Даниел
2 Небухаднезар засаглалынхаа хоёрдугаар онд хэдэн зүүд зүүдэлсний улмаас сэтгэл нь түгшиж нойр нь хулжжээ. 2 Тэгээд хаан зүүдээ тайлуулахаар ид шид үйлддэг тахилчид, сүнс дуудагчид, илбэчид, мэргэ төлгөчдийг* дуудах зарлиг буулгав. Тэд ирж хаанд бараалхлаа. 3 Хаан тэдэнд «Би зүүд зүүдлэв. Юу зүүдэлснээ мэдэхээс нааш санаа амрахгүй нь» гэж хэлэв. 4 Мэргэ төлгөчид хаанд арамей хэлээр хариулан «Хаантан мөнх наслах болтугай. Зарц нартаа зүүдээ айлдана уу. Тэгвэл бид зүүдийг тайлъя» гэлээ.
5 Хаан мэргэ төлгөчдөд хариулсан нь: «Би эцсийн шийдвэрээ хэлье. Хэрэв та нар зүүдийг тайлалтай нь хэлэхгүй бол та нарыг мөчлөн алж, гэр орныг чинь нийтийн жорлон* болгоно. 6 Харин зүүдийг тайлалтай нь хэлбэл та нар надаас шан харамж авч асар их хүндэтгэл хүлээнэ. Тэгэхлээр надад зүүдийг тайлалтай нь хэлэгтүн» гэв.
7 Тэд хоёр дахь удаагаа «Хаантан та зарц нартаа зүүдээ айлдана уу. Бид тайллыг нь хэлж өгье» хэмээн хариулав.
8 Хаан ингэж хэллээ. «Та нар миний эцсийн шийдвэрийг сонссон учир цаг хожих гэж байгааг чинь би сайн мэдэж байна. 9 Хэрэв надад зүүдийг хэлж өгөхгүй бол бүгдийг чинь нэг л шийтгэл хүлээж байгаа шүү. Та нар намайг бодлоо өөрчилнө гэж найдаад худал хэлж, хууран мэхлэхээр зөвшилцсөн байж таарна. Надад зүүдийг хэлбэл тайллыг нь хэлж чадна гэж ойлгоё».
10 Мэргэ төлгөчид хаанд хариулсан нь: «Хааны шаардлагыг биелүүлж чадах хүн энэ дэлхий дээр байхгүй. Учир нь ямар ч агуу хаан эсвэл захирагч ийм зүйлийг ид шид үйлддэг тахилч, сүнс дуудагч, мэргэ төлгөчөөс асууж байгаагүй билээ. 11 Хааны асууж байгаа зүйл нь хэцүү юм. Мөнх бус хүмүүсийн дунд амьдардаггүй бурхдаас өөр хэн ч хаанд хариуг нь хэлж чадахгүй».
12 Тэгтэл хаан ихэд хилэгнэж Вавилоны бүх мэргэдийг устгахыг тушаав. 13 Зарлиг гарч мэргэдийг цаазлах болоход Даниел болон түүний нөхдийг ч хороохоор эрж хайлаа.
14 Даниел Вавилоны мэргэдийг хороохоор явж байсан хааны бие хамгаалагчдын ахлагч Ариохтой болгоомжтой харьцаж, ухаалгаар ярив. 15 Тэрбээр хааны түшмэл Ариохоос «Хааны тушаал яагаад ийм хатуу байгаа юм бэ?» гэж асуусанд Ариох Даниелд учрыг нь хэлж өгчээ. 16 Тэгэхэд нь Даниел явж очин хаанд бараалхаж, зүүдний тайллыг хэлэхийн тулд хугацаа өгөхийг гуйв.
17 Даниел гэртээ хариад анд Хананиа, Мишаел, Азариа нартаа болсон явдлыг ярьжээ. 18 Тэгээд тэнгэрийн Бурхнаас өршөөл энэрэл гуйхыг, энэ нууцыг тайлж өгч биднийг Вавилоны мэргэдтэй хамт битгий устгуулаач гэж гуйн залбирахыг тэднээс хүсэв.
19 Бурхан шөнө нь Даниелд үзэгдэл үзүүлж нууцыг илчилжээ. Даниел тэнгэрийн Бурхныг магтлаа. 20 Тэрбээр хэлсэн нь:
«Бурхны нэр үүрд магтагдаг.
Учир нь тэр л ганцаараа мэргэн ухаан, хүч чадалтай.
21 Тэрбээр цаг, улирлыг өөрчилдөг.
Хаадыг хаан ширээнээс нь зайлуулдаг, бас өргөмжилдөг.
Мэргэдэд мэргэн ухаан өгч, ухааран ялгах чадвартай хүмүүст мэдлэг хайрладаг.
22 Тэрбээр гүн ба нууц юмсыг илчилдэг.
Харанхуйд юу байгааг мэддэг.
Гэрэл түүнтэй хамт байдаг.
23 Эцэг өвгөдийн минь Бурхан танд талархал, магтаалыг өргөе.
Учир нь та надад мэргэн ухаан, хүч чадал өгсөн.
Бидний гуйсан юмыг та надад мэдүүллээ.
Хааны санааг зовоож байсан зүйлийг та бидэнд мэдүүллээ».
24 Дараа нь Даниел Вавилоны мэргэдийг устгах тушаалыг хаанаас авсан Ариох дээр очоод «Вавилоны мэргэдийг битгий устгаач. Намайг хаан дээр авч очно уу. Би хаанд тайллыг хэлье» гэв.
