Нэгдүгээр хаад
16 Ехова Баашаг шийтгэх тухайгаа Хананигийн хүү Иехүгээр ийн хэлүүлжээ. 2 «Би чамайг тоос шорооноос өндийлгөн өөрийнхөө ард түмэн израйлчуудын удирдагч болгосон байтал чи Иеробоамын замаар замнаж, миний ард түмэн израйлчуудаар нүгэл үйлдүүлсэн. Тэд үйлдсэн нүглээрээ намайг хилэгнүүлсэн. 3 Тиймээс би Баашагийнхныг бүгдийг нь устгана. Тэднийхнийг Небатын хүү Иеробоамынхан шиг болгоно. 4 Баашагийнхнаас хотод үхсэнийг нь ноход идэж, хээр үхсэнийг нь тэнгэрийн шувууд иднэ» гэжээ.
5 Баашагийн бусад түүх, түүний хүч чадал, хийсэн бүхэн нь Израйлын хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү? 6 Бааша эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрссон бөгөөд түүнийг Тирзад оршуулав. Түүний оронд хүү Ела нь хаан болжээ. 7 Бааша Еховагийн бузар гэж үздэг бүхнийг үйлдэн, гарынхаа үйлсээр түүнийг хилэгнүүлж Иеробоамынхныг дуурайсан юм. Мөн тэрбээр Надабыг хөнөөжээ. Тийм учраас Ехова Хананигийн хүү, зөнч Иехүгээр Баашагийнхны эсрэг мэдээ тунхаглуулав.
8 Баашагийн хүү Ела Иудагийн хаан Асагийн 26 дугаар онд Тирзад Израйлын хаан болж хоёр жил захирчээ. 9 Елаг Тирзад, ордныг нь хариуцдаг Арзагийн гэрт ууж согтсон байх үед албат нь болох тэрэгт цэргийн хагасыг нь захирдаг жанжин Зимри түүний эсрэг хуйвалдаан зохиов. 10 Зимри орж ирэн Ела руу дайрч хөнөөжээ. Ийнхүү Иудагийн хаан Асагийн 27 дугаар онд Зимри Елагийн оронд хаан боллоо. 11 Тэрбээр хаан болж, сэнтийд залрангуутаа Баашагийнхныг бүгдийг нь хөнөөв. Хамаатан садан, найз нөхдөөс нь нэг ч эрэгтэйг амь хэлтрүүлээгүй юм. 12 Ийнхүү Зимри Баашагийнхныг бүгдийг нь хөнөөжээ. Энэ нь Баашагийн эсрэг зөнч Иехүгээрээ хэлүүлсэн Еховагийн үгийн дагуу болсон билээ. 13 Энэ нь бас Бааша, түүний хүү Елагийн үйлдсэн бүх нүгэл болон израйлчуудаар үйлдүүлсэн нүглээс нь болсон юм. Тэд ямар ч ашиг тусгүй шүтээнүүдээр Израйлын Бурхан Еховаг гомдоосон. 14 Елагийн бусад түүх, хийж бүтээсэн бүхэн нь Израйлын хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү?
15 Иудагийн хаан Асагийн 27 дугаар онд Зимри Тирзад Израйлын хаан болж долоон хоног захирчээ. Тэр үед Израйлын цэргүүд Филистийн Гиббетон руу дайрахаар хуарагнасан байлаа. 16 Зимриг хуйвалдаан зохиож хааныг хороосныг хуаран дахь цэргүүд сонсжээ. Тиймээс тэд* өөрсдийн цэргийн жанжин Омриг Израйлын хаан хэмээн тэр өдөр хуарандаа өргөмжлөв. 17 Омри цэргүүдтэйгээ Гиббетоноос явж Тирзаг бүсэлжээ. 18 Хот бүслэгдсэнийг Зимри хараад хааны ордны бэхлэлт бүхий цамхаг руу орж, хааны ордныг галдан шатааж, өөрөө дотор нь үхэв. 19 Энэ нь өөрийнх нь үйлдсэн нүглээс болжээ. Тэрбээр Иеробоамын замаар замнаж Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг үйлдсэнээс гадна Израйлаар нүгэл үйлдүүлсэн юм. 20 Зимригийн бусад түүх, зохиосон хуйвалдаан нь Израйлын хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү?
21 Үүний дараа Израйлын ард түмэн хоёр хуваагдаж, нэг хэсэг нь Гинатын хүү Тибниг хаан болгохоор дагаж, нөгөө хэсэг нь Омриг дагажээ. 22 Омриг дагасан хүмүүс Гинатын хүү Тибниг дагасан хүмүүсээс илүү хүчирхэг болов. Тибни амиа алдаж, Омри хаан болжээ.
23 Омри Иудагийн хаан Асагийн 31 дүгээр онд Израйлын хаан болж 12 жил захирав. Түүнийхээ 6 жилд нь Тирзад суусан юм. 24 Тэрбээр Шемерээс Самари уулыг хоёр мөнгөн талантаар* худалдаж аваад дээр нь хот байгуулав. Тэрбээр байгуулсан хотоо тэр уулын өмнөх эзэмшигч Шемерийн нэрээр Самари* гэж нэрлэжээ. 25 Омри Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг үйлдсээр байсан бөгөөд өмнөх бүх хаадаасаа ч илүү бузар муу байв. 26 Тэрбээр Небатын хүү Иеробоамын бүх замаар замнаж, Израйлаар үйлдүүлсэн гэм нүглийг нь дуурайж, ямар ч ашиг тусгүй шүтээнүүдээрээ Израйлын Бурхан Еховаг хилэгнүүлжээ. 27 Омригийн бусад түүх, хийсэн бүхэн, байгуулсан гавьяа нь Израйлын хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү? 28 Омри эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрссон бөгөөд түүнийг Самарид оршуулжээ. Хүү Ахаб нь түүний оронд хаан болов.
29 Омригийн хүү Ахаб Иудагийн хаан Асагийн 38 дугаар онд Израйлын хаан болж Самарид суун Израйлыг 22 жил захирчээ. 30 Омригийн хүү Ахаб Еховагийн бузар гэж үздэг зүйлсийг өмнөх бүх хаадаасаа ч илүүгээр үйлдэв. 31 Түүний хувьд Иеробоамын замаар замнаж нүгэл үйлдэх нь юу ч биш байлаа. Тэрбээр бүр сидончуудын хаан Етбаалын охин Иезебелийг авч суун Баалд үйлчилж, мөргөдөг болов. 32 Тэгээд болоогүй Самарид өөрийнхөө барьсан Баалын дуганд Баалд зориулж тахилын ширээ босгосон юм. 33 Ахаб бас ариун шон* босгожээ. Тэрбээр өмнөх Израйлын хаадаасаа ч илүүгээр Израйлын Бурхан Еховаг хилэгнүүлсэн юм.
34 Ахабын үед Бетелийн хүн Хиел Иерихог сэргээн барив. Тэрбээр суурийг нь тавихдаа ууган хүү Абирамаа алдаж, дааман хаалгуудыг нь суулгахдаа отгон хүү Сегубээ алдав. Энэ нь Нуны хүү Иошуагаар хэлүүлсэн Еховагийн үгийн дагуу болсон билээ.