Шүүгчид
7 Иеруббаал гэгддэг Гидеон цэргүүдтэйгээ хамт эрт босож Хародын булагт буудаллахад Мидианы хуаран түүний хойд талд, хөндийд буй Морегийн толгодод байрлаж байлаа. 2 Ехова Гидеонд «Чамтай хамт хэтэрхий олон цэрэг байгаа учраас би мидианчуудыг ялахад чинь та нарт туслахгүй. Учир нь израйлчууд бардамнаж “Бид өөрсдийнхөө хүчээр яллаа” гэж хэлж мэднэ. 3 Чи цэргүүддээ “Айж сүрдэн, чичирч байгаа хэн боловч гэр лүүгээ буц” гэж зарла» хэмээн хэлжээ. Иймээс Гидеон тийнхүү зарлан тэднийг сориход 22 000 хүн гэр лүүгээ буцаж, 10 000 хүн үлдэв.
4 Тэгэхэд нь Ехова Гидеонд «Одоо ч дэндүү олон цэрэг байна. Тэднийг ус руу дагуулж яв. Би тэнд тэднийг сорино. Би чамд “Энэ хүн чамтай хамт явна” гэж хэлбэл тэр чамтай хамт явна. “Энэ хүн чамтай хамт явахгүй” гэж хэлбэл тэр чамтай хамт явахгүй» гэжээ. 5 Тэгээд Гидеон цэргүүдээ ус руу аваачив.
Ехова түүнд «Гараараа ус утган ууж буй хүмүүсийг, өвдөглөж суугаад тонгойн ууж буй хүмүүсээс ялга» гэжээ. 6 Гараараа ус утгаж уусан хүмүүс нь 300 байлаа. Үлдсэн хүмүүс нь өвдөглөн суугаад тонгойн ууж байв.
7 Ехова Гидеонд «Би та нарыг аврахдаа гараараа ус утгаад уусан 300 цэргээр авруулж, мидианчуудыг эрхшээлд чинь оруулна. Бусад цэргийг гэр гэр лүү нь явуул» гэжээ. 8 Ингээд Гидеон 300 цэргийг үлдээн бусдыг нь гэр лүү нь буцаав. 300 цэрэг тэднээс хоол хүнс, бүрээг нь авч үлдсэн юм. Мидианы хуаран Гидеоны хуарангийн доод талд, хөндийд байлаа.
9 Тэр шөнө Ехова Гидеонд «Би чамд туслах учраас явж, хуаран руу нь довтол. 10 Харин довтлохоос айж байгаа бол чи зарц Пурагаа аваад мидианчуудын хуаран руу яв. 11 Тэдний яриаг чагна. Тэгвэл хуаран руу нь дайрах зоригтой болно» гэжээ. Ингээд Гидеон зарц Пуратайгаа хамт дайсны хуарангийн захад очив.
12 Мидианчууд, амалекчууд, зүүн нутгийнхан бүгдээрээ хөндийг царцаан сүрэг мэт бүрхсэн байлаа. Тэмээнүүд нь далайн эргийн элс шиг тоолохын аргагүй олон байв. 13 Гидеоныг очиход нэг хүн найздаа зүүдээ ярьж байлаа. Тэрбээр: «Би ингэж зүүдэллээ. Арвайн гурилаар хийсэн дугуй талх манай хуаран руу өнхөрч орж ирээд нэг майхныг маш хүчтэй мөргөчхөв. Тэгэхэд нөгөө майхан хөмөрч, юу ч үгүй нурчихсан» гэжээ. 14 Найз нь хариуд нь «Тэр чинь израйл хүн Иоашийн хүү Гидеоны илднээс гарцаагүй. Бурхан биднийг Гидеоны эрхшээлд оруулах юм байна» гэлээ.
15 Гидеон зүүд болон тайллыг нь сонсоод Бурханд сөгдөн мөргөв. Тэрбээр Израйлын хуаранд буцаж ирээд «Явцгаая. Ехова мидианчуудыг ялахад бидэнд тусална» гэж хэлэв. 16 Тэгээд 300 цэргээ гурван бүлэг болгоод хүн бүрд бүрээ, дотор нь бамбар хийсэн шавар сав өгчээ. 17 Гидеон тэдэнд «Намайг харж байгаад дуурайгаарай. Хуарангийн захад очоод би юу хийнэ, та нар дагаад хийгээрэй. 18 Би хамт байгаа хүмүүстэйгээ бүрээ үлээхэд та нар бас хуарангийн эргэн тойронд бүрээ үлээгээд “Еховагийн төлөө! Гидеоны төлөө!” гэж хашхираарай» гэв.
19 Харуулууд солигдож шөнийн хоёрдугаар манааны үе* эхлэхэд Гидеон 100 цэрэгтэйгээ хуарангийн захад очжээ. Тэд бүрээгээ үлээж, гартаа барьсан усны том шавар савнуудаа хагалав. 20 Ийнхүү гурван бүлэг цэрэг бүрээгээ үлээж, том саваа хагалжээ. Тэд зүүн гартаа бамбараа авч, баруун гартаа бүрээгээ барин үлээж «Еховагийн илд! Гидеоны илд!» гэж хашхирцгаасан юм. 21 Тэднийг хуарангийн эргэн тойронд байрандаа зогсож байхад дайсны цэргүүд орилолдон гүйлдэв. 22 Гурван зуун цэрэг бүрээгээ үлээсээр байлаа. Ехова хуаранд буй дайсны цэргүүдийг хооронд нь тулалдуулав. Дайсны цэргүүд Бет-шитта, Зерера, Таббатын ойролцоох Абел-мехолагийн хил хүртэл зугтжээ.
23 Нафтали, Ашер, Манассегаас дуудагдсан Израйлын цэргүүд мидианчуудын араас мөшгөн хөөв. 24 Гидеон Ефраимын уулархаг нутаг даяар элч нар илгээж «Мидианчууд руу довтлохоор буун ирж, Бет-бара болон Иордан голыг эзлэн ав» гэжээ. Тиймээс Ефраимын бүх цэрэг цуглаж Бет-бара болон Иордан голыг эзэлж авлаа. 25 Тэд бас Мидианы хоёр ноён болох Ореб, Зеебийг барьж аваад Оребыг хадан дээр, Зеебийг усан үзмийн шахуургын дэргэд хөнөөгөөд мидианчуудыг үргэлжлүүлэн мөшгөв. Тэд Гидеоныг Иорданы ойролцоо байхад Ореб Зееб хоёрын толгойг аваачиж өгчээ. Хожим нь тэр хадыг Оребын хад, тэр усан үзмийн шахуургыг Зеебийн усан үзмийн шахуурга гэх болсон юм.