Нэгдүгээр хаад
19 Дараа нь Ахаб Иезебелд Елиагийн юу юу хийснийг, бүх зөнчийг илдээр хэрхэн хөнөөснийг бүгдийг нь ярьж өгөв. 2 Тэгэхэд нь Иезебел Елиа руу хүн явуулж «Маргааш өдийд би чамайг чиний алсан зөнчид шиг болгохгүй бол бурхад намайг хатуу шийтгэг!» гэжээ. 3 Үүнийг сонсоод Елиа айж, амиа аврахын тулд зугтав. Тэрбээр Иудагийн Беершебад ирээд зарцаа тэнд үлдээж, 4 өөрөө цөлд очоод өдөржингөө явсаар нэгэн бутны доор суув. Тэрбээр үхэхийг хүсэмжлэн «Одоо хангалттай! Ехова минь, би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул миний амийг аваач» гэлээ.
5 Тэгээд тэр бутныхаа доор хэвтээд унтчихав. Тэгтэл нэгэн тэнгэрийн элч түүнд хүрч «Босоод юм ид» гэж хэлэв. 6 Елиаг сэрээд хартал толгойнх нь дэргэд халуун чулуун дээр талх байв. Мөн ваартай ус байлаа. Тэрбээр идэж уучхаад дахиад л хэвтэв. 7 Дараа нь Еховагийн тэнгэрийн элч хоёр дахиа ирээд түүнд хүрч «Босоод юм ид. Тэгэхгүй бол чи аян замын уртыг давахгүй» гэлээ. 8 Иймд Елиа босоод идэж уув. Тэрбээр юм идсэнийхээ хүчээр 40 өдөр, 40 шөнө явж жинхэнэ Бурхны уул Хоребт хүрчээ.
9 Тэндээ нэгэн агуйд орж хоноглов. Тэгтэл Ехова түүнд «Елиа, чи энд юу хийж яваа юм бэ?» гэлээ. 10 Елиа: «Би тэнгэрийн цэргийн жанжин Ехова Бурхан танд маш их зүтгэсээр ирсэн. Израйлчууд таны гэрээг умартан, тахилын ширээнүүдийг тань нурааж, зөнчдийг тань илдээр хөнөөсөн. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд намайг алахаар хайж байгаа» гэв. 11 Бурхан түүнд «Чи гарч, Ехова миний өмнө уулан дээр зогс» гэлээ. Тэгээд Еховаг Елиагийн дэргэдүүр өнгөрөхөд Еховагийн өмнө асар хүчтэй салхи шуурга уулсыг хувааж, хад чулууг буталж байлаа. Гэсэн хэдий ч Ехова тэр салхин дунд байсангүй. Салхи шуурганы дараа газар хөдлөв. Газар хөдлөлтийн дунд ч Ехова байсангүй. 12 Газар хөдөлсний дараа гал гарав. Харин Ехова гал дунд ч байсангүй. Гал гарсны дараа аядуу зөөлөн, намуухан дуу гарчээ. 13 Үүнийг Елиа сонсмогцоо хувцсаараа нүүрээ халхалж, агуйн аманд гарч зогсов. Тэгтэл өнөөх дуу: «Елиа, чи энд юу хийж байгаа юм бэ?» гэлээ. 14 Елиа: «Би тэнгэрийн цэргийн жанжин Ехова Бурхан танд маш их зүтгэсээр ирсэн. Израйлчууд таны гэрээг умартан, тахилын ширээнүүдийг тань нурааж, зөнчдийг тань илдээр хөнөөсөн. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд намайг алахаар хайж байгаа» гэв.
15 Ехова түүнд «Ирсэн замаараа буцаж, Дамаскийн цөл рүү яв. Чи тэнд очоод Хазаелыг Сирийн хаанаар томил. 16 Мөн Нимшигийн ач хүү Иехүг Израйлын хаанаар, Абел-мехола хотын Шафатын хүү Елишаг* өөрийнхөө оронд зөнчөөр томил. 17 Хазаелын илднээс зугтсан хүнийг Иехү хөнөөж, Иехүгийн илднээс зугтсан хүнийг Елиша хөнөөнө. 18 Баалд өвдөг сөгдөөгүй, түүнийг үнсээгүй 7 000 хүн одоо Израйлд бий» гэжээ.
19 Ингээд Елиа явж, Шафатын хүү Елишаг олж уулзав. Тэр үед Елиша 12 хос үхрээр газар хагалж, өөрөө 12 дахь хос үхрийн араас явж байлаа. Елиа Елиша руу очоод түүн рүү нөмрөгөө шидчихэв. 20 Тэгэхэд нь Елиша үхрүүдээ орхиж Елиагийн араас гүйн «Би эцэг эхээ үнсээд ирж болох уу? Тэгээд таныг дагая» гэлээ. Елиа: «Яв яв. Би чамайг яалаа гэж хорих вэ» гэв. 21 Иймд Елиша буцаж яван, хос үхрийг тахил болгож, анжсыг нь эвдэж түлээд, үхрийн махыг чанаж хүмүүст өгсөнд тэд идэцгээв. Дараа нь Елиша Елиагийн араас явж, түүнд үйлчлэх болов.