Дуулал
Удирдаачид зориулав. Дуу.
66 Дэлхийн бүх хүмүүс ээ, баярлан хашхирч Бурхныг магтан алдаршуул.
2 Түүний агуу нэрийг магтан дуул*.
Түүнд алдар, магтаалыг өргө.
3 Бурханд ингэж хэл. «Таны үйлс юутай бишрэм бэ!
Таны хүч үнэхээр агуу учир
Дайснууд тань таны өмнө далдична.
4 Дэлхийн бүх хүн танд сөгдөн мөргөнө.
Тэд таныг магтан дуулна.
Тэд таны нэрийг магтан дуулна». (Села)
5 Ирж, Бурхны үйлсийг хар.
Хүмүүсийн төлөөх түүний үйлс биширмээр!
6 Тэрбээр тэнгисийг хуурай газар болгосон.
Тэд хөлөөрөө гол гаталсан.
Тэнд бид түүний үйлсийг хараад баярласан.
7 Тэрбээр хүч чадалтай учир үүрд захирна.
Түүний мэлмий үндэстнүүдийг ширтэн хардаг.
Зөрүүд хүмүүс өөрсдийгөө өргөмжлөх ёсгүй. (Села)
8 Ард түмнүүд ээ, манай Бурхныг магт.
Түүнийг магтсан магтаал чанга сонсогдох болтугай.
9 Тэрбээр биднийг амьд байлгаж,
Бүдэрч унахаас хамгаалдаг.
10 Бурхан минь ээ, та биднийг шалгаж,
Мөнгийг цэвэршүүлдэг шиг цэвэршүүлсэн.
11 Та биднийг анчны торонд оруулж,
Хүнд ачаагаар дарсан.
12 Та мөнх бус хүнийг бидний толгой дээгүүр явуулсан.
Бид гал, усан дундуур гарсан.
Дараа нь та биднийг аюулгүй газар аваачсан.
13 Би таны өргөөнд шатаалт тахил авч орно.
Танд өргөсөн тангаргаа сахина.
14 Хэцүү үедээ өгч байсан амлалтаа биелүүлнэ.
Зовж байхдаа хэлж байсан үгэндээ хүрнэ*.
15 Би танд тахилын хуцуудын утаатай хамт
Тарган малаар шатаалт тахил өргөнө.
Би бухууд болон ухнуудыг өргөнө. (Села)
16 Бурхнаас эмээгчид ээ, бүгдээрээ ирж сонс.
Бурхан миний төлөө юу хийснийг би та нарт ярьж өгье.
17 Би түүн рүү тусламж гуйн хашхирсан юм.
Би түүнийг магтан алдаршуулсан юм.
18 Хэрэв би хорон санаа өвөрлөсөн бол
Ехова намайг сонсохгүй байх сан.
19 Гэхдээ Бурхан үнэхээр сонсож,
Залбиралд минь чих тавьсан.
20 Залбирлыг минь сонсохоос татгалзаагүй,
Үнэнч хайраа надаас харамлаагүй Бурхан магтагдаг.