25 Ариох Даниелыг тэр даруй хааны өмнө аваачиж «Би Иудагаас ирсэн олзлогдогсдын дундаас нэг хүнийг оллоо. Энэ хүн хаан танд тайллыг хэлнэ» гэлээ. 26 Хаан Белтешазар нэрт Даниелаас «Чи үнэхээр миний зүүдэлсэн зүүдийг тайлалтай нь хэлж өгч чадах уу?» гэж асуув. 27 Даниел хариулсан нь: «Мэргэд, сүнс дуудагчид, ид шид үйлддэг тахилчид, зурхайчдын хэн нь ч хаан таны асуусан нууцыг тайлж чадахгүй. 28 Нууцуудыг тайлдаг Бурхан тэнгэрт байдаг. Эцсийн өдрүүдэд юу болохыг тэрбээр Небухаднезар хаан танд мэдэгджээ. Унтаж* байхдаа зүүдэндээ үзсэн үзэгдэл тань ийм байна.
29 Хаантан минь, таныг унтаж байхад ухаан санаа тань ирээдүйд болох үйл явдал руу хандсан бөгөөд нууцыг тайлдаг Нэгэн юу болох гэж байгааг танд мэдүүлжээ. 30 Би бусдаас илүү мэргэн ухаантай учраас нууцыг мэдсэн юм биш ээ. Харин хаан танд зүүдний тайллыг хэлж өгөөсэй, зүүдэлж байх үедээ юу бодож байснаа таныг санаасай гэсэндээ Бурхан энэ нууцыг надад илчилсэн юм.
31 Хаан та аварга том баримал үзжээ. Таны өмнө байсан тэр баримал асар том бөгөөд нүд гялбам хурцаар гэрэлтэж байлаа. Харахад айдас хүрэм ажээ. 32 Баримлын толгой нь шижир алт, цээж ба гар нь мөнгө, хэвлий ба гуя нь зэс, 33 хөл нь төмөр, тавхай нь төмөр ба шаврын холимог байлаа. 34 Харж байхад тань хүний гарын оролцоогүйгээр нэгэн чулуу цавчигдан, баримлын төмөр ба шавраас бүтсэн тавхайг цохиж бутлах нь тэр. 35 Тэгтэл төмөр, шавар, зэс, мөнгө, алт бүгд бутарч, зун үтрэмийн шалан дээр цайруулсан тарианы хивэг шиг болж, салхинд хийсэн ор мөргүй арилжээ. Харин баримлыг цохисон чулуу сүрлэг том уул болж дэлхийг дүүргэв.
36 Зүүд нь ийм байжээ. Одоо бид хаан танд тайллыг нь хэлье. 37 Хаантан минь, та бол хаадын хаан. Танд тэнгэрийн Бурхан хаант төр, эрх мэдэл, хүч чадал, суу алдрыг өгсөн. 38 Тэрбээр таны мэдэлд газар газрын хүмүүсийг, хээрийн амьтад, тэнгэрийн шувуудыг өгч захирагчаар нь таныг томилсон. Та бол тэр алтан толгой юм.
39 Таны дараа таныхаас буурай нэгэн хаант төр гарч ирнэ. Дараа нь гурав дахь буюу зэс хаант төр дэлхийг бүхэлд нь захирна.
40 Дөрөв дэх хаант төр төмөр мэт хүчтэй байна. Төмөр нь бүхнийг хэмхлэн буталдгийн адил энэ хаант төр өмнөх бүх хаант төрөө бут ниргэнэ.
41 Таны харснаар тавхай болон хөлийн хуруунууд төмөр ба шаврын холимог байсны адил энэ хаант төр хуваагдана. Та зөөлөн шавартай холилдсон төмрийг харсны адил энэ хаант төр зарим талаараа төмөр шиг хүчтэй байна. 42 Хөлийн хуруунууд төмөр ба шаврын холимог байсны адил энэ хаант төр зарим талаараа хүчтэй, зарим талаараа сул дорой байна. 43 Таны харснаар төмөр нь шавартай холилдсон байсан шиг, тэд хүмүүстэй холилдоно. Гэвч төмөр шавар хоёр барьцалддаггүйн адил тэд эв нэгдэлтэй байж чадахгүй.
44 Тэдгээр хаадын үед тэнгэрийн Бурхан хэзээ ч мөхөхгүй нэгэн хаант төрийг байгуулна. Энэ хаант төр өөр ард түмний гарт орохгүй. Харин эдгээр бүх хаант төрийг бут ниргэж, сөнөөн устгаад ганцаараа мөнхөд оршин тогтноно. 45 Нэг чулуу хүний гарын оролцоогүйгээр уулаас цавчигдан төмөр, зэс, шавар, мөнгө, алтыг буталсныг та харсан билээ. Энэ хаант төр үүн шиг байх юм. Агуу Бурхан ирээдүйд болох үйл явдлыг хаан танд мэдүүлжээ. Уг зүүд заавал биелнэ, тайлал нь баараггүй үнэн юм».
46 Тэгтэл Небухаднезар хаан Даниелын өмнө сөгдөн мөргөж хүндэтгэл үзүүлэв. Мөн түүнд бэлэг сэлт авчрах, өмнө нь утлага уугиулах зарлиг буулгалаа. 47 Хаан: «Чиний Бурхан бол үнэхээр бурхдын Бурхан, хаадын Эзэн, нууцыг тайлдаг Нэгэн юм байна. Учир нь чи энэ нууцыг тайлж чадлаа» гэж Даниелд хэлэв. 48 Дараа нь хаан түүнийг тушаал дэвшүүлж, өгөөмөр хишиг хүртээн, Вавилон мужийн захирагч, Вавилоны бүх мэргэдийн тэргүүн болголоо. 49 Мөн Даниелын хүсэлтээр Шадрах, Мешах, Абед-него нарыг Вавилон мужийн удирдах албанд томилжээ. Харин Даниел хааны ордонд алба хаших болов.