөд хаан ордондоо амар жимэр амьдарч байлаа. 2 Давид хаан зөнч Натанд «Би энд хуш модон ордонд амьдарч байхад жинхэнэ Бурхны авдар асарт байж байдаг» гэхэд 3 Натан: «Тантай хамт Ехова байгаа учраас явж, санаж зорьсон бүхнээ хийгтүн» гэжээ.
4 Тэр шөнө Ехова Натанд ийн хэлэв. 5 «Явж, миний зарц Давидад ингэж хэл. “Ехова ийн айлдаж байна. «Надад зориулж өргөө барих нь чи мөн гэж үү? 6 Би Израйлын ард түмнийг Египетээс гаргасан өдрөөсөө хойш өнөөг хүртэл өргөөнд заларч байгаагүй. Харин асарт оршиж, нүүж суусаар ирлээ. 7 Би израйлчуудтай хамт явж байхдаа тэднийг хариулуулахаар томилсон Израйлын овгуудын нэг ч удирдагчаас “Чи яагаад надад хуш модон өргөө барьж өгөөгүй юм бэ?” гэж асууж байгаагүй биз дээ?» гэж байна” гээрэй. 8 Одоо миний зарц Давидад үүнийг хэл. “Тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийн айлдаж байна. «Би чамайг хонин сүргээ хариулж явахад чинь бэлчээрээс авч ард түмэн израйлчуудынхаа удирдагч болгосон. 9 Чамайг хаашаа ч явсан би чамтай хамт байна. Чиний бүх дайсныг замаас чинь зайлуулна. Чамайг дэлхийн агуу хүмүүсийн нэгэн адил алдар цуутай болгоно. 10 Би ард түмэн израйлчууддаа газар оноон өгч, суурьшуулна. Тэд тэндээ амьдарч, амгалан тайван байдал нь дахин алдагдахгүй. Хорон санаатнууд өмнөх шигээ тэднийг дарлан зовоохгүй. 11 Намайг ард түмэн израйлчуудаа удирдуулахаар шүүгчдийг томилсон үеэс тэд хорон санаатнуудад дарлагдсан. Би чамайг бүх дайснаас чинь хамгаалж, амар тайван амьдруулна.
Түүгээр ч барахгүй Ехова би чамд “Ехова би чиний дараа хаан ширээнд чинь үр удмыг чинь залгамжлуулна” гэдгээ хэлье. 12 Хоногийн чинь тоо гүйцэж, чамайг өвөг дээдсийнхээ нэгэн адил нойрсоход би төрсөн хүүг чинь хаан болгож, хаант төрийг нь бат тогтооно. 13 Тэр миний нэр алдрын төлөө өргөө барина. Би засаглалыг нь мөнхөд бат тогтооно. 14 Би эцэг нь болж, тэр миний хүү болно. Буруу юм хийхэд нь би түүнийг хүмүүний нэгэн адил цохиж шийтгэн засаж залруулна*. 15 Би өмнөөс чинь Саулыг зайлуулж үнэнчээр хайрлахаа больсон хэдий ч чиний хүүг үнэнчээр хайрлахаа болихгүй. 16 Чиний хаант төр үеийн үед бат тогтож, удам угсаа чинь тасрахгүй. Би чиний засаглалыг мөнхөд бат тогтооно»” гэж хэл» гэв.
17 Натан Давидад энэ бүхнийг ярьж, үзсэн үзэгдлээ хэлж өгчээ.
18 Тэгэхэд нь Давид Еховагийн өмнө суугаад «Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь ээ, би хэн юм бэ? Манай гэрийнхэн хэн болоод та намайг энэ өндөрлөгт авчрав? 19 Үүгээр барахгүй, Хэмжээгүй эрхт Эзэн Ехова, та зарцынхаа үр удмын алс ирээдүйн талаар бас хэлж өглөө. Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь, таны айлдсаныг өөрчлөх хүн байхгүй. 20 Та зарц намайгаа ийм сайн мэддэг байхад би танд өөр юу хэлэх билээ, Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь? 21 Та энэ бүх агуу зүйлийг хийж, тэр бүхнийг зарцдаа илчилсэн. Энэ нь таны хүссэнээр, амласан ёсоор тань болсон. 22 Та бол үнэхээр агуу Бурхан билээ. Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь, тантай эн зэрэгцэх хэн ч байхгүй. Та бол цорын ганц жинхэнэ Бурхан. Сонссон бүхэн маань үүнийг баталдаг. 23 Таны ард түмэн Израйл шиг үндэстэн энэ дэлхий дээр өөр хаана байна вэ? Бурхан та тэднийг чөлөөлж ард түмнээ болгож тэдний төлөө агуу, бишрэм зүйлсийг үйлдэн алдар нэрээ дуурьсгасан билээ. Та Египетээс чөлөөлсөн ард түмнийхээ төлөө үндэстнүүдийг бурхадтай нь зайлуулсан. 24 Ехова минь, та израйлчуудыг үеийн үед ард түмнээ байлгахаар сонгож, Бурхан нь болсон.
25 Ехова Бурхан минь, та зарцынхаа болон зарцынхаа үр удмын талаарх үүрдийн амлалтаа биелүүлж, айлдсан ёсоороо үйлдэх болтугай! 26 Таны нэр мөнхөд дээдлэгдэх болтугай! Хүмүүс: “Тэнгэрийн цэргийн жанжин Ехова бол Израйлын Бурхан” гэж хэлнэ. Таны өмнө зарц Давидын тань үр удам үргэлж байх болтугай! 27 Учир нь Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова та зарцдаа “Би чиний үр удмаас хаан ширээг чинь залгамжлах хүнийг таслахгүй” хэмээн илчилсэн билээ. Тиймээс зарц тань ийн залбирах урам зоригтой боллоо. 28 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова, та бол жинхэнэ Бурхан. Та энэ сайн сайхан бүхнийг зарцдаа амласан билээ. Таны үг үргэлж үнэн байдаг. 29 Та зарцынхаа үр удмыг таалан ивээх болтугай! Зарцын тань үр удам мөнхөд таны өмнө байх болтугай! Учир нь Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь, та үүнийг амласан билээ. Зарцын тань үр удам мөнхөд ивээл хүртэх болтугай» гэжээ.