Левит
17 Ехова цааш нь Мосед 2 «Ааронд, хөвгүүдэд нь, мөн израйлчуудад ингэж хэл. “Ехова ийн тушааж байна.
3 «Израйл хүн хуарангийн дотор юм уу гадна эр үхэр, залуу эр хонь эсвэл ямаа нядалж, 4 түүнийгээ Еховад өргөхөөр Еховагийн асрын үүдэнд аваачаагүй бол тэр хүн цус урсгасан буруутай болно. Цус урсгасан тэр хүнийг хөнөөх ёстой. 5 Тиймээс израйлчууд малаа хээр нядлалгүй, Еховагийн өмнө цугларалтын асрын үүдэнд тахилч дээр аваачих ёстой. Ийнхүү тэд малаа Еховад эвийн тахил болгон өргөх юм. 6 Тахилч цусыг нь цугларалтын асрын үүдэн дэх Еховагийн тахилын ширээ рүү цацаж, өөхийг нь Еховад тааламжит үнэрт өргөл болгон шатаан уугиулна. 7 Ингэвэл тэд өөрсдийнхөө шүтэж завхайрдаг ямаан чөтгөрүүдэд* тахил өргөхөө болих юм. Энэ бол та нарын үе удмаараа сахих ёстой зарлиг билээ»”.
8 Бас ингэж хэл. “Израйлчууд та нар болон дунд чинь суугаа харийн хүн шатаалт тахил юм уу өөр тахилыг хаана ч хамаагүй өргөж болохгүй. 9 Харин Еховад өргөхөөр цугларалтын асрын үүдэнд аваачих ёстой. Тэгээгүй хүнийг хөнөөгтүн.
10 Израйлчууд та нар болон дунд чинь суугаа харийн хүн ямар ч цус идэж болохгүй. Цус идсэн хүнийг би авч хэлэлцэхгүй, заавал хөнөөнө. 11 Учир нь хүн, амьтны амь цусанд нь байдаг. Би та нарт цусыг өгсөн нь тахилын ширээн дээр өргүүлж нүглийг чинь уучлахын тулд юм. Цусанд амь байдаг учраас түүгээр та нарын нүгэл уучлагдана. 12 Тийм учраас би израйлчуудад «Та нар цус идэж болохгүй. Дунд чинь суугаа харийн хүмүүс ч цус идэж болохгүй» гэж хэлсэн юм.
13 Израйл хүн юм уу дунд чинь суугаа харийн хүн аливаа идэж болох зэрлэг амьтан, шувууг агнах эсвэл баривал цусыг нь газар асгаж шороогоор булах ёстой. 14 Учир нь хүн, амьтны амь нь цус юм. Иймээс би израйлчуудад «Хүн, амьтны амь нь цус учраас цус идэж болохгүй. Идсэн хүнийг хөнөөх ёстой» гэж айлдсан. 15 Үхсэн амьтан эсвэл зэрлэг амьтанд бариулсан амьтны махыг идсэн хүн израйл ч бай, харийн хүн ч бай хувцсаа угааж, усанд орох ёстой. Тэрбээр орой болтол бузар байна. Тэгээд цэвэр болно. 16 Харин хувцсаа угаахгүй, усанд орохгүй бол гэм буруугийнхаа хариуцлагыг хүлээнэ”» гэлээ.