Нэгдүгээр хаад
17 Гилеадын оршин суугч, тишбе хүн Елиа* Ахабт «Би өөрийнхөө үйлчилдэг, Израйлын амьд Бурхан Еховагаар тангараглая. Намайг хэлэхээс нааш ойрын жилүүдэд шүүдэр ч унахгүй, бороо ч орохгүй» гэв.
2 Ехова Елиад үгээ айлдан 3 «Эндээс зүүн тийш явж, Иорданы зүүнтээх Херитийн хөндийд* нуугд. 4 Чи тэнд горхины уснаас уу. Би чамд хоол хүнс өгч байхыг хэрээнүүдэд тушаана» гэлээ. 5 Тэрбээр тэр даруй явж, Еховагийн хэлснээр хийв. Ийнхүү Елиа Иорданы зүүнтээх Херитийн хөндийд амьдарсан юм. 6 Хэрээнүүд түүнд өглөө, орой бүр талх, мах авчирч өгч байв. Тэрбээр горхины уснаас ундаалж байлаа. 7 Гэтэл тэр нутаг бороо хургүй байсан учраас хэдэн өдрийн дараа горхи ширгэв.
8 Тэгэхэд Ехова Елиад үгээ айлдан 9 «Сидоны Зарефат руу явж тэндээ бай. Би чамайг хоол хүнсээр хангахыг нэгэн бэлэвсэн эмэгтэйд тушаана» гэв. 10 Ингээд Елиа Зарефат руу явлаа. Түүнийг хотын дааман хаалган дээр иртэл нэгэн бэлэвсэн эмэгтэй мод түүж байв. Елиа тэр эмэгтэйг дуудаж «Надад аяганд жаахан ус хийж авчирч өгөөч, уух гэсэн юм» гэлээ. 11 Эмэгтэйг ус авчрахаар явах гэхэд нь Елиа: «Бас зүсэм талх авчирч өгөөч» гэжээ. 12 Тэгэхэд нь эмэгтэй: «Амьд Бурхан Еховагаар тангараглая. Надад ямар ч талх байхгүй. Том саванд маань атгахан гурил, жижиг саванд маань багахан л тос байгаа. Би одоо түлээгээ түүчхээд очиж, өөртөө бас хүүдээ идэх юм хийнэ. Тэгээд л бид үхэх байх даа» гэв.
13 Елиа түүнд «Айх хэрэггүй ээ. Яваад хэлснээрээ хийгтүн. Гэхдээ эхлээд байгаа юмаараа надад жижиг бин хайраад авчирч өгнө үү. Дараа нь өөртөө, бас хүүдээ юм хийгээрэй. 14 Учир нь “Ехова намайг газрын гадарга дээр бороо оруулах хүртэл том саван дахь гурил, жижиг саван дахь тос чинь дуусахгүй” гэж Израйлын Бурхан Ехова айлдсан» гэжээ. 15 Тиймээс эмэгтэй явж, Елиагийн хэлснээр хийв. Тэр эмэгтэй, Елиа болон эмэгтэйн гэрийнхэн олон өдрийн туршид хоол ундтай байв. 16 Еховагийн Елиагаар хэлүүлсэн ёсоор том саван дахь гурил нь ч, жижиг саван дахь тос нь ч дуусаагүй билээ.
17 Энэ бүхний дараа Елиаг гэртээ байлгаж байсан эмэгтэйн хүү өвдөж, өвчин нь хүндэрсээр амьсгал хураав. 18 Тэгэхэд өнөөх эмэгтэй Елиад «Жинхэнэ Бурхны хүн ээ, би танд ямар буруу юм хийсэн юм бэ? Та нүгэлтэйг минь сануулж, хүүг минь үхүүлэхээр ирсэн юм уу?» гэхэд 19 Елиа: «Хүүг надад өгнө үү» гээд эхийнх нь гар дээрээс хүүг авч, өөрийнхөө байрлаж байсан дээврийн өрөөнд ороод орон дээрээ хэвтүүлэв. 20 Тэгээд Еховад чангаар «Ехова Бурхан минь ээ, миний байгаа айлын энэ бэлэвсэн эмэгтэйг та яагаад зовооно вэ? Хүү нь яагаад үхэх ёстой юм бэ?» гэж залбирлаа. 21 Тэгээд хэвтэж байгаа хүүг гурван удаа тэврээд Еховад чангаар залбирч «Ехова Бурхан минь ээ, энэ хүүг амилуулж өгөөч» гэв. 22 Ехова Елиагийн гуйлтыг сонссон бөгөөд хүү амилж, ухаан орлоо. 23 Елиа хүүг аваад дээврийн өрөөнөөсөө бууж, эхэд нь өгөөд «Хар даа. Хүү чинь амьд байна!» гэв. 24 Тэгэхэд нь эмэгтэй: «Одоо л би таныг Бурхны хүн үнэхээр мөн юм байна гэдгийг мэдлээ. Таны хэлсэн Еховагийн үг үнэн юм байна» гэлээ.