Ёоханд илчилсэн нь
13 Луу тэнгисийн эргийн элсэн дээр зогсож байлаа.
Тэнгисээс арван эвэртэй, долоон толгойтой араатан гарч ирэхийг би харав. Эвэр бүр нь титэмтэй, толгой бүрдээ Бурхныг доромжилсон нэртэй байлаа. 2 Миний харсан энэ араатан ирвэстэй адил бөгөөд хөл нь баавгайнх шиг, ам нь арслангийнх шиг байв. Луу түүнд өөрийнх нь хүч, сэнтий, асар их эрх мэдлийг өгөв.
3 Араатны нэг толгой нь үхлийн шарх олсон боловч тэр нь эдгэсэн байхыг би харлаа. Дэлхий даяараа араатныг бишрэн, араас нь дагалаа. 4 Луу араатанд эрх мэдэл өгсөн учир тэд лууг шүтэв. Мөн тэд: «Хэн араатантай адил бэ? Хэн араатантай тулалдаж чадах вэ?» гэцгээн араатныг шүтэв. 5 Онгирч сагсуурах, доромжлолыг урсгах ам болон 42 сарын турш хүссэнээ хийх эрхийг араатанд өгчээ. 6 Тэр амаа нээж Бурхныг, түүний нэр, орших газрыг, тэнгэрт нутаглагсдыг ч доромжлов. 7 Араатан ариун хүмүүстэй дайтаж тэднийг ялах эрхтэй болсон бөгөөд бүх овог, бүх ард түмэн, бүх хэлтэн, бүх үндэстнийг захирах эрх мэдлийг авчээ. 8 Нядлуулсан Хурганы амийн номонд нэр нь бичигдээгүй дэлхийн бүх хүн түүнийг шүтэх ажээ. Тэр ном нь ертөнцийн суурь тавигдсан үеэс бэлтгэгдэж байсан.
9 Чихтэй нэг нь сонсог. 10 Олзлогдох ёстой нь олзлогдоно. Илдээр хороовол* илдээр хороогдоно. Иймээс ариун хүмүүс тэвчээртэй, бат итгэлтэй байх ёстой.
11 Дараа нь хурганых шиг хоёр эвэртэй өөр нэг араатан газар доороос гарч ирэхийг би харав. Гэхдээ луу шиг ярьж эхэллээ. 12 Энэ араатан эхний араатны хараа хяналтан дор бүх эрх мэдлийг нь эдэлдэг бөгөөд үхлийн шарх нь эдгэсэн эхний араатныг дэлхий болон дэлхийн суугчдаар шүтүүлэв. 13 Бас агуу гайхамшгууд үйлддэг төдийгүй хүмүүсийн өмнө тэнгэрээс газар луу гал буулгадаг.
14 Хоёр дахь араатан эхний араатны хараа хяналтан дор үйлдсэн гайхамшгуудаараа дэлхийн суугчдыг төөрөлдүүлдэг бөгөөд илдний шархтай ч эдгэсэн араатанд зориулж хөрөг бүтээ гэдэг ажээ. 15 Энэ хөрөгт амь* оруулах эрхийг хоёр дахь араатанд өгсөн нь хөргийг ярьдаг болгож, хөрөг шүтэхээс татгалзсан бүх хүнийг хөнөөлгөх зорилготой юм.
16 Тэрээр баруун гар юм уу духан дээрээ тэмдэг тавиул гэж эрх дархтай, эгэл жирийн, баян ядуу, чөлөөт хийгээд боол гээд бүх хүнийг албадав. 17 Тэмдэг буюу араатны нэр эсвэл нэрнийх нь тоог тавиулаагүй ямар ч хүн худалдаж, худалдан авч чадахгүй болох ажээ. 18 Хэрсүү ухаантай нь араатны тоог бодож олог. Энэ нь хүний тоо, энэ тоо нь 666 юм. Мэргэн ухаантай нь л үүнийг ойлгоно.