Шүүгчид
9 Иеруббаалын хүү Абимелех Шехемд байдаг нагац ах дүү нар дээрээ очоод тэдэнд болон өвөөгийнхөө гэрийнхэнд 2 «Шехемийн бүх удирдагчаас* ингэж асууна уу. “Та нарыг Иеруббаалын 70 хүү захирсан нь дээр үү? Ганц хүн захирсан нь дээр үү? Би бол та нарын мах цусны тасархай гэдгийг битгий мартаарай”» гэж хэлэв.
3 Тиймээс нагац ах дүү нар нь Абимелехийн хэлснийг Шехемийн бүх удирдагчаас асуухад тэд «Бид чинь Абимелехтэй ах дүү улс» гээд дагахаар болов. 4 Тэгээд тэд Абимелехэд Баал-беритийн сүмээс 70 мөнгөн шекел авч өгөв. Абимелех тэр мөнгөөр ажилгүй, үл бүтэх этгээдүүдийг хөлсөлжээ. 5 Дараа нь Офрад байдаг эцгийнхээ гэр лүү явж, Иеруббаалын хөвгүүд болох 70 ах дүүгээ нэг чулуун дээр хөнөөв. Иеруббаалын отгон хүү Иотам нуугдаж, ганцаараа амьд үлджээ.
6 Шехемийн бүх удирдагч, Бет-миллогийн бүх хүн Шехемд байдаг баганын дэргэд, том модны ойролцоо цуглаж Абимелехийг хаанаар өргөмжлөв.
7 Иотамд үүнийг дуулгахад тэрбээр явж, Геризим уулын орой дээр гарч зогсоод чангаар «Шехемийн удирдагчид аа, намайг сонсоцгоо! Та нар намайг сонсвол Бурхан та нарыг сонсоно.
8 Нэгэн удаа модод хаантай болохоор цуглажээ. Тэгээд чидун модон дээр очоод “Бидний хаан болооч” гэхэд 9 чидун мод: “Би Бурхан болон хүнийг алдаршуулахад хэрэглэдэг тосоо гаргахаа болиод моддын дээгүүр найгах ёстой гэж үү?” хэмээн хариулав. 10 Тэгэхээр нь модод инжрийн модон дээр очоод “Ирж, бидний хаан болооч” гэхэд 11 инжрийн мод: “Би амттай, чихэрлэг жимсээ гаргахаа болиод моддын дээгүүр найгах болж байна уу?” гэжээ. 12 Дараа нь модод усан үзмийн модон дээр очоод “Ирж, бидний хаан болооч” гэхэд 13 усан үзмийн мод: “Бурхан болон хүнийг баярлуулдаг шинэ дарсаа гаргахаа болиод моддын дээгүүр найгах гэж үү?” хэмээн хариулав. 14 Эцэст нь модод өргөст бутан дээр очоод “Ирж, бидний хаан болооч” гэхэд 15 өргөст бут тэдэнд “Намайг үнэхээр хаанаа болгомоор байвал миний сүүдэрт ирж, хоргод. Үгүй бол, надаас гал гарч, Ливаны хушин ойг түймэрдэнэ” гэж хариулав.
16 Та нар Абимелехийг үнэн сэтгэлээсээ хаанаар өргөмжлөв үү? Энэ нь зүйд нийцэх үү? Иеруббаал болон гэрийнхэнд нь ингэж сайхан сэтгэл гаргаж, ачийг нь хариулж байгаа юм уу? 17 Эцэг минь амь биеэ үл хайрлан та нарыг мидианчуудаас авраагүй гэж үү? 18 Гэтэл та нар өнөөдөр эцгийн минь гэрийнхний эсрэг босож, 70 хүүг нь нэг чулуун дээр хөнөөлөө. Тэгээд Шехемийн удирдагчид та нар, шивэгчнийх нь хүү Абимелехийг өөрсдийнхөө дүү болохоор хаанаар өргөмжилсөн. 19 Үнэхээр та нар өнөөдөр Иеруббаалд болон гэрийнхэнд нь үнэн сэтгэлээсээ, зөв зохистой хандсан юм бол Абимелехтэй хамт баярла. Тэр ч та нартай хамт баярлаг. 20 Хэрэв тийм биш бол Абимелехээс гал гарч Шехем, Бет-миллогийн удирдагчдыг шатааж, Шехем, Бет-миллогийн удирдагчдаас гал гарч Абимелехийг шатаана» гэж хэлэв.
