Исаиа
13 Амозын хүү Исаиа үзэгдэл үзэн, Вавилоныг шүүх тухай мэдээ авчээ.
2 «Нүцгэн уулан дээр туг өргө.
Гараараа даллан тэднийг дууд.
Тэд язгууртнуудын үүдээр орж ирэг.
3 Би томилсон* хүмүүстээ тушаал буулгасан.
Уурыг минь бардаг хүмүүсийг шийтгэхийн тулд би
Бахархан баярладаг дайчдаа дуудсан.
4 Сонсогтун! Ууланд байгаа хүмүүсийн дуу
Олон түмний их шуугиан шиг сонсогдоно.
Сонсогтун! Хаант улсуудын чимээ шуугиан
Хамтад нь цуглуулсан үндэстнүүдийнх шиг сонсогдоно.
Тэнгэрийн цэргийн жанжин Ехова дайнд мордох цэрэг цуглуулж байна.
5 Ехова дэлхийг бүхэлд нь сүйрүүлэхээр
Алс хол нутгаас,
Тэнгэрийн хязгаараас
Уур хилэнгийн зэвсгүүдээ аваад ирж байна.
6 Еховагийн өдөр ойртож байгаа тул уйлагтун.
Тэр өдөр Төгс хүчит Нэгэн танай нутгийг устгана.
7 Тийм ч учраас айсандаа бүх хүний гар суларч
Зүрх нь үхнэ.
8 Ард түмэн үймэн сандарчээ.
Өвчиндөө шаналан тийчлэх,
Амаржиж буй эмэгтэй шиг болжээ.
Айсан харцаар бие биеэ харах тэдний царайд
Зовлон шаналал тодорчээ.
9 Еховагийн өдөр ирж байна.
Уур хилэн буцалсан аймшигт өдөр болох гэж байна.
Тэгэхэд энэ нутаг сүйрч,
Нүгэлтнүүд нь устгагдана.
10 Тэнгэрийн одод, одны ордууд
Гэрлээ тусгахгүй.
Мандах нар харанхуйлна.
Сар ч гэрэлтэхгүй.
11 Би дэлхийн оршин суугчдыг дуудаж муу үйлийнх нь тооцоог бодно.
Хорон санаатнуудыг дуудаж гэм нүглийнх нь хариуцлагыг хүлээлгэнэ.
Ихэмсэг хүмүүсийн бардам занг эцэс болгоно.
Эзлэн түрэмгийлэгчдийн аархуу занг номхотгоно.
12 Би мөнх бус хүнийг
Шижир алтнаас ч, Офирын алтнаас ч олдошгүй ховор болгоно.
13 Тиймээс би тэнгэрийг доргионо.
Тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн уур хилэнгийн өдөр
Дэлхий байрнаасаа чичрэн хөдөлнө.
14 Анчнаас зугтаж буй зээр шиг, цуглуулах эзэнгүй хонин сүрэг шиг
Хүн бүр ард түмэн рүүгээ буцна.
Хүн бүр нутаг руугаа зугтана.
15 Олдсон нэг нь жадлагдаж,
Баригдсан нэг нь илдээр хөнөөгдөнө.
16 Тэдний нүдэн дээр хүүхдүүдийг нь харгислан хороож,
Гэр орныг нь тонон дээрэмдэж,
Эхнэрүүдийг нь хүчиндэнэ.
17 Мөнгийг үл тоогч,
Алтыг үл таашаагч медечүүдийг
Би тэдний өөдөөс босгож байна.
18 Тэд нум сумаараа залуусыг хиаруулна.
Хэвлийд байгаа үрсийг үл өршөөнө.
Балчир хүүхдүүдийг үл энэрнэ.
Халдейчуудын бахархал болсон үзэсгэлэнт Вавилон
Бурхны гарт устгагдаж Содом, Гоморра шиг болно.
20 Тэнд үеийн үед хэн ч оршин суухгүй,
Үрийн үрд хэн ч аж төрөхгүй.
Арабууд ч майхнаа босгохгүй,
Хоньчид ч сүргээ хотлуулахгүй.
21 Цөлийн амьтад тэнд хэвтэж,
Байшингууд шар шувуугаар дүүрч,
Тэмээн хяруул тэнд үүрлэж,
Янгир ямаа үсэрч харайна.
22 Цамхгууд дотор нь араатнууд ульж,
Тансаг харшид нь чононцор үүрлэнэ.
Түүнийг шийтгэх цаг ойрхон байна. Амьд явах өдрүүд нь тоотой».