Исаиа
48 Иаковын үр удам аа,
Израйлаар овоглогчид оо,
Иудагаас* төрөн гарагчид аа,
Үнэнээр, зөв шударгаар биш хэр нь
Еховагийн нэрээр тангараглаж,
Израйлын Бурхныг дуудагчид аа, сонс.
2 Та нар өөрсдийгөө ариун хотынх гэдэг.
Тэнгэрийн цэргийн жанжин Ехова гэдэг нэртэй
Израйлын Бурхнаас тусламж эрдэг.
3 «Болж өнгөрсөн юмыг би аль эрт хэлсэн.
Би өөрөө хэлж, өөрөө зарласан.
Хэлснээ гэнэт гүйцэтгэхэд минь
Бодитой болон биелсэн.
4 Би та нарыг зөрүүд гэдгийг,
Хүзүү чинь төмөр, дух чинь зэс гэдгийг мэддэг болохоор
5 Аль эрт та нарт хэлсэн.
Та нарыг “Миний шүтээн ингэсэн юм.
Миний сийлмэл хөрөг, миний төмөр* шүтээн тушаасан юм” гэж хэлүүлэхгүйн тулд,
Болохоос нь өмнө би та нарт дуулгасан.
6 Та нар энэ бүхнийг харж, сонсчхоод
Тунхаглахгүй юм гэж үү?
Та нарын мэдээгүй, нууцлагдсан, шинэ зүйлийг
Би одоо тунхаглаж байна.
7 Эдгээр нь эрт цагт биш, яг одоо болж* байна.
Та нар урьд нь хэзээ ч сонсож байгаагүй.
Тийм болохоор та нар: “Бид угаасаа мэднэ” гэж хэлэх аргагүй.
8 Та нар сонсож байгаа ч үгүй, мэдэх ч үгүй.
Та нарын чих аль эртнээс бөглөөтэй байсан.
Та нарын зальхайг би мэднэ.
Та нар төрсөн цагаасаа л нүгэлтэн гэгдсэн.
9 Гэвч нэрийнхээ төлөө би та нарт уураа гаргахгүй.
Алдаршихын тулд би биеэ барина.
Би та нарыг устгахгүй.
10 Би та нарыг мөнгө шиг биш ч, цэвэршүүлсэн.
Зовлонгийн зууханд хайлуулж шалгасан*.
11 Би өөрийнхөө төлөө, өөрийнхөө төлөө үйлдэнэ.
Намайг гутаахыг би хэрхэн тэвчих билээ?
Би өөрийн суу алдрыг хэнд ч өгөхгүй*.
12 Иаков аа, миний сонгосон Израйл аа, намайг сонс.
Би хэвээрээ. Би анхных, бас сүүлчийнх.
13 Би мутраараа дэлхийн суурийг тавьсан.
Баруун мутраараа тэнгэрийг дэлгэсэн.
Би тэднийг дуудахад тэд хамтдаа өмнө минь зогсдог.
14 Та нар бүгдээрээ цугларч, сонсоцгоо.
Бурхдын дундаас хэн нь эдгээрийг зарлан тунхагласан бэ?
Ехова би түүнийг* хайрласан.
Тэрбээр Вавилонд юу хүссэнээ хийнэ.
Хүчирхэг гараараа халдейчуудыг цохино.
15 Би өөрөө айлдсан юм.
Би түүнийг дуудаж авчирсан. Түүний үйлс бүтнэ.
16 Над руу ойртоод сонс.
Анхнаасаа би нууцаар яриагүй.
Энэ явдал болох үед би тэнд байсан».
Хэмжээгүй эрхт Эзэн Ехова, намайг болон агуу хүчээ илгээлээ.
17 Чиний Аврагч*, Израйлын Ариун Нэгэн Ехова ийн айлдаж байна.
«Ехова би бол чиний Бурхан.
Би чамд тустайг сурган,
Явах ёстой замаар чинь явуулдаг.
18 Чи миний тушаалуудыг анхаардаг ч болоосой!
Тэгвэл амар амгалан байдал чинь гол мэт,
Зөв шударга байдал чинь далайн давлагаа мэт болох сон.
19 Үр хүүхэд чинь элс мэт,
Үр удам чинь элсний ширхэг мэт олшрох сон.
Тэдний нэр хэзээ ч балрахгүй, алга болохгүй*».
20 Вавилоноос гар!
Халдейчуудаас зугт!
Баяртайгаар зарла! Тунхагла!
Дэлхий даяар зарлан мэдэгд!
Ингэж хэл. «Ехова зарц Иаковаа аварлаа*.
21 Тэрбээр цөлд Бурхнаар удирдуулан явахдаа цангаж байгаагүй.
Бурхан түүнд хаднаас ус гаргаж өгсөн.
Хадыг хуваахад ус олгойдон гарсан юм».
22 «Муу хүмүүс амар заяа үзэхгүй» гэж Ехова айлдаж байна.