Исаиа
60 «Эмэгтэй минь, босоорой. Гэрэл чинь гийж эхэлсэн тул гэрлээ цацруулаарай.
Еховагийн алдар чам дээр гэрэлтэж байна.
2 Газар дэлхийг харанхуй бүрхэж,
Үндэстнүүдийг түнэр харанхуй нөмөрнө.
Харин чиний дээрээс Ехова гэрэлтэнэ.
Түүний алдар чиний дээр байгаа нь харагдана.
3 Үндэстнүүд чиний гэрлийг,
Хаад чиний цог жавхланг хараад хүрч ирнэ.
4 Нүдээ томруулан эргэн тойрноо хар!
Тэд бүгд цуглан чам дээр ирж байна.
Хөвгүүд чинь холоос ирж байна.
Охид чинь үүрүүлээд ирж байна.
5 Тэгэхэд чи үүнийг хараад баярлан гэрэлтэнэ.
Зүрх чинь хүчтэй цохилж, сэтгэл чинь догдолно.
Учир нь далайн баялаг чам руу чиглэнэ.
Үндэстнүүдийн эд хөрөнгө чам дээр ирнэ.
6 Тэмээн сүрэг, Мидиан ба Ефагийн тэмээнүүд
Газар нутгийг чинь бүрхэнэ.
Шебагийн хүмүүс бүгд ирж
Алт, гүгэл авчирна.
Тэд Еховаг магтан алдаршуулна.
7 Кедарын бүх сүрэг чам дээр цугларна.
Небаиотын хоньдыг чамд авчирна*.
Тэдгээр нь миний тахилын ширээн дээр тааламжит тахил болно.
Би сүр жавхлант гэрээ* гоёно.
8 Үүл шиг хөвж,
Үүр лүүгээ тагтаа шиг нисдэг тэд хэн бэ?
9 Арлын оршин суугчид надад найдна.
Таршишийн хөлөг онгоцнууд тэргүүн эгнээнд явж
Алс холоос хөвгүүдийг чинь
Алт, мөнгөтэй нь авчран
Израйлын Ариун Нэгэн, чиний Бурхан Еховагийн нэрийг алдаршуулна.
Учир нь тэр чамайг алдаршуулна*.
10 Харь элгийн хүмүүс чиний хэрмийг барьж,
Хаад нь чамд үйлчилнэ.
Учир нь би уурлан чамайг шийтгэсэн ч
Таалан соёрхож өршөөл үзүүлнэ.
11 Хаалга чинь үргэлж нээлттэй байна.
Өдөр ч, шөнө ч хаагдахгүй.
Энэ нь чамд үндэстнүүдийн эд баялгийг авчрахын тулд юм.
Хаад нь тэргүүн эгнээнд явна.
12 Чамд үйлчлэхгүй үндэстэн, хаант улс бүхэн сүйрнэ.
Тэр үндэстнүүд бүрмөсөн мөхнө.
Би хөл тавьдаг газраа алдаршуулна.
14 Чамайг дарлаж байсан хүмүүсийн хөвгүүд ирж чамд сөгдөнө.
Чамайг хүндэлдэггүй бүхэн хөлд чинь сөгдөнө.
Тэд чамайг Еховагийн хот,
Израйлын Ариун Нэгний Сион гэж дуудна.
15 Чи хаягдсан байсан. Бүгд чамайг үзэн ядаж, хэн ч чамаар дайран өнгөрдөггүй байлаа.
Харин би чамайг мөнхийн бахархал болгоно.
Бүх үеийнхэнд баяр баясал болгоно.
16 Чи үндэстнүүдийн сүүг ууж,
Хаадын хөхийг хөхнө.
Ехова би бол чиний Аврагч гэдгийг чи мэдэх болно.
Иаковын Хүчит Бурхан бол чамайг буцаан худалдан авагч гэдгийг чи ойлгох болно.
Би амар тайвныг чиний тэргүүнээр,
Зөв шударгыг чиний даргаар томилно.
18 Чиний газар нутагт хүчирхийллийн тухай мэдээ дуулдахаа болино.
Чиний нутаг дэвсгэрт үгүйрэл, сүйрэл гэж байхгүй болно.
Чи хана хэрмээ Аврал, үүд хаалгаа Магтаал гэж нэрлэнэ.
19 Өдөр нь чамайг нар гэрэлтүүлэхгүй.
Шөнө нь чамайг сар гийгүүлэхгүй.
Учир нь Ехова мөнхийн гэрэл чинь болно.
Чиний Бурхан гоо үзэсгэлэн чинь болно.
20 Чиний нар жаргахгүй.
Чиний сар хавиргалахгүй.
Учир нь Ехова мөнхийн гэрэл чинь болж
Гашуудлын өдрүүд чинь дуусна.
21 Чиний ард түмэн бүгдээрээ зөв шударга байх болно.
Тэд газрыг үүрд эзэмшинэ.
Тэд бол миний тарьсан мөчир,
Өөрийгөө гоёх гэж хийсэн мутрын минь үйлс юм.
22 Цөөхөн нь мянга болно.
Өчүүхэн нь хүчирхэг үндэстэн болно.
Ехова би үүнийг цаг нь болохоор түргэлүүлнэ».