Нэгдүгээр хаад
18 Өдөр хоног улирсаар, гурав дахь жилд нь Ехова Елиад үгээ айлдан «Явж, Ахабтай уулз. Би газрын гадарга дээр бороо оруулна» гэлээ. 2 Тэр үед Самари аймшигт өлсгөлөнд нэрвэгдсэн байсан бөгөөд Елиа Ахабтай уулзахаар явав.
3 Тэр хооронд Ахаб ордныхоо хариуцагч Обадиаг дуудаж ирүүлжээ. (Обадиа Еховагаас маш их эмээдэг хүн байв. 4 Иезебел Еховагийн зөнчдийг хөнөөж байх үед Обадиа 100 зөнчийг 50, 50-иар нь агуйд нуун тэднийг талх, усаар хангаж байлаа.) 5 Тэгээд Ахаб Обадиад «Энэ нутгийн бүх булаг шанд, тал хөндийг* очиж үз. Өвс ургамал олдож, морьд луус маань амь гарч, бид мал сүргээсээ үхүүлэхгүй ч байх юм билүү?» гэжээ. 6 Ингээд тэд шинжих нутгаа хоёр хуваагаад Ахаб нэг тийшээ, Обадиа нөгөө тийшээ явав.
7 Елиа Обадиатай уулзахаар гарсан байлаа. Обадиа замдаа Елиатай таараад танингуутаа сөгдөн мөргөж «Энэ чинь миний эзэн Елиа юу даа?» гэхэд 8 Елиа: «Тийм ээ, би байна. Явж эзэндээ “Елиа энд байна” гэж хэл» гэв. 9 Тэгэхэд нь Обадиа: «Та зарц намайг ямар нүгэл үйлдсэн гэж Ахабт тушааж алуулах гэж байгаа юм бэ? 10 Таны амьд Бурхан Еховагаар тангараглая. Манай эзэн таныг хайж олох гэж хүн явуулаагүй улс үндэстэн, хаант улс гэж байхгүй. Тэд бүгд л таныг байхгүй гэдэг. Тэгэхэд нь таныг олоогүй гэсэн ам тангаргийг хаан тэр улс үндэстэн, хаант улсаас авдаг. 11 Гэтэл та: “Явж эзэндээ «Елиа энд байна» гэж хэл гэх юм” 12 Намайг танаас салж явахад Ехова агуу хүчээрээ таныг миний мэдэхгүй газар авааччихна. Тэгээд би Ахабт хэлэхэд тэр таныг олохгүй учраас намайг гарцаагүй ална. Таны зарц би багаасаа л Еховагаас эмээж ирсэн шүү дээ. 13 Иезебел Еховагийн зөнчдийг хөнөөж байхад намайг юу хийснийг эзэнтэн минь та сонсоогүй гэж үү? Би Еховагийн зөнчдийг 50, 50-иар нь агуйд нуун талх, усаар хангаж байсан. 14 Тийм байтал та: “Явж эзэндээ «Елиа энд байна» гэж хэл” гэх юм. Ахаб намайг гарцаагүй ална» гэлээ. 15 Гэсэн хэдий ч Елиа: «Би өөрийнхөө үйлчилдэг амьд Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Еховагаар тангараглая. Би заавал өнөөдөр Ахабтай уулзана» гэв.
16 Ингээд Обадиа явж Ахабт Елиагийн тухай хэлэв. Ахаб Елиатай уулзахаар явжээ.
17 Тэрбээр Елиатай уулзмагцаа «Израйлд гай таригч чи ингээд гараад ирэв үү?» гэхэд
18 Елиа: «Израйлд гай таригч нь чи, чиний эцгийн гэрийнхэн болохоос би биш. Та нар л Еховагийн тушаалуудыг умартаж, Баалуудын араас явсан. 19 Одоо Кармел уулан дээр израйлчуудыг бүгдийг нь цуглуул. Бас Иезебелийн хоол хүнсээр хангадаг Баалын 450 зөнчийг болон ариун шонг* шүтдэг 400 зөнчийг цуглуул» гэлээ. 20 Ингээд Ахаб Израйлын ард түмэнд хэл хүргүүлж, Кармел уулан дээр зөнчдийг цуглуулав.
21 Елиа ард түмэн рүү дөхөж очоод «Та нар хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ? Хэрэв Ехова жинхэнэ Бурхан юм бол түүнийг дага. Харин Баал юм бол Баалыг дага» гэхэд ард олон юу ч хариулсангүй. 22 Елиа тэдэнд «Би Еховагийн зөнчдөөс ганцаархнаа үлдсэн. Харин Баалын 450 зөнч байна. 23 Бидэнд хоёр залуу бух өгөгтүн. Тэд нэгийг нь сонгож аваад эвдэж модон дээр тавиг. Гэхдээ тэд гал асаах ёсгүй. Би нөгөө бухыг нь бэлтгээд модон дээр тавина. Би ч гэсэн гал асаахгүй. 24 Дараа нь тэд Бурхныхаа нэрийг дуудах ёстой. Харин би Еховагийн нэрийг дуудна. Галаар хариу өгөх Бурхан нь жинхэнэ Бурхан мөн» гэхэд бүх хүн: «Таны хэлснээр болъё» гэв.