21 Тэгээд Иотам Абимелех ахаасаа зугтан Беерт очиж амьдарчээ.
22 Абимелех Израйлыг гурван жил захирав. 23 Бурхан Шехемийн удирдагчдыг Абимелехтэй өстэй болгосон бөгөөд тэд Абимелехээс урважээ. 24 Энэ нь Бурхан Иеруббаалын 70 хүүгийн өшөөг авах гэснийх байв. Абимелех ах дүүгээ буюу Иеруббаалын 70 хүүг хөнөөсөн тул, мөн түүнийг ах дүүгээ хорооход нь Шехемийн удирдагчид дэмжсэн тул цус урсгасан тэдэнд Бурхан хариу барих гэжээ. 25 Шехемийн удирдагчид Абимелехийг барих гэж уулын орой дээр хүмүүсээрээ отуулав. Отогчид замаар өнгөрсөн бүхнийг дээрэмддэг байлаа. Энэ нь Абимелехийн чихэнд дуулдав.
26 Тэр үед Ебедийн хүү Гаал ах дүү нартайгаа Шехем рүү нүүж ирэхэд Шехемийн удирдагчид түүнд найдвар тавив. 27 Тэд хотоос гарч усан үзмийн талбай руу явж, усан үзэм хурааж аваад, шахаж, найр наадам хийгээд өөрсдийнхөө бурхны өргөө рүү явав. Тэнд идэж уун, Абимелехийг хараав. 28 Ебедийн хүү Гаал: «Иеруббаалын хүү Абимелех гэж хэн юм бэ? Түүний томилсон, Шехемийн захирагч Зебул гэж хэн юм бэ? Тэд хэн болоод биднийг захирна вэ? Шехемийн эцэг Хаморын үр удамд захирагдацгаая! Бид яагаад Абимелехэд захирагдах ёстой гэж? 29 Энэ хүмүүс миний мэдэлд байсан бол би Абимелехийг түлхэн унагаах байсан юм» гэж хэлээд Абимелехийг басан «Цэргийн хүчээ нэмээд ирж тулалд!» гэв.
30 Хотын захирагч Зебул Ебедийн хүү Гаалын үгийг сонсоод ихэд уурлаж 31 Абимелех рүү нууцаар элч нар явуулан «Ебедийн хүү Гаал ах дүүстэйгээ Шехемд байна. Тэд хотынхныг чиний эсрэг босгохоор турхирч байна. 32 Чи өнөө шөнө хүмүүстэйгээ хотын гадна ирж тэднийг от. 33 Өглөө нар мандмагц эрт босож хот руу дайр. Гаал хүмүүстэйгээ чам руу дайрахад түүнийг ялахын тулд чадах бүхнээ хий» гэж хэлүүлэв.
34 Тиймээс Абимелех хүмүүстэйгээ шөнөөр явж, дөрвөн бүлэг болж Шехемийн гадна отов. 35 Ебедийн хүү Гаал хотоос гарч, дааман хаалганы өмнө зогсоход Абимелех хүмүүстэйгээ отож байсан газраасаа гарч ирэв. 36 Гаал тэднийг хараад Зебулд «Хар даа! Уулсын оройгоос хүмүүс бууж ирж байна» гэхэд Зебул: «Чи уулсын дээрх сүүдрийг л хүмүүс гэж хараад байна шүү дээ» гэжээ.
