Эхлэл
9 Бурхан Ноа болон хөвгүүдийг нь ерөөн «Өсөн нэмэгдэж өнөр өтгөн болж газар дэлхийг дүүргэгтүн. 2 Газар дээрх бүх амьтан, тэнгэрийн бүх шувуу, газар дээр хөдөлдөг бүхэн, далайн бүх загас хойшдоо ч та нараас айна. Та нар амьтдыг захирна. 3 Амьд бөгөөд хөдөлдөг бүх амьтнаас та нар идэж болно. Би та нарт ургамал ногоог өгсөн шигээ бүх амьтныг өгч байна. 4 Гагцхүү махыг цустай нь идэж болохгүй. Яагаад гэвэл цус бол амь юм. 5 Түүнчлэн, хүн юм уу амьтан хүний амийг хөнөөвөл* би хариуцлага тооцно. Хүний амь хөнөөсөн амьтныг алах ёстой. Хүний амийг хөнөөсөн хүн амиараа төлөх ёстой. 6 Хэн хүний цусыг урсгана*, түүний цусыг өөр хүн урсгана. Яагаад гэвэл Бурхан хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн юм. 7 Та нар өсөн нэмэгдэж өнөр өтгөн болж газар дэлхийг дүүргэгтүн» хэмээн айлдав.
8 Тэгээд Бурхан Ноа болон хөвгүүдэд нь 9 «Би та нартай, та нарын үр удамтай, 10 бас та нартай цуг авдраас гарсан бүх амьтан буюу шувуу, мал адгуус, зэрлэг амьтан гээд газар дэлхий дээрх бүх амьтантай гэрээ байгуулж байна. 11 Би та нартай гэрээ байгуулж байна. Хүн, амьтныг нийтээр нь устгах үерийг би дахин хэзээ ч буулгахгүй. Газар дэлхийг сүйрүүлэх үер дахин хэзээ ч болохгүй» хэмээжээ.
12 Бурхан цааш нь «Миний та нартай болон та нартай цуг авдраас гарсан бүх амьтантай байгуулж байгаа, ирэх бүх үеийнхэнд хамаатай гэрээний тэмдэг нь энэ байна. 13 Би үүлэн дунд солонго татууллаа. Солонго бол газар дээрх бүхэнтэй байгуулсан миний гэрээний тэмдэг юм. 14 Намайг газар дэлхий дээгүүр үүл хуралдуулах тоолонд үүлэн дунд солонго татна. 15 Тэгээд би та нартай болон бүх төрлийн амьтантай байгуулсан гэрээгээ санана. Хүн, амьтныг устгах үер дахин хэзээ ч буухгүй. 16 Үүлэн дунд солонго татахыг би хараад дэлхий дээрх бүх хүн, амьтантай байгуулсан мөнхийн гэрээгээ санах юм» хэмээв.
17 Бурхан Ноад «Энэ бол газар дээрх бүх хүн, амьтантай байгуулсан миний гэрээний тэмдэг юм» гэж давтан хэлжээ.
18 Хөвөгч авдраас гарсан, Ноагийн хөвгүүд нь Шем, Хам, Иафет нар билээ. Хам нь хожим Канааны эцэг болсон юм. 19 Ноагийн энэ гурван хүүгээс хүн төрөлхтөн бий болж дэлхийгээр тархжээ.
20 Ноа газар тариалан эрхлэх болж усан үзэм тарив. 21 Тэрбээр дарс ууж согтоод майхандаа нүцгэн хэвтэж байлаа. 22 Канааны эцэг Хам эцгийнхээ нүцгэн байгааг хараад гадагш гарч Шем Иафет хоёрт хэлэв. 23 Тэр хоёр хувцас авч мөрөн дээгүүрээ нөмрөөд майханд ухарч оров. Буруу харсан чигээрээ эцгээ хучиж, нүцгэн байгааг нь хараагүй ажээ.
24 Ноагийн согтуу нь гарч сэрээд отгон хүүгийнхээ яасныг мэдээд
25 «Канаан хараагдаг
Ах нарынхаа хамгийн дорд боол болог» хэмээгээд
26 «Шемийн Бурхан Ехова магтагдах болтугай
Канаан Шемийн боол болог
27 Бурхан Иафетад өргөн уудам газар нутаг хайрлаг
Иафет Шемийн майханд сууг
Канаан Иафетын ч боол болог» гэж хэлжээ.
28 Ноа Үерээс хойш 350 жил амьдарчээ. 29 Ноа 950 насалсан юм.