Нэгдүгээр Самуел
19 Саул хүү Ионатан болон бүх зарцдаа Давидыг алах гэж байгаагаа хэлэв. 2 Саулын хүү Ионатан Давидад маш их хайртай байсан учраас Давидад «Миний аав чамайг алах гэж байна. Маргааш өглөө сэрэмжтэй байж, нууц газар очиж нуугд. 3 Би чиний нуугдах хээр талд очиж аавынхаа дэргэд зогсоно. Тэгээд чиний тухай аавтайгаа ярья. Ямар нэг юм олж мэдвэл чамд заавал мэдэгдэнэ» гэж хэлэв.
4 Ионатан эцэг Саулдаа Давидыг магтан «Давид танд тус хүргэж байсан болохоос муу юм хийж байгаагүй шүү дээ. Тийм болохоор хаан та, зарц Давиддаа муу юм хийх учиргүй. 5 Давид амь насаараа дэнчин тавьж филист хүнийг алсан учраас Ехова Израйлд агуу ялалтыг авчирсан билээ. Та үүнийг нүдээрээ харж, ихэд баярлаж байсан биз дээ? Ямар ч шалтгаангүйгээр Давидыг алж, гэмгүй хүний цусыг урсгах хэрэг байна уу?» гэжээ. 6 Саул Ионатаны үгийг сонсоод «Би Давидыг хөнөөхгүй гэдгээ амьд Бурхан Еховагаар тангараглая» гэв. 7 Дараа нь Ионатан Давидыг дуудаж ирүүлээд энэ бүхнийг хэллээ. Тэгээд Давидыг Саул дээр аваачихад Давид урьдын адил Саулд зүтгэх болжээ.
8 Хэсэг хугацааны дараа дахин дайн гарахад Давид явж филистчүүдтэй тулалдан хиар цохив. Тэд түүнээс зугтацгаажээ.
9 Нэгэн өдөр Ехова Саулыг хорон муу бодолтой нь орхиход Саул гэртээ жад бариад сууж байв. Тэр үед Давид босоо ятга тоглож байлаа. 10 Саул Давидыг хананд хадахаар жадаа шидтэл Давид бултаж, харин жад нь хананд зоогджээ. Давид тэр шөнөдөө оргон зайлав. 11 Саул Давидыг өглөө нь алуулахын тулд гэрийг нь мануулахаар хүмүүсээ явуулжээ. Тэгэхэд нь Давидын эхнэр Михал: «Чи өнөө шөнө зугтахгүй бол маргааш алуулна» гэлээ. 12 Ингээд Михал Давидыг зугтаалгахын тулд тэр даруй цонхоор буулгажээ. 13 Михал орон дээрээ гэрийнхээ шүтээнийг* авч тавиад, толгой хавьцаа нь ямааны хялгасан тор тавьж, хувцсаар бүтээв.
14 Саул Давидыг авчруулахаар хүмүүсээ явуулахад Михал: «Давид өвдчихсөн» гэж хэлүүлжээ. 15 Тэгэхэд нь Саул: «Ортой нь аваад ир. Би түүнийг хөнөөнө» гэж хэлээд хүмүүсээ Давид руу дахин явуулав. 16 Тэднийг очтол толгой хавьцаа нь ямааны хялгасан тор тавьсан гэрийн шүтээн орон дээр нь байлаа. 17 Саул Михалд «Чи юунд намайг ингэж хуурч, миний дайсныг оргуулав?» гэхэд Михал: «Тэр надад “Намайг явуулахгүй бол би чамайг ална” гэсэн юм» гэлээ.
18 Давид зугтаж амь мултрав. Тэгээд Рамад Самуел дээр очоод Саулын юу хийснийг бүгдийг нь хэлжээ. Давид Самуелтай хамт явж Наиотод очлоо. 19 Хэсэг хугацааны дараа Саулд «Давид Рама дахь Наиотод байна» гэсэн мэдээ хүрэв. 20 Тэгээд Саул Давидыг бариулахаар хүмүүсээ явуулжээ. Тэднийг очиход настай зөнчид зөгнөж байлаа. Самуел тэднийг удирдаад зогсож байв. Тэр үед Бурхны агуу хүч Саулын явуулсан хүмүүс дээр буухад тэд бас зөнч шиг авирлав.
21 Болсон явдлыг Саулд мэдэгдмэгц тэрбээр өөр хүмүүсийг явуулжээ. Тэд ч зөнч шиг авирлав. Тиймээс гурав дахь удаагаа хүмүүсээ явуулахад бас л зөнч шиг авирлав. 22 Тэгээд Саул өөрөө Рама руу явлаа. Тэрбээр Секуд байдаг том нөөцлүүрт хүрч очоод «Самуел Давид хоёр хаана байна?» гэж асуухад тэд: «Рама дахь Наиотод байгаа» гэлээ. 23 Саулыг Наиот руу явж байхад Бурхны агуу хүч бас түүн дээр бууж ирсэн бөгөөд тэрбээр зөнч шиг авирлаж явсаар Рама дахь Наиотод хүрэв. 24 Саул гадуур хувцсаа тайлан Самуелын өмнө зөнч шиг авирлаж, өдөржин шөнөжин нүцгэн* хэвтэв. Тийм учраас «Саул бас зөнч юм уу?» гэлцдэг болжээ.