37 Гаал дахиад «Хар даа! Тэр өндөрлөг газрын төвөөс хүмүүс бууж ирж байна. Бас өөр нэг бүлэг хүн Меоненимын* том модны хажуугийн замаар ирж байна» гэж хэлэхэд 38 Зебул: «Чи: “Абимелех гэж хэн болоод биднийг захирна вэ?” гээд бардамнаад байсан биш билүү? Чи эднийг басаад байгаагүй билүү? Явж, тулалд» гэлээ.
39 Иймд Гаал Шехемийн удирдагчдын түрүүнд явж Абимелехтэй тулалджээ. 40 Абимелех Гаалын араас хөөхөд тэрбээр зугтав. Хотын дааман хаалга хүртэл олон хүн алуулжээ.
41 Абимелех Арума руугаа буцаж, тэндээ амьдрав. Харин Зебул Гаалыг ах дүүстэй нь Шехемээс хөөжээ. 42 Маргааш нь Шехем хотын хүмүүс хотоосоо гарч явжээ. Абимелех энэ тухай сонссон байлаа. 43 Иймээс тэрбээр хүмүүсээ цуглуулаад гурван бүлэг болгон хувааж хээр отуулав. Тэгээд хотоос гарч явж байгаа хүмүүсийг хараад тэдэн рүү довтолж, бут цохижээ. 44 Хоёр бүлэг нь хотын гадна байгаа хүмүүс рүү довтолж байх хооронд Абимелех өөрөө хүмүүстэйгээ урагш давшсаар хотын дааман хаалганд тулсан юм. 45 Абимелех өдөржингөө тулалдан хотыг эзэлж авчээ. Оршин суугчдыг нь алж, хотыг газартай нь тэгшлээд давс цацав.
46 Энэ тухай Шехемийн цамхгийн бүх удирдагч сонсоод Ел-берит сүмийн хонгил руу* яаран оржээ. 47 Шехемийн цамхгийн бүх удирдагчийг нэг дор цугласныг Абимелех сонсонгуутаа 48 хүмүүстэйгээ Залмон ууланд гарлаа. Абимелех сүх авч, модны мөчир цавчиж аваад мөрөн дээрээ үүрч, хүмүүстээ «Миний хийснийг хурдан дуурайгаад хий!» гэлээ. 49 Бүгд мөчир цавчиж аваад Абимелехийг дагаад явав. Тэд мөчрүүдээ хонгилыг тойруулан тавиад гал асаажээ. Ингээд Шехемийн цамхагт байсан 1 000 орчим эрэгтэй, эмэгтэй хүн бүгд үхсэн юм.
50 Абимелех явж Тебезийг бүслээд, эзлэн авчээ. 51 Хотын эрчүүд, эмэгтэйчүүд, удирдагчид бүгдээрээ хотын төвд байдаг бэхлэлттэй цамхаг руу зугтан орж, хааж түгжээд цамхгийн дээвэр лүү авирч гарав. 52 Абимелех цамхгийг бүсэлж, үүдэнд нь гал тавив. 53 Тэгтэл нэг эмэгтэй Абимелехийн толгой дээр тээрмийн чулуу унагааж толгойг нь хагалав. 54 Абимелех шууд зэвсэг баригчаа дуудаж «Илдээ сугалж намайг ал. Тэгэхгүй бол “Абимелех эмэгтэй хүний гарт үхсэн” гэж хүмүүс ярина» гэж хэлэв. Тиймээс зэвсэг баригч нь илдээрээ нэвт сүлбэхэд тэрбээр үхэв.
55 Израйлчууд Абимелехийг үхсэнийг хараад бүгд гэр гэр лүүгээ буцжээ. 56 Ийнхүү Абимелехийг 70 ах дүүгээ хөнөөж, эцэгтээ хорон муу юм хийснийх нь хариуг Бурхан барьсан юм. 57 Бас Шехемийн эрчүүдэд хорон үйлийнх нь хариуг барив. Иеруббаалын хүү Иотамын харааж хэлсэн үг ийнхүү биелсэн билээ.