25 Елиа Баалын зөнчдөд «Та нар олуулаа учраас эхлээд залуу бухаа сонгоод бэлтгэ. Тэгээд бурхныхаа нэрийг дууд. Харин гал асаахгүй шүү!» гэлээ. 26 Иймд тэд өөрсдийнхөө сонгож авсан залуу бухыг бэлтгээд «Баал аа, бидэнд хариулаач!» гэж өглөөнөөс үд дунд болтол Баалын нэрийг дуудаад л байв. Гэсэн хэдий ч юу ч дуугарсангүй, хэн ч хариулсангүй. Тэд өөрсдийнхөө босгосон тахилын ширээг тойрон үсэрч цовхчсоор байлаа. 27 Үд дундын үед Елиа тэднээр тохуурхаж «Хамаг чангаараа хашхираач! Тэр чинь бурхан биз дээ? Тэр чинь бясалгал хийж байгаа биз. Эсвэл бие засахаар явчихсан юм уу*? Аль эсвэл унтаж байгаа байлгүй. Сэрээх л хэрэгтэй дээ!» гэжээ. 28 Тэд ч хамаг чангаараа хашхирцгааж заншил ёсоороо хутга, жадаар өөрсдийгөө сийчин цусаа садруулав. 29 Үд дунд өнгөрөөд оройн идээн өргөлийн цаг болтол тэд тийнхүү улангасан байлаа. Гэвч ямар ч чимээ гарсангүй. Хэн ч хариулсангүй. Хэн ч анхаарсангүй.
30 Үүний дараа Елиа ард түмэнд «Над руу ойртож ирэгтүн» гэхэд ард түмэн ойртож очлоо. Елиа нурсан байсан Еховагийн тахилын ширээг сэргээн босгов. 31 Ингэхдээ 12 чулуу авчээ. Ехова өмнө нь «Чамайг Израйл гэх болно» гэж Иаковт айлдаж байсан бөгөөд Иаковын хөвгүүдийн овгийн тоогоор чулуу авсан юм. 32 Тэрбээр Еховагийн нэрийг алдаршуулах зорилгоор тэр чулуунуудаар тахилын ширээ босгосон билээ. Тэгээд тахилын ширээг тойруулан хоёр сеа* хэмжүүр үр суулгахад хангалттай хүрэлцэхүйц том газар шуудуу ухжээ. 33 Дараа нь мод өрөөд залуу бухаа эвдэж дээр нь тавив. Тэрбээр: «Дөрвөн том ваарыг усаар дүүргэж шатаалт тахил ба модон дээр асга» гэлээ. 34 Тэрбээр: «Дахиад дээр нь ус хий» гэсэнд тэд хийжээ. «Гурав дахиа хий» гэсэнд тэд гурав дахиа хийв. 35 Тэгтэл ус тахилын ширээнээс тал тал тийшээгээ асгарав. Тэрбээр шуудууг бас усаар дүүргэжээ.
36 Оройн идээн өргөл өргөх цаг болоход Елиа урагш алхан гарч «Абрахам, Исаак, Израйлын Бурхан Ехова минь ээ, өнөөдөр та Израйл дахь Бурхан мөн гэдгээ, намайг таны үйлчлэгч гэдгийг, бас би энэ бүхнийг таны хэлснээр л хийж байгааг бүх хүнд мэдүүлээч. 37 Ехова минь ээ, надад хариулаач. Ехова, та энэ хүмүүст өөрийгөө жинхэнэ Бурхан гэдгээ мэдүүлж, тэдний зүрх сэтгэлийг эргүүлээд өөр лүүгээ хандуулахын тулд надад хариулаач» гэжээ.
38 Тэгтэл Еховагийн гал бууж ирэн шатаалт тахил, түлээ мод, чулуу болон шороог галдан шатааж, шуудуун дахь усыг ширгээж орхив. 39 Бүх хүн үүнийг хармагцаа сөгдөн мөргөж «Ехова л жинхэнэ Бурхан! Ехова л жинхэнэ Бурхан юм байна!» гэлцэв. 40 Елиа тэдэнд «Баалын зөнчдийг барь! Нэгийг нь ч зугтаалгаж болохгүй шүү!» гэхэд тэд тэр даруй барьж авав. Тэгээд Елиа Баалын зөнчдийг Кишон гол* руу аваачаад хөнөөжээ.
41 Елиа Ахабт «Аадрын нүргэлсэн дуу чимээ ойртон ирж буй тул явж, идэж уугтун» гэв. 42 Иймээс Ахаб идэж уухаар явав. Харин Елиа Кармел уулын орой дээр гарч, сөхөрч суугаад толгойгоо өвдөг рүүгээ гудайлгав. 43 Тэрбээр зарцдаа «Явж, тэнгисийн зүг хараадах» гэхэд зарц нь очиж хараад «Юу ч алга» гэжээ. Елиа зарцаа долоон удаа явуулав. 44 Зарц нь долоо дахь удаагаа явж ирээд «Хараач! Хүний гарын чинээ жижигхэн үүл тэнгисийн тэндээс гарч ирж байна» гэхэд Елиа: «Явж Ахабт “Аадар бороонд саатахгүйн тулд тэргээ хөллөөд явагтун!” гэж хэл» гэв. 45 Тэр хооронд тэнгэрт бараан үүл хуралдаж, салхи ширүүсэн, аадар бороо орж эхлэв. Ахаб тэрэгтэйгээ Иезреел рүү явж байлаа. 46 Харин Ехова Елиад хүч өгсөн тул Елиа хормойгоо шуун, Ахабын өмнө түрүүлэн гүйсээр Иезреел